УИХ-ын гишүүн асан, Хамуг Монгол Хөдөлмөрийн намын цэцийн дарга Ц.Шинэбаяртай Сонгуулийн хуулийн шинэчлэл сэдвээр ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн шинэчлэлд танай намаас ямар саналыг өгч байгаа вэ. Юуг голчлон өөрчилж, тусгах шаардлагатай вэ?
-Сонгуулийн хууль маш чухал. Өнгөрсөн сонгуулийн хуулийг сонгууль
болохоос зургаан сарын өмнө батлахдаа хуйвалдааны шинжтэй, тэгш бус
гарааны зарчимтай, том намууд өөрсөддөө зориулсан.
Сонгуулийн хар машиныг гаднаас авчирч, хэнийг сонгох тухай асуудлыг
шийдсэний дараа програмд оруулж, сонгууль явуулсан юм шиг дүр эсгэсэн.
Ийм хууль бус сонгууль болсон учраас УИХ бол хууль бус төр. Хууль бус
шийдвэр гаргаж, улс орныг хямралд оруулж байна.
Тийм ч учраас одоогийн эрх баригч нар ажлаа хийж чадахгүй, бүх намаа оролцуулсан шийдлийн засгийн газрыг сая байгууллаа.
Тиймээс өмнөх сонгуулийн алдааг давтахгүйн тулд бүх намуудын дунд хэлэлцүүлгийг явуулах ёстой.
-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн зүгээс хэвлэл мэдээлэлд өгсөн
мэдээллийг үзэхэд хоёр жилийн хугацаанд олон нийт, эрдэмтэн судлаач,
намуудын саналыг авч хэлэлцүүлсэн гэсэн шүү дээ?
Хэлэлцүүлгийг хуурамчаар хийж болохгүй. Телевизээр харуулаад худлаа дүр
эсгэдэг. Дараа нь санал авсан гэж зальдах гэж байгаа. Ард түмний
саналыг хар машинаар тоолж баталгаажуулах нь улс орны мөхлийг
баталгаажуулсантай агаар нэг. Өнөөдөр ардчилал гэж огт байхгүй
болчихлоо.
2012 оны сонгуулийг дахиад давтвал хөлсний этгээд, тоглоомон
хүүхэлдэйнүүд төрд ихээр шургалж улс орон сүйрнэ. Хар машиныг хог дээр
хая.
Гараар тоолох ёстой. Энэтхэг өндөр хөгжсөн улс хэрнээ сонгуулийн
саналаа гараар тоолдог. Энэтхэгт сонгуулийн хорооны ажилд 1 сая хүн
ажилладаг.
Тэр хүмүүс тоолоод болоод л байхад манайх шиг цөөхөн хүн амтай улс яагаад гараар тоолж болдоггүй гэдгийг бодох л асуудал.
Хуулийн шинэчлэлд бас нэг анхаарах зүйл бол СЕХ-ны даргыг төр засгаас
сонгож болохгүй. Ард түмэн, иргэний нийгэм, намуудаас төлөөлөл оруулах
ёстой.
-Хуулийн шинэчлэлтэй холбоотой яригдаж байгаа гол асуудал нь
улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилт байгаа. Орлого,
зардал, хандивыг хэрхэн зохицуулах ёстой юм бол оо?
Бүгдээрээ ард иргэдийг төөрөгдүүлэх гэсэн, жижиг намуудыг сонгуульд
оролцуулахгүй байх зорилгоор хийж байгаа өгөөш нь улсын төсвөөс намуудыг
санхүүжүүлэх асуудал.
Жижиг намуудыг төрөөс мөнгө өгнө гэж хууран мэхэлж байгаад сонгуулийн
хуулийг өөрсдийн санаагаар батлуулах гэсэн башир арга. Тэртэй тэргүй
луйвраа хийж байгаа. Тиймээс сонгуулийн хуулийн шинэчлэлд бүх намууд нэг
ойлголттой больё.
Луйвраа хийе гэсэн бодолтойгоор, нийгмийг төөрөгдүүлж, жижиг намуудыг
урхидаж, цонхны цаанаас чихэр долоолгоно гэгчээр намуудад мөнгө өгч
болохгүй. Хуулийн дараа журам гаргаад улс төрийн намуудыг боомилох нь
тодорхой.
Парламентад суудалтай на-муудад мөнгө өгч байсан. Нэг хоёртой суудалтай
намууд авч чаддаггүй, гуйлгаж, гувшуулсаар хоёр жилийн дараа өгч байсан
түүхтэй. Бүх луйврын аргыг нь мэдэх учир үүнийгээ боль гэж хэлмээр
байна.
-Санхүүжилтыг төрөөс өгөх нь сонгуульд мөнгөний нөлөөг
бууруулж, бизнесийн бүлэглэлийн гарт оруулахаас сэргийлж байгаа явдал
гэж байсан шүү дээ?
-Герман улсын жишээг үүн дээр ашигладаг. Герман бол ёс зүйтэй орон. Харин манайх хөлсний улс төрчидтэй учраас болохгүй.
Манайд Оюутолгой болон бусад гадны компанийн төлөөлөгчид л их хуралд сууж байгаа. Ард түмний төлөөлөл байхгүй.
-Сонгуулийн үеийн хандивын асуудлыг нээлттэй ил тод болгох ёстой гэдэгтэй санал нийлэх үү?
-Намуудад хандив өгдгийг болих хэрэгтэй. Улс төрийн намын тухай хууль
өмнө нь ч хэрэгжээгүй. Манай улсын дээд шүүх ажлаа хийхгүй байна.
Хандивын хэмжээ хязгаарыг заагаад өгчихсөн байтал нэг компани 1 тэрбум
төгрөгийг намд өгчихөөд байхад дээд шүүх юу ч хийгээгүй. Энэ бол ерөөсөө
улс төрийн авлигын тод жишээ.
Тиймээс дараагийн сонгуульд хөлсний хүмүүсийг татан буулгах цаг иржээ.
Ардчиллын зарчмаар ард түмнээ бодоод сонгууль явуулах хэрэгтэй болжээ.
Зуун жилийн дөрөвний нэгийг бид ямар ч үр дүнгүй өнгөрүүллээ.
-Бизнесийн бүлэглэлийг улс төрөөс хэрхэн гаргах вэ?
-Ганцхан удаа шударга сонгууль явуулаач гэж ард түмэн хүсч байна. Ямар
их шунал вэ, ямар их барьцаа вэ. Улс төрийн авилгал үндэсний аюулгүй
байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Гол учир нь сонгуулийн санхүүжилт.
Сонгуулийн сурталчилгаанд мөнгөний хязгаар тогтоох хэрэгтэй. Хязгааргүй
учраас тойрог худалдаж авсан олигархиуд, бүс нутагт орон нутагт огт
танихгүй хүнийг зохиомол сурталчилгаа явуулж, санал худалдаж авч байгаад
гаргадаг шүү дээ. Авилгал хээл хахуулыг гааруулж хавтгайруулж байна.
Тиймээс төрөөс сурталчилгааг нэгдсэн байдлаар хийж өгч болно.
-Та сонгуульд нэр дэвшиж гарч байсан хүн сонгуулийн кампанит ажлын зардал хэр хэмжээтэй болж байсан бэ?
-Их мөнгө ордоггүй. 40-50 сая төгрөг л болдог юм. Боловсролтой
мэдлэгтэй хүн ердийн сурталчилгаа хийгээд явахад асуудалгүй. Гэтэл
яагаад 2-3 тэрбумыг зарцуулчихлаа гээд хүмүүс толгойгоо барьдаг нь хэний
ч мэдэхгүй хүнийг бурхан болгох гэж рекламдаж хамаг мөнгөө үрснийг
харуулж байгаа юм.
Мөн эсрэг нэр дэвшигчээ гутаахдаа мөнгө зарцуулсан гэсэн үг. Түүнчлэн
урьд нь гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хүчээр сайн хүн болгохын тулд
их мөнгө зарцуулдаг.
-Сонгуулийн маргаан шийдвэрлэлт дээр ямар саналтай байдаг вэ.
Хэдэн жил дамнаж маргах явдал байдаг шүү дээ. Танд энэ талаарх бодит
баримт байна уу?
-Зориудаар хуулинд цоорхой гаргаж, хяналт харуицлагыг сул байлгадаг.
Хуучин иргэний үнэмлэх хувилаад зохиомол хүн гаргаад санал өгүүлдэг
байсан нь баримттай зүйл. Одоо сонгуулийн дараа маргааныг зохиомлоор
үүсгэж, сонгогчдоор гомдол гар-гуулах явдал их байдаг. Тойргийн хороо
тэр гомдлыг нь авч хэлэлцээд байдаг.
2012 оны сонгуулиар Хамуг монгол хөдөлмөрийн намын сонгуулийн саналын
дүнг Сонгуулийн Ерөнхий хороо өглөө урьдчилсан байдлаар танилцуулахдаа
66,000 хүний санал авсан гэж байсан. Гэтэл дараа нь хэвлэлийн бага хурал
хийхдээ 16,000 болгож бууруулаад 50 мянгыг Иргэний зориг намд өгсөн.
Тэгээд шууд ямар ч маргаан үүсгэх боломжгүйгээр СЕХ-ны байрыг цагдаа
нараар бүслүүлж байгаад бидний саналыг луйвардсан.
-Энэ талаарх гомдлоо гаргасан уу, хэрхэн шийдүүлсэн бэ?
-Зориудаар гомдлыг хөөцөлдүүлэх гээд бид нарыг одоо өдөөд байгаа.
Биднийг өнөөдрийн улс төрийн үйл ажиллагаанаас хөн-дийрүүлээд өмнөх
өнгөрсөн сонгуулийн маргааныг сөхөж, хүчийг тарамдуулах гээд байна.
-Орон нутгийн сонгуулийн хуулийн шинэчлэлд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Орон нутгийн сонгуулийг Улсын их хурлын сонгуультай хамт явуулах нь
Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Орон нутгийн сонгууль бол орон нутгийн
өөрөө удирдах байгууллага тусдаа шийд гаргадаг. Ард иргэдээс сонгогдох
ёстой. УИХ-аас орон нутгийн бүх зүйлд оролцдог буруу жишиг тогтчихсон.
Ерөнхий сайд өөрөө удирдах ёсны байгууллагын даргыг манай хамаатан биш
гээд өөрчилж байсан шүү дээ. Хамаатнаас сонгодог жишигтэй. Засгийн
газарт таалагдахгүй байна гээд Говь-Алтай аймгийн иргэдийн сонгуулийг
сонгуулийн маргаан гаргуулаад хүчингүй болгоод өөрийнхөө хүнийг эргүүлэн
томилж байсан. Иргэдийн сонголт хаана байна вэ.
-Танай нам сонгуулийн хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт саналаа өгсөн үү?
-Өгсөн ч өөрчлөгдөнө гэдэгт найдахгүй. Бүх саналыг авлаа гээд гурван
удаа уулзсан. Энэ залиа дахиж битгий хэрэглээрэй. Ардчиллыг эх
баригчдаас хамгаалах шаардлага цаг үе ирчихлээ.
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих