Монголчууд бид амны билгээс ашдын билиг гэж ярьдаг, сайн сайхан зүйлийг ярьвал цаашдын ажил үйл нь бүтэмжтэй, сайн сайхан байх нягууртай, харин муу амлаж, бүтэлгүй зүйл ярьвал түүнтэй адилхан зүйл тохиохын шинж болой.
Улиран өнгөрч буй 2014 он эрүүл мэндийн салбарт сайн муу, магтаал зэмлэлийн аль альныг нь хүртсэн он байлаа. Ингээд сайн мэдээгээр эрүүл мэндийн салбарын онцлох үйл явдлаа эхлэе.
- Дэлхийн Шинжлэх Ухааны Акадми /The World academy of sciences/-аас Монгол Улсын эрдэмтэн Академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунт "2014 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодорлоо. Тэрээр хавдрыг үүсгэх шалтгаан мөн чанараас нь эхлэн оношлогоо эмчилгээний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг европын холбооны улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн бөгөөд эдгээр нь хавдар судлалын оношлогоо эмчилгээнд чухал үр дүн өгсөн байна.
- Дэлхийн есөн оронд тархаж, 20 мянга орчим хүнд халдварлаж, 6500 хүний амийг авч одсон "эбола” вирусын оношлууртай болов. Манай улсад ийм халдвар гараагүй бөгөөд Герман улсад үйлдвэрлэсэн 1500 еврогийн үнэ бүхий эбола-гийн оношлууртай Азийн анхны улс болов.
- УКТЭ-ийн дэргэдэх элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийлээ. Энэ хугацаанд БНСУ-ын "Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтран нэг, дөрвөн настай хоёр хүүхдэд тус тус дээрхи нарийн мэс ажилбарыг амжилттай хийсэн байна.
- Хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед АНУ дахь Төвд, Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажа Ринбүүчигийн санаачлагаар "Хүүхдийн цусны эмгэг хавдарын эмнэлэг” нээгдлээ. Сайхан сэтгэлийн үрээр бүтээн босгосон энэхүү эмнэлэг нь 50 ортой үйл ажиллагаа явуулж байна.
- ЭХЭМҮТ-д Үр шилжүүлэн суулгах лаборатори байгуулав. Тус лаборатори нь үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, үр шилжүүлэн суулгах үйлчилгээ үзүүлэх бөгөөд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшсэн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд одоогоор гурван эхэд үр шилжүүлэн суулгах ажилбарыг амжилттай хийжээ.
- Энэ оны эрүүл мэндийн салбарын төдийгүй улсын хэмжээний онцлох томоохон үйл явдын нэг гурван сая дахь иргэн мэндлэх юм.
Манай улсад төрөлтийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үндэсний статистикийн хорооноос 2014 онд буюу морь жилдээ багтаж монгол улсын хүн амын тоо гурван саяд хүрнэ гэжээ.
Тодруулбал эхний арван нэгэн сарын байдлаар манай улсад 75213 шинэ иргэн мэндэлсэн ба сард дунджаар 6000 хүүхэд мэндлэж, оны эцэс гэхэд энэ жилийн төрөлтийн тоо 80 мянгад хүрснээр, манай улс гурван сая дахь иргэнээ хүлээн авна.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн багцын 50 тэрбум төгрөгийн 23,9 тэрбумыг эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх засвар үйлчилгээнд зарцуулав. Ингэснээр аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлгийн чанар сайжирч, нийслэлрүү орон нутгаас оношлогоо шинжилгээ хийлгэх иргэдийн урсгал 30-40 хувиар буурчээ.
Сайны хажуугаар саар гэж өнгөрч буй 2014 он эрүүл мэндийн салбарын хувьд багагүй хэл ам дагуулсан жил болов. Төрийн албыг хувийн ашиг сонирхолоор удирдсан гэх сайдаасаа эхлээд эмч сувилагчдын буруутай үйлдлээс хохирсон өвчитний гомдол, маргаан цөөнгүй байсныг сийрүүлэн хүргэе.
- Шинэчлэлийн засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд асан Н.Удвал эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа салбарын ажлыг улс төржүүлж эмнэлэг, эмч нарыг нэлээдгүй бухимдуулав. Тэрээр ЭМЯ-ны харъяа эмнэлгүүдийн захирал удирдлагуудыг өөрийн өнгө үзэмжээр өөрчлөн сольж МАХН-ын харъяалал бүхий хүмүүсийг эмнэлгийн удирдлага болон эмч нарын баг бүрэлдэхүүнд томилов. Ганц жишээ хэлэхэд ГССҮТ-ийн даргаар МАХН-ын гишүүн, гавъяат эмч Д.Жамбалжавыг томилсон нь хууль бус томилгоо болж мэргэжлийн эмч нарыг ажлаас нь халах асуудал хурцдаж, эцэст нь өнгөрсөн хавар гавъяат эмч З.Мэндсайханыг ГССҮТ-ийн даргаар томилсноор асуудал намжсан.
- Вакцин хийлгэснээс үүдэн Баянхонгор аймгийн харъяат долоон настай Н.Энхбилэг охины биеийн байдал гэнэт хүндэрч бүх нийтийг цочроосон асуудал болов. Сургууль дээрээ сахуугийн вакцин хийлгэсний улмаас үүдсэн охины өвчин хүндэрч БНСУ-д эмчилгээнд явахаас өөр гарцгүй болсон. Энэ үеэр ЭМЯ-ны зүгээс охин хүнд өвчтэй тэр нь вакцинаас болж сэдэрсэн, эмч сувилагч нарын буруу биш хэмээн тайлбар өгч байв. Харин Солонгосын эмнэлгийн шинжилгээгээр охин удамшлын ямар нэгэн өвчингүй, судас нарийсах өвчин нь вакцин хийсэн эмчийн буруугаас болсныг тогтоожээ.
- 2014 оныг "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Гэвч энэ жил дутуу төрөлт өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн таагүй мэдээ байна. Үүний шалтгааныг нарийн тогтоогоогүй ч хүнсний зохисгүй хэрэглээ, агаарын бохирдол зэрэг гадаад хүчин зүйлсээс нөлөөлж буйг мэргэжлийнхэн хэлэв.
Шинэчлэлийн Засгийн газар бууж, гишүүн ЭМЯ-ны сайд Н.Удвал, Шийдлийн засгийн газрын гишүүн МАХН-йн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад Эрүүл мэнд, спортын яамны сайдын суудлаа шилжүүлэн өгөв.
Ц.Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих