Цас ороход хамгийн түрүүнд бодогддог зүйл маань шинэ жил. Анхны цас айлчлах тэр үеэс шинэ жил удахгүй болно доо гэсэн хөөрүү бодол толгойд эргэлдэнэ. Монголчууд бид жилд цөөнгүй баяр тэмдэглэдэг ч хамгийн дурсамжтай, хөөр баяраар бялхсан шинэ жилийн үдшийг л хөгшин залуугүй хөөр баяр болон хүлээдэг. Ялангуяа охид, эмэгтэйчүүдийн хувьд өөртөө цаг зав гарган гоёж, ганц үдшийг "Үнсгэлжингийн үдэш” болгон өнгөрүүлэхийг юу юунаас илүү хүсдэг.
Чимгээ зүүсэн гацуур, оддын өнгөөр солонгорсон шинэ жилийн мөнгөн үдэш хэн бvхний сэтгэлд өөр өөрийн өнгө, гэрлийг үлдээдэг. Магадгүй бяцхан гуниг, баяр баясал, өнгөрсөн үеээ эргүүлж бодох бодол авчирдаг юм шиг ээ.
Ширээ тойрон суух аз жаргалтай гэр бүлийн уур амьсгал ганцхан өдрөөр хэмжигдэх биш олон сар жилээр үргэлжлэх болтугай хэмээн битүүхэн дотроо залбирах тэр л хүүхдийн сэтгэл цаанаа л гэгээлэг.
Ингээд www.mongolcom.mn сайтаас олны танил хүмүүсийн "Шинэ жилийн мартагдашгүй дурсамж”-ыг та бүхэндээ хүргэж байна. Уншигч та бүхэн хүүхэд насны шинэ жилийн тухайгаа бидэнтэй хуваалцахыг хүсвэл ding_ding48@yahoo.com хаягаар зурагтайгаа хамт илгээнэ үү.
Жүжигчин Г.Алтаншагай: Шинэ жилийг өвлийн өвгөн, гоёхон гацуур, цасан охид, гоё амттангүйгээр төсөөлөхийн аргагүй
-Бага ангид байхдаа шинэ жилээр шилдэг хүүхдээр шалгарч өнгөт телевизор авч байж билээ. Тэр үед хэмжээлшгүй их баярлаж байсан даа. Ер нь шинэ жилийг өвлийн өвгөн, гоёхон гацуур, цасан охид, гоё амттангүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Миний бодлоор бага насны бүх л шинэ жилүүд сэтгэлд хоногшсон, гоё дурсамжуудаар дүүрэн өнгөрсөн.
Дуучин Х.Отгоо: Шинэ жил болгоноор бор цаастай бэлэг авдаг байсан
-Биднийг бага байхад алим жимснүүд их ховор байлаа. Шинэ жилийн үеэр л дэлгүүрт орохоор мандарин үнэртээд их гоё байдаг байлаа. Шинэ жилийн бэлэг гэж ээжээсээ бор цаасанууттай бэлэг авдаг байсан. Ээж маань олон гоё чихэр, жимсээр өөрөө бэлэг боогоод өгч байсныг ерөөсөө мартдаггүй. Ер нь шинэ жил болгоноор бор цаастай бэлэг авдаг байсан юм байна. Бас дунд ангидаа Карласон болж байснаа ерөөсөө мартдаггүй юм. Тухайн үедээ том хувцас өмсөж бүдүүн болчихоод л "Дээвэр дээр суудаг карласон…” гээд л дуулж байж билээ. Тэр мөч хамгийн дурсамжтай санагдаж байна.
"Бид 4” хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгарав: Хэдэн жил дараалан шинэ оноо унтаад өнгөрүүлчихсэн
-Миний хувьд шинэ жилийн үдэш гэр бүлийнхний хүрээнд л бужигналдаад өнгөрүүлдэг. Их гэрсэг хүн. Заримдаа он гарах үед унтаад хоцорчихсон жилүүд байдаг шүү. Бараг хэдэн жил дараалаад тэгж он гаргаж үзсэн юм байна. Тэгээд найз нөхөд шоолоод тэр жилдээ л унтаж өнгөрүүлэх нь дээ гээд. Бас гэрийнхнээсээ хол ганцаараа он гаргаж үзлээ. Их л эвгүй байдаг юм билээ.
Харин хамгийн дурсамжтай гэхээсээ илүүтэй шинэ жилээр болсон явдлыг ерөөсөө мартдаггүй юм. 8 дугаар ангидаа сагс тоглож байгаад гараа хугалчихсан. Тэгээд сургуулийн шинэ жил болох гээд бөөн бужигналдаан болоод гараа хугалчихсан өвдөж байсан мөртлөө "Харш”-ын ёолконд оролцож, дуу дуулж байсан мөчөө хэзээ ч мартдаггүй. Пиджакны цаанаас гипсдүүлсэн гар маань гэрэлтэж харагдаад дээрээс нь микрофоноо даахгүй унагах шахаж билээ. Энэ л миний шинэ жилийн пакттай ч дурсамжтай шинэ жил байжээ.
"Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр: Найз нөхөдтэйгээ гадуур тоглож л өнгөрүүлсэн дээ
-Гадуур шинэ жилийн уур амьсгал орчихсон сайхан байна. Миний дурсамжтай шинэ жил хүүхэд насанд үлдсэн. Багадаа нэлээдгүй хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бага насны шинэ жилийг алим мандарингүйгээр төсөөлшгүй. Бас баавгайтай чихэр байна. Хүүхэд болохоор чихэр жимсэнд ухаан санаа нь явчихна. Өөрөөр юу хийхэв. Бас болоогүй найз нөхөдтэйгээ гадуур тоглож өнгөрөөдөг байсан. Би чинь цэцэрлэгээр хүмүүжээгүй эмээгийн хүүхэд. Тиймээс бага зэргийн дайсны цэрэг, эрх дураараа талтай хүүхэд насаа үдсэн. Бас дуулж бүжиглэх их дуртай. Нүүрэмгий хүүхэд байсан.
Г.Ганаа
http://mongolcom.mn/read/17082
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих