Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч Оросын Холбооны Улсын нутагт орших Торь нуурт цутгана. Улз голын нийт урт 428 километр (үүнээс манай нутагт 420 км) бөгөөд дундаж унал бүх уртад 500 метр буюу 1 км тутамд 1,2 метр болно. Энэ шинж байдлаараа талын голд хамаарах боломжтой юм. Ус хураах сав газрын талбай 27500 хавтгай дөрвөлжин километр, ус зүйн сүлжээний дундаж нягтшил 0,015 км/км2 болно.
Усны хагалбар уулсын хамгийн өндөр цэг 1600 метрийн үнэмлэхүй өндөрт байх боловч харьцах өндөр нь туйлын бага, олон жилийн туршид элэгдлийн талбар болж элэгдсэн учраас мөлгөр гадаргатай болжээ.Голын хөндий эхнээсээ эцсээ хүртэл өргөн уудам юм. Түүний ёроол ой модгүй, хажуу нь налуу байхаас гадна татам дэнж тод биш ч гэсэн мэдэгдэнэ.
Голын татам хөндийн өргөний байдлаас шалтгаалах боловч голцуу 1,5-2,0 километр зурвас газрыг хамрахын хамт олон үлдэц нуур, хужир марцаар дүүрчээ. Сүүлийн жилүүдэд Баян-уул, Дашбалбар сумдын хооронд бургасан төглүүд ургаж ойжиж байгаа. Дорнот хэсгийг усжуулах энэхүү гол хуурай хээр тал нутгийн уудам хөндий дундуур урсах учир голын гулдирал эхэндээ нилээд тойрон тахирлаж (тахирлалын коэффициент-0,78) булан тохой үүсгэнэ. Гулдиралын өргөн усны гурим байд-лаас онцгой шалтгаалах тул тогтвортой биш юм.Бидний хэмжилтээр Баян-уул сумын дэргэд голын өргөн 16 метр, хамгийн их гүн 1,9 метр, урсгалын дундаж хурд 1,4 м/сек, усны зарцуулга нэг удаагийн хэмжилтээр 24,7 м3сек байсан бол Эрээн-цавын төвд гульдиралын өргөн 32 метр, усны хамгийн гүн1,5 метр, урсгалын дундаж хурд 1,3 м/сек, усны секундийн зарцуулга 34,9 шоо метр болж байв. Усны зарцуулга Баян-уул сумын дэргэд байснаас нэмүү байгаа нь Түргэн, Дөч зэрэг цутгал го-луудын усны нөлөө юм. Гэвч Улз гол энэ хооронд Тээлийн голоор дамжин Хөх нуур руу салаалж урсах (Тээлийн голын усны зарцуулга мөн хугацаанд 6,0 м3сек байсан) мөн ууршуулах, хөрсөнд шингээх зэргээр ихээхэн алддагийг харгалзвал зохино.Улз гол зуны хур борооны үед сүрхий үерлэдэг бол сүүлийн жилүүдэд намартаа үерлэдэг болжээ.
Үүнээс үзэхэд голын үндсэн тэжээл нь хурын ус юм. Харин 5,6-р сард голын ус эрс татарч хамгийн нам түвшинд буухад усны зарцуулга ойролцоогоор 2-3 м31сек орчим буюу түүнээс ч бага болно.Улз гол аль ч хэсэгтээ ялгаагүй 10-р сарын эцсээр хөлдөөд 4-р сард цэлмэнэ. Намрын зайр, хаврын цөн эрчимтэй биш, үргэлжлэх хугацаа богино, зарим жилд шар ус гүйж голлосоор цөн түрэхгүй цэлмэх явдал тохиолдоно. Хээр талын сэвсгэр зөөлөн хурдас дундуур урсдаг Дорнот хэсгийн гол мөрний нэгэн адил хатуу урсац ихтэй бөгөөд тэр нь голдуу жижиг шороон хэсэг, ургамлын гаралтай байна. Хатуу урсцын хэмжээ зуны хурын үер буухад үлэмж ихсэнэ. Усны улингар Баян-уул сумын дэргэд барагцаалахад 120 мг/л, Эрээнцавд 250 мгл байдаг. Усны балансын урьдчилсан тооцооноос үзэхэд Улзын савд жилд 300 мм орчим буюу 7,1 шоо километр хур бороо унах боловч түүний 97% ууршиж, 3 % буюу 0,25 км3 ус голын урсцыг бүрэлдүүлэхэд оролцох тул усны нөөц бага ажээ.
Улз голын усыг хүн, мал, үйлдвэр аж ахуйн аль ч хэрэгцээнд ашиглаж болохуйц юм.Усны химийн бүтцийг үзэхэд голын уртад усны найрлага нилээд ялгаатай бөгөөд уруудах тутамд усны ерөнхий эрдэсжилт нэмэгдэж байна. Зонхилох ионы бүтцээр Улз голын усыг гидрокарбонатын төрөлд оруулж болох юм. Энэ голд Онон мөрний адил Тул, Цурхай, Зэвэг, Хайруус, Алгана, Цулбуурт, Булуу цагаан, Гутаарь, Мөрөг жараахай зэрэг олон төрөл зүйлийн загаснууд бий.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих