Цаг зав гарган монголын мэдээллийн сайтуудыг эргүүлж тойруулж унших сайхан байдын, яагаад ч юм эхлээд харна. Дадсан зуршлаараа энэхүү сайтыг онгойлготол Молор докторын дүр нүдэнд торов.
Суурь ухааны онолч, залуу философчийн аль ч нийлтлэлийг уншихад заримдаа, Баабарыг уншсанаас ч хамаагүй ѳѳр сэтгэгдэлтэй үлддэгээ энд нуух юун.
Түүний, АХАН ДҮҮС БОЛООГҮЙ ЦАГТ ЭВ НЭГДЭЛТЭЙ БОЛЖ ЧАДАХГҮЙ
нийтлэлийг нилээд тогтож уншив. Нийтлэлийн тѳгсгѳл хэсэгт,
Надад ямар ашигтай юм бэ гэж битгий асууцгаа. Зүгээр л Монголд ашигтай гэж л бодож сурцгаа.
гэснийг уншаад юм юм бодогдов.
Үнэн үг ингэж тусдаг ажээ.
Юүв гэхээр, нилээн дээхнээ, би гэдэг хүн, infrastrukture гэсэн эдийн засгийн нэр томъёог монголчууд яагаад ДЭД гэж орчуулсан юм болоо гэсэн шүү юм бодоод нэг хэсэг учры нь олох гэж баахан юм ухаж, тѳнхѳж, энд тэнд очиж суун толь бичиг сѳхѳж үзэж билээ. Аль ч хэл дээр харсан гарцаагүй л БҮТЦИЙН ҮНДСЭН ДООД ХЭСЭГ гэсэн тайлбар гарч ирээд болдоггүй. Барилгын бүтцээр бол СУУРЬ гэж ойлгогдохоор.
Алдарт OED ( Oxford English Dictionary) академик нэвтэрхий толь бичигт ч эгээ л ялгаагүй, бүтцийн доод хэсэг гэж тайлбарласан байдаг аж. Угаас infra нь доод хэсэг гэсэн утгатай латин гаралтай үг юм. Эндээс ургуулаад, доод хэсэг гэхээр монгол нэр томъёо болгон хэвшүүлхэд сонсголонгүй, оновч муутай юмуу гэж бодоод СУУРЬ ХЭСЭГ гэж, infrastrukture гэдгийг СУУРЬ БҮТЭЦ гэж ярьж бичиж хэвшүүлвэл үнэхээр зѳв юм шиг санагдав.
Ийм санаа урьд нь ч орж ирдэг л байсын, энэ тухайгаа ЦѲ сүлжээнд нэг удаа бичтэл япон хэлнээ бас л СУУРЬ БҮТЭЦ гэж ойлгогддог гэж Буянцогтоо андыг хэлж байсан гэж хэн нэг нь бичиж билээ.
Дээрх толь бичигт харин, энэ нэр томъёог 1920-иод онд францын ЦЭРЭГЖЛИЙН ЭРДМИЙН ТАЙЛБАР толиноос эдийн засагт орж ирсэн ухагдахуун гэж бичсэн байдаг тухай мэдэв. Дараа нь мэддэг хэдэн нэвтэрхий толь бичгээ сѳхѳѳд цэрэг, армитай холбоотой олигтой юм олж мэдэж чадсангүй, сүүлдээ, за яршиг, надад ямар ашигтай ч юм биш, тэгээд ч энийг хѳѳцѳлдѳж явах хүн нь би биш гэсэн шүү юм бодоод орхичихсон юм.
Юм бодогдсоны учир гэвэл энэ байна.
Хуучин, ховор номын захаас олж авсан Das Grosse ILLUSTRIERTE WÖRTERBUCH der Deutschen sprache нэвтэрхий толь бичиг сѳхѳн ганц нэг юм харж сууснаа infrastruktur-ыг сонирхон хартал юу гарч ирсэн гээч, арай л суудал дээрээ огло үсэрсэнгүй. Ямартай ч айл хунараас сургалж явахаар эхлээд ядаж авдар шүүгээгээ ухаж суух минь ч яав даа гэхээр юм болов.
Уг толь бичигт, infrastruktur нь Gesamtheit militärischer Anlagan гэсэн байв. Цэрэг армийн суурь нэгтгэлийг инфраструктур гэдэг байж, ойлгомжтой, тэр суурь нэгтгэлд нь юу орж байсан нь нэг их чухал биш юм. Эндээс зээлдэж, улмаар эдийн засгийн нэр томъёо болон хэвшсэн гэдэг нь, бас бүтцийн суурь хэсэг гэж заасан нь л эрэлчин миний хувьд чухал байв.
Дэд бүтэц.
Социалист эдийн засаг нь үндсэн ба дэд бүтэц гэсэн тогтолцоотой байсан, хэн ч гадарлана. Үндсэн бүтцэд аж үйлдвэр, хѳдѳѳ аж ахуйн салбарууд орно, бусад нь дэд бүтэц гэдэгт ороод явчихдаг байв. Яагаад ДЭД гэсний учрыг би одоо хүртэл ойлгодоггүй юм.
Тухайн үедээ орчуулагчид утга гажуудуулсан юм хийсэн гэдэг талаас нь миний хувьд бодохгүй байна, тэр үеийн орчуулагчид бол үнэхээр чанга, агуу чадвартай хүмүүс байсан. Харин ч эсрэг талаасaa, улс тѳрийн системд баригдаж хийгдсэн орчуулга гэж ойлгож явдаг. Иймэрхүү юм ѳнѳѳг хүртэл маш олноор үлдсэн, ердийн хэллэг болон хэвшсэн байдаг. МАХНын ТХны УТТны нэг гишүүний хэлсэн, зѳвѳлснѳѳр л батлагдсан нэр томъёо байж магадгүй юм, ямартай ч субьектив хүчин зүйл орсон нь гарцаагүй ээ. Мэдэх хүн нь гэрчлэх байхаа.
Социализмын материал техникийн бааз барьж байгуулна, аж үйлдвэр-ХААн орон болно гэсэн хэтийн зорилт тавьчихсан улс орны хувьд мэдээж аж үйлдвэр эхэнд нь бусад нь түүний дагалдах салбар болон жагсаж, ухаандаа эрчим хүч, тээвэр, холбоог бол мэдээж хойхнуур тавих нь тэр үедээ тохирч, улс тѳрийн утгаараа зѳв байсан биз дээ. Тэхээр ДЭД гэдгээр орчуулсан нь улс тѳр, хэл зүйд гүйгээр орчихсны л үр хѳврѳл байх.
Суурь бүтэц.
Суурь бүтэц нь олон шинжээр ангилагддаг, тэр бүхэн ѳѳрийн гэсэн тогтсон нэр томъёотой. Энд агуулгад нь тохируулж хэрхэн нэршүүлэх тухай л яриа яваад байгаа болохоор ухагдахууныг шууд орхилоо. Гэхдээ аливаа ангилал нь ѳѳрѳѳ суурь мэдээлэл болчихдогийг харгалзаж байвал зүгээр юмуу гэдгийг онцолчихмоор санагдав. Ухагдахууны ангиллыг эрдмийн том магнатууд маш их зѳвлѳлдѳж байж бүтээдэг. Соёл иргэншилтэй улс орнууд, засгийн газрын бүтцээ хийхдээ хүртэл энийг бас харгалздаг юм билээ. Манайх ч яахав дээ, дадсанаараа улс тѳрийн хэдэн фракциа гомдоохгүй, амбиц л харгалзсан байхаа даа, шинжлэх ухааны ангилал, тайлбар харгалзсан нь юу л бол гэсэн ганцхан анхаарамжийг энүүхэнд хавчуулчихъя.
Хадуурчихаасаа ѳмнѳ сэдэв рүүгээ оръё.
Энд тухайлахад, hard, soft infrastrukture гээд ярьдаг, энийг монгол хэлнээ энгийнээр, оновчтой, утга гажуулахгүй буулгачих арга юу байна гэхчилэн. Ангилалд ордог гол суурь бүтцүүдийг бүр онцгой анзаармаар.
Governanse infrastructure
Economic infrastructure
Social infrastructure
Cultural, sports and recreational infrastructure
Engineering and construction infrastructure
Critical infrastructure
Militarig Infrastructure
Urban infrastructure
Green infrastructure
Ѳѳр үнэлэмжийг үндэс болгон ангилсан вариант ч байна.
Energy infrastructure
Transportation infrastructure
Water management infrastructure
Communications infrastructure
Information infrastructure
Энэ сүүлчийхийг мэдээллийн суурь бүтэц гэмээр юмуу. Энд ухагдахуун талаас нь жишээ болгож хэдэн зүйл хэлээдхэе.
Communications infrastructure орчин үед маш шуурхай хѳгжиж түүнтэй зэрэгцэн хѳгжсѳн мэдээллийн суурь бүтэц цойлон шинэ салбар болон гарч ирлээ. Орчин үед цахимгүй юм байхгүй болж ажил амьдралын суурь хэсэг болжээ. Мэдээллийн хѳгжилгүйгээр эдийн засгийн хѳгжлийг тѳсѳѳлѳх аргагүй болсон.
Манайд мэдээлэл суурь бүтцийн хэмжээнд хүрч үнэлэгдэхгүй байгаа тухай мэргэжилтнүүд ярьцгаадаг.
Ялангуяа, эрх зүйн орчин бүрдэж чадахгүйгээс оюуны ѳмч хүнийшдэгт их харамсцгаадаг юм билээ.
...мэдээллийн хууль маягийн суурь алга, хууль зохицуулга үгүй тул дэлхийн хѳгжлийн ирмэгээс зүүгдэн дан ганц технократ ѳнцгѳѳр хѳгжиж буй...( Jagdag Columbia MO)
... орчин нѳхцлийг баталгаажуулах байтугай, ѳѳрсдѳѳ муу бизнесийнхнээсээ санааг нь дээрэмдэж тэдэнтэйгээ ѳрсѳлдѳѳд л сууж байх юм.
Уг нь зохицуулалт байдагсан бол тѳрийн энэ олон үйлчилгээнүүдээс авахуулаад автоматжуулчихмаар, онлайнжуулчихмаар юм тун их байна санж. ( П.Амарбат)
Суурь бүтэц гэж нэршүүлэхийн ач холбогдол.
Эрчим хүч, дулааны шугам сүлжээ, зам, холбоо, бохир цэвэр ус, мэдээллийн суурь тогтолцоо нь эдийн засгийн хѳгжилд үнэхээр л суурь фундамент болон үйлчилдэг. Улс ардын аж ахуй, эдийн засгийн дагалдах салбар гэдэг ойлголтоор хүмүүсийн сэтгэлгээнд тусах нь сѳргүү үр дагавартай байж мэднэ. [… байж мэдэхээр барах уу, бүхнийг буруу чиглүүлэх тул ерөөсөө маш сөрөг үр дагавартай байж таарна. - Нийтлэгч] Суурь бүтэц гээд хотлоороо яриад бичээд хэвшчихвэл нэгд, нэр томъёо академик чанартай болж утгандаа ойртох, хоёрт, хүмүүсийн оюун ухаанд суурь салбар гэж ойлгогдож, барилга барихдаа хүртэл эхлээд суурь бүтцээ бүрэн шийдэх гэсэн эрмэлзэлтэй, сэтгэлгээ талаасаа ч нэмэртэй бол уу гэж бодох юм. Харин суурь бүтцээ шийдээгүй объектийн барилгын ажлыг эхлүүлэхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бол юу юунаас ч илүү чухал байх. Энэ нь монголын нѳхцѳлд шийдэл хүлээсэн тулгамдсан асуудлын нэг гарцаагүй мѳѳн.
За тэр, бас л хадуурах гэж байна.
Монгол хэлэнд нэвтэрч хэвшиж буй зарим орчуулгын үг илэрхийллийн тухайд.
Дэлхий даяарчлагдаж, олон улс үндэстнүүдийн харилцаа ойр, шууд болох тусам үндэсний үг хэллэг, илэрхийллүүд нэг нь нѳгѳѳдѳѳ уусч, тухайн хэлнийхээ язгуур хѳрсѳнд сууж хэвших үзэгдэл их болох нь мэдээж зүйн хэрэг юм. Энэнд жийрхэх хүмүүс байдаг, миний хувьд эсрэгээр харин ч яруу сайхан монгол хэл бичиг маань улам баяжих бас нэг эх үүсвэр ч юмуу гэж бодож явдаг. Орчуулсан ч бай, орчуулгагүй хэвшсэн ч бай эгээ л ялгаагүй.
Харин утгы нь сайн бодолгүй хэн нэгний хэлний үзүүрээр хѳрвүүлээд хэлчихсэн зарим содон хэллэгүүдийг чамирхан хэргэлснээс хэвших муу тал ч зѳндѳѳ л байх болтой. Аливаа юмс, үйл хѳдлѳл хоёр туйлтай л байдаг болохоор яалтай ч билээ дээ гэмээр.
Энд 2 үг, илэрхийллийг далим болгон жишээ татъя.
Сүүлийн үед ...ѳнцгѳѳс хархад...гэж их чамирхцгаадаг болж. Хамгийн их хэрэглэдэг хүмүүс нь улс тѳрчид.
Миний мэдэхээр ѳнцѳг бол хавтгайн геометрийн ухагдахуун, тэхээр процессийг хавтгайд, туушин чиглэлд хараад аль нэг ѳнцгѳѳс нь хандаад байнаа даа. Нэг юмны ѳнцѳг дээр суучихаад, to be at an angle болчихоод, халтирчхын даваан дээр амжиж хэлж байгаа ч юм шиг сонсогдох, уншигдах л жишээтэй юм.
Гэтэл нийгмийн аливаа процесс дандаа орон зайд, нарийндаа бол агуу Энштайны тайлбарлан тодорхойлсноор zeitraum буюу цагийн орчил дотор оршиж, хѳдѳлж байдаг. Тэнд ѳнцѳг гэж байхгүй л дээ, харин цэг, талууд бол бий. Оросууд ...цэгээс хархад...( с точку зрения) гэж ярьдаг. Монголчууд тэрнээс ч давуутайгаар ...талаас нь гэж маш оновчтой ярьцгаасаар ѳнѳѳг хүрсэн үндэстэн шүү дээ.
Бас нэг илэрхийлэл,...нутагшуулах...гэж ярьцгаадаг болчихож, ялангуяа бас л улс тѳрчид.
Инновацийг монголд нутагшуулах гэцгээх юм. Нутагшихгүй байгаа морийг, зэлний морины (үндсэн сүргээсээ хэзээ ч тасарч салдаггүй морийг зарим нутагт ингэж хэлдэг) хүзүүнээс зүүгээд нутагшуулдаг монгол арга бий л дээ, тэрнээс ургуулсан юм болуу даа. Инновацид нутаг гэж байхгүй л дээ, харин хѳрс гэж бол бий. Тэхээр монголын хѳрсѳнд шингээх тухай л яриад байх шиг. Гэх мэтчилэн зѳндѳѳ л юмнууд байх, гэхдээ энд миний хэлэх үг элдвийн чамирхлыг шүүмжлэх гээгүй, шууд орчуулгад анхаарах, ялангуяа нэр томъёо, зарим ухагдахууныг утга харгалзан орчуулж хэвшихгүй бол хожим нь сэтгэлгээнд тусах үр хѳврѳл нь гажуу, хазгай болоод байж мэднэ гэдэг тухайд л юм. Зарим жишээ хэлье!
Босоо, хэвтээ удирдлага. Удирдлагын функци дээр ярьж байгаа, vertical, horizontal гэсэн ухагдахууны утгы нь гажуудуулсан орчуулга. Функци гэдгийг үүрэг гэж орчуулсан нь ч үндсэн утга нь бас л гарч ѳхгүй л байгаа юм, тэхээр орчуулгaгүйгээр функци гэж хэрэглэж заншсан нь хамаагүй дээр.
Вертикал, горизонтал гэх нь илэрхийлэл дотроо шугам гэдэг утгыг агуулж, хаа нэгтээ огтлолцоно гэсэн санааг илэрхийлээд байдаг. Тэрнээс босоод зогсчихсон, эсвэл хэвтчихээд босдоггүй салангид хаялбарын тухай биш юм. Тэхээр голч шугам гэдгийг агуулгад нь багтаагаад босоо, хэвтээ тэнхлэгийн удирдлага гэж ярьж бичиж хэвшвэл утга нь сэтгэлгээнд зѳвѳѳр суух талаасаа хавьгүй дээр юм шиг санагддаг. Босоо удирдлага гэхээр босоо аварга гэдэг шиг, хэвтээ удирдлага гэхээр хѳгшин тэмээ шиг л юм энгийн ухамсрын тѳвшинд бодогдохоор байгаа юмдаа.
Нэгэнт тэнхлэгийн гээд хэвшүүлчихвэл академик талаасаа ч, тэнхлэгийн голч шугам хаана очиж огтлолцох вэ гэдэг дээр бодолцоход хялбар талаасаа ч аятайхан болж ирмээр санагдана.
Жишээ нь, салбарын яамдын босоо тэнхлэгийн удирдлага, орон нутгийн хэвтээ тэнхлэгийн удирдлагатай ямар тѳвшинд огтлолцож байх нь монголын нѳхцѳлд илүү үр ашигтай вэ ч гэдиймүү. Манайд, хэвтээ тэнхлэгийн удирдлагын хувьд тѳдийлэн тѳлѳвшлѳѳ олоогүй байгаа хэлбэр, гэхдээ эрт орой нэгэн цагт тѳлѳвшин тогтнох нь гарцаагүй, тэхээр нэр томъёоны талаас нь одооноос ядаж зѳв яриад сурчихвал дээр бишүү гэж бодогдлоо.
Детерминаци, гегемони, dilemma, dоuble-standart (давхар стандарт)...бусад олон үг илэрхийлэл, нэр томъёо, ухагдахууныг яаж хэрэглэж хэвшүүлэх нь гагцхүү хэлний талаасаа биш сэтгэлгээний талаасаа ч ач холбогдолтой болохыг ажигласан зарим нэг зүйлээсээ сэдэвлэн бэсрэгхэн нийтлэл ийн тэрлэв.
Цэрэнхүү
Цахим Ѳртѳѳ
2014-12-13
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих