Монголд хамгийн хүчтэй дэлгэрсэн хэрнээ хяналтаас гадуур байдаг бизнес бол эмийн буюу эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес. Тиймдээ ч энэ салбарт ажиллагсад зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эмээр дамжин баяжих нь элбэг. Салбар яамных нь хувьд ч бусдаас бийлэгжүү төсөвтэй байдаг учраас эрүүл мэндийн салбараас тендер нэрийн дор төрсөн баячууд цөөнгүй. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас саатуулан шалгаж байгаа аж.
Мэдээжийн хэрэг хэл ам дагуулсан энэ салбарынхан нэгэн хэлтсийн даргаа холбогдох хэргийн дагуу саатуулан шалгаж байгааг ихэд нууцалж байгаа гэнэ. Уг нь эрүүл мэндийн салбарт энэ мэт буруу гарын бизнесийн хэлхээ тогтоогүй л бол нууцлах хэрэггүй л дээ. Хэргийг тодруулбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тоног төхөөрөмж оруулж ирэх тендер зарлагдсан байна. Тус тендерийн мөнгөн дүн нь 600 сая төгрөг бөгөөд тус тендерт оролцохдоо Ч.Мөнхдэлгэр нь "Лабтек” компанитай хамтарсан консерциум байгуулан оролцсон аж. Ч.Мөнхдэлгэрийн хувьд тендерийн үнэлгээний багт ажиллаж, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд тоног төхөөрөмж нийлүүлэхдээ тоног нь дутуу буюу хуучин зүйлс нийлүүлжээ. Тиймээс салбарын удирдлагууд нь хүлээж аваагүй учраас тэд хуурамч баримт үйлдсэнээр санаагаа гүйцэлдүүлсэн байна.
Тодотговол, тэд үнэлгээнд оролцсон компанитай хуйвалдан хуурамч акт үйлдэж өгснийг ЭМЯ-ныхан ч мэдсэнгүй. Үүний гол тоглогчоор Ч.Мөнхдэлгэр ажилласан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Бүхэл бүтэн улсын ЭМЯ-ны удирдлагууд хэсэг луйварчид хуурамч гарын үсэг зураад орж ирэхэд мэдэхгүй байна гэдэг ч цаанаа томоохон учир шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Магадгүй, хуурамч баримтад нөлөөлөх бизнесийн хүчин зүйлс байсан ч байж болох. Монголын эмийн бизнесийг атгадаг гэх Ч.Мөнхдэлгэрийн буруутай үйлдэл зөвхөн үүгээр ч дуусахгүй бололтой. Дурдвал тэрээр мөн л урьд өмнө хууль бус үйлдэл хийж хоригдож явсан ЭМЯ-ны Төрийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлтэй бизнесийн хамтрагч. Тэр ч утгаараа дээр өгүүлсэн 600 сая төгрөгийн тендерт Н.Түмэндэмбэрэлийн гэх "Лабтек” компанийг татан оролцуулсан нь ч баримтаар илрээд буй. Мөн тэрээр 2012, 2013 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг нь зөрүүтэй гарсан. Учир нь хэд хэдэн орон сууцыг нуун даргадуулж байсан нь хүртэл илэрчээ. Ч.Мөнхдэлгэр өдгөө Монголын баячуудын тухалдаг "Japan таун”-д амьдардаг аж. Бас нэгэн мэдээлэл сөхвөл Ч.Мөнхдэлгэр нь С.Ламбаагийн үед хилээр орж ирж байгаа эмийн бүртгэлийг зохих журмын дагуу хийгээгүй.
Тодотговол хилээр орж ирсэн хойно нь бүртгэж, луйвар хийсэн нь илэрч байсан. Тиймээс үүнийхээ төлөө хариуцлага хүлээхдээ тулж, тухайн үеийн удирдлагууд нь өршөөл үзүүлсэн нь түүний толгойг илсэн хэрэг болжээ. Магадгүй энэ үед нь С.Ламбаа сайд Ч.Мөнхдэлгэт хариуцлага тооцож ажлаас нь халсан бол өдийд энэ мэт олон хэрэг мандахгүй л байсан болов уу. Нөгөө талаар өнөөдөр эм, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр дамжсан бизнес хүчээ авсан. Үе үеийн удирдлагууд үүнийг зогсоож дийлээгүй. Ерөөсөө эрүүл мэндийн салбар бол бизнес хийх нэгэн таатай орчин болсон гэхэд болно. Тэгэхээр Эрүүл мэндийн яам энэ тал дээр мэдэгдэл хийж, салбараа цэвэрлэх ажиллагааг эхлүүлэх цаг нэгэнт болсон. Түүнээс биш гэм буруутай нь тогтоогдоод шалгагдаж байгаа нэг хурган даргаа нууцлаад байж болохгүй. Энэ мэт зүйлийг нууцалж байна гэдэг эрүүл мэндийн салбарт бугшсан бизнесийн томоохон бүлэглэл байгааг л хэлсэн хэрэг болов уу. Тодотговол бүх шатанд бизнесийн бүлэглэлийн хэлхээ байна гэж харж болохоор.
DeeD.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих