Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Та Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй ч гэсэн энэ салбарт мэргэжлийн хүн. Ажлаа юунаас эхлэв, өнгөрсөн хэд хоногт ямар ажил амжуулав?
-Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байдал, залгамж чанартай. Миний хувьд гадаад харилцааны салбарт 25 жил ажиллаж, 2009 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөхийн хувиар Гадаад хэргийн яамны өдөр тутмын үйл ажиллагаатай үргэлж ойроос хамтран ажиллаж ирсэн тул ажилтайгаа танилцана, өөрийгөө бэлтгэнэ гэх зүйл байхгүй. Богино боловч ажлаа хүлээн авснаас хойшхи энэ хугацаанд зарим дорвитой ажлыг хийж амжуулаад байна. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар яамны шинэ бүтцийг батлуулж, ГХЯ шинэ бүтцээрээ хэрхэн үр бүтээлтэй, шуурхай, идэвхтэй ажиллах талаар хамт олонтойгоо санал солилцлоо. Засгийн газрын хуралдаан, УИХ-ын АБГБ-ын байнгын хороогоор тодорхой асуудлууд хэлэлцүүлж, шийдвэр, дүгнэлтүүд гаргууллаа. Өдөр тутмын урсгал ажлаас гадна энэ онд хийгдсэн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, үр дүнтэй хэрэгжүүлэх, АСЕМ-ийн дээд төвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний Зөвлөлийг албан ёсоор бий болгохоор боллоо. Гадаад бодлогын нэгдмэл байдал, "нэг цонхоор” харилцахад анхаарч, бусад яамдын сайд нар, төрийн байгуулагуудад мэдээлэл хүргэж хамтран ажиллахаар тохиролцлоо.
-Манай эдийн засгийн байдал хүндхэн, сайнгүй байна. Ийм үед Гадаад хэргийн яам юу хийх ёстой, юу хийх боломжтой гэж үзэж байна вэ?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засаг бол шинэ Засгийн газрын ач холбогдол өгч ажиллах гол чиглэл гэдгийг тодорхой хэлсэн. Хүндрэлээс хэрхэн хурдан, эрсдэл багатай гарах вэ, ямар шийдэл байна вэ гэдэгт түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Манай яамны шинэ бүтцэд Эдийн засгийн хамтын ажиллагааны газар хэмээх шинэ нэгж байгуулагдаж байгаа. Гадаад эдийн засгийн бодлогын зохицуулалт хийж, хамтарсан мега төслүүд дээр санаа бодлоо илэрхийлнэ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгох, итгэл даах, найдвартай түнш гэдгээ харуулж ойлгуулах, дотоодын хувийн хэвшил гадаад зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох замаар эдийн засгаа тэлэх чиглэлээр ажиллах болно. Тухайлбал, эдийн засаг, санхүүгийн төвүүдэд очиж ажиллах, хөрөнгө оруулагчидтай хоёр талын болон олон талт форум уулзалтуудыг зохион байгуулах зэргээр Монгол Улсын Засгийн газрын өмнөө тавьж буй зорилго зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гаргана.
-Гадаад хэргийн яам Засгийн газраар шинэ бүтцээ батлуулаад, ажиллаж эхэллээ. Шинэ бүтцийн давуу талуудыг хэрхэн харж байна. Ямар чиглэлүүдэд ач холбогдол өгч байна вэ?
-Гадаад бодлогыг маань тулж, бадрааж, цогцлоож байх ёстой тулгын гурван чулуу нь улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны салбарууд юм. Гадаад хэргийн яам эдгээр гурван чиглэлийг цогцоор нь харж, бодлогоо уялдуулж явах шаардлагатай. Улс төрийн хувьд бид багагүй амжилтанд хүрч, туршлага хуримтлуулсан. Манай яамны шинэ бүтцээр Эдийн засгийн хамтын ажиллагааны газар шинээр байгуулагдсаны ач холбогдлыг түрүүнд би хэлсэн. Гадаад сурталчилгаанд анхаарч, мэдээлэл, гадаад сурталчилгаа хариуцсан хэлтэс байсныг Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар болгон өргөжүүлж байгаа.
Шинэ бүтэцтэй холбогдуулан хэлэхэд дипломат алба бол төрийн тусгай алба. Гадаад бодлогын язгуур ашиг сонирхлыг аливаа нэгэн намын ашиг сонирхолтой хольж хутгах ёсгүй.
-Монгол Улсыг гадаадад сурталчлах тал дээр анхаарч ажиллана гэж та хэллээ. Эх орноо хэрхэн гадныханд таниулах, зөвөөр сурталчлах вэ?
-Аливаа улс орны гадаад бодлогын нэг чухал зүйл нь soft power буюу зөөлөн хүчний бодлого байдаг. Соёлоор дамжуулан Монгол Улсыг эерэгээр сурталчлан таниулах, имиж бүрдүүлэх, үндэстнийг брэндчилэх чиглэлд ажиллахаар төлөвлөсөн зүйлс бий. Үүнтэй холбогдуулан гадаад сурталчилгааны нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монголчууд үндэсний түүх, соёл, газар нутаг, ан амьтан, байгалийн баялаг, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийнхээ талаарх үнэн бодитой, сонирхол татсан чанартай контентыг өөрсдөө санаачлан бүтээж, өргөн цар хүрээтэй түгээн сурталчлах нь чухал гэж үзэж байгаа. Соёлын өв, түүхэн үнэт зүйлийг судлах, сурталчлах, хамгаалах, уламжлуулах чиглэлд холбогдох яамтай хамтран бодлого гарган хэрэгжүүлнэ. Гадаадад оршин суугаа ард иргэдийн маань үр хүүхдүүд эх хэл, соёлоо суралцах, гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, нутагтаа ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр хилийн чанад дахь монголчуудын холбоодтойгоо хамтран ажиллана даа.
-Шинэ он гарах гэж буй энэ мөчид ирэх 2015 оны зорилтуудаа хэрхэн тодорхойлж байна вэ?
-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хязгаартай. Энэ богино хугацаанд байгаа нөөцөө оновчтой ашиглаж, үр дүнтэй ажиллахыг хичээнэ. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх,гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон хоёр талын гэрээ байгуулах, зарим улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлэх болно. Түүнчлэн 50 гаруй орны өндөр төвшний төлөөлөгчдийг хүлээн авах АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг 2016 онд зохион байгуулах бэлтгэлийг хангах, 2015 онд болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд өрсөлдөх, НҮБ-ын гишүүн орнуудтай үргэлжлүүлэн дипломат харилцаа тогтоох, "Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний хүрээнд судлаачдын уулзалтыг зохион байгуулах, АПЕК-ийн гишүүн эдийн засаг, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд төвшний уулзалтын оролцогч орон болох асуудлаар ажиллах зэрэг манай орны нэр хүндийг өргөх, байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал томоохон зорилтууд биднийг хүлээж байна. Ардчилалын 25 жилийн ойг тохиож байна. 2015 оны долдугаар сарын 29-нд анхны ардчилсан чөлөөт сонгууль хийсэн өдөр тохионо. Энэ үеэр ардчилал, хүний үндсэн эрх, эрх чөлөө зэрэг дэлхий нийттэй нийтлэг үнэт зүйлтэй улс орон гэдгээ гадаад ертөнцөд дахин бататган сурталчилахаар төлөвлөж байна. Мөн урьд өмнөөс төлөвлөгдсөн болон ярилцаж тохиролцсон өндөр, дээд төвшний харилцан айлчлалууд болон Гадаад хэргийн сайд, Засгийн газрын бусад гишүүдийн болон албан тушаалтнуудын айлчлалууд хэрэгжих болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих