МАТАД СУМ
1925-1929 онуудын үед явагдсан орон
нутгийн засаг захиргааны өөрчлөлтөөр Матад хан уулын хошууг Баянмөнх
уулын хошуутай 1929 онд нэгтгэж Матад хан уулын хошуу гэж нэрлэн
Цогт-өндөр, Өлзийт, Түмэндэлгэр, Хундар, Гурван булаг гэдэг 5 сумтай
байгуулагджээ. Үүний дараа Матад хан уулын хошууг 1931 оны хавар татан
буулгаж оронд нь Дорнод аймгийн Матад, Жаргалант сумд шинээр
байгуулагдан 1956 он хүртэл ажилласан. 1956 онд засаг захиргааны
өөрчлөлтөөр Матад сумыг татан буулгаж Ар Жаргалант суманд нэгтгэж,
одоогийн төв Зүүнбулагт төвлөрүүлэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн
зарлигаар Матад сум гэж нэрлэгдсэн байна.
Матад сум 2283,1 мянган га нутагтай, аймгийн төв Чойбалсан хотоос 150
км алслагдсан, 2350 хүн амтай. Сүхбаатар аймаг болон өөрийн аймгийн
Булган, Баянтүмэн, Халхгол, Сүмбэр сум болон БНХАУ-тай хиллэдэг.
Матад сум нь байгалийн үзэсгэлэнт газар олонтойгоос гадна Дорнод
Монголын дархан цаазат газарт баруунаас Лагийн хар толгой /709,0/, Оцгор
толгой /826,0/ түүнээс зүүн хойш Цагаан уулын хойд үзүүрт орших төөг
түүнээс урагш орших улсын хил хүртэлх 134582 га газар хамрагддаг.
Матад сумын нутгаас баруун урагш 12 км-т орших Баянхангайн байгалийн
үзэсгэлэнт газар нь хангай тогтоцтой хад чулуу ихтэйгээс гадна далийн
ягаан цэцэг ургадаг бөгөөд мөн эмийн 200 гаруй төрлийн ургамал ургадаг.
Мөн Мэнэн, Бадам-ишийн өргөн уудам тал, Ловх, Хайлаасны бичигт хад, Хөх
гэр, Ёндонгийн хайлаас зэрэг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт
газрууд олон байдаг.
Тус сум нь газрын тос, уран, нүүрс, жонш, шохой, алт зэрэг ашигт
малтмалтай. Монголын улаан номонд бичигдсэн урт навчит далан товч,
монгол тост, том дохиурт, сонгино зэрэг нэн ховор ургамлаас гадна таана,
хөмүүл, мангир, гогд, сонгино, агь, ганга, зээргэнэ зэрэг хүнсний ба
эмийн ургамалаар баялаг.
Мэнэн Бадам-ишийн тал, Лаг нуур, Жаран тогооны тал, Эхэн худаг, гурван
дэрс зэрэг газрууд нь цагаан зээрийн гол нутаг юм.Монгол оронд түгээмэл
тархсан хөхтөн амьтдаас: чоно, тарвага, үнэг, хярс, туулай, дорго,
гөрөөс, зараа, мануул, илбэнх элбэг.
Шувуудаас тогоруу, нугас, талын сар, шаазгай, хэрээ, гургуул, цахлай, тоодог, ангир, өвөөлж, шонхор зэрэг шувуудтай.
Сумын иргэд Матад хан уулыг 4 жилд 1 удаа сумын Засаг захиргаа
хариуцан, тайж Жаргалант, Хамбын овоо, Буян-өндөр, Өлзийт, Шар овоо,
Ловх ноён, Шоволдой, Баяндэлгэр зэргийг нутгийн ардууд өөрсдийн оршин
суугаа харъяаллаараа тахидаг.
Матад сумын нутаг нь эх орноо хамгаалахаар харийн түрэмгийлэгчдийн эсрэг
тэмцэл явагдаж байсан манай орны хязгаар нутгийн нэг юм.
Тухайлбал Ардын хувьсгал ялахын өмнө харийн довтлогчдын эсрэг тэмцэж ялалт байгуулсан.
Ардын хувьсгал мандсаны дараахан 1921 оны намар монгол орноо харийн
түрэмгийлэгчдээс чөлөөлж, ард түмний байлдаж олсон эрх чөлөө, хувьсгалт
ололтыг бэхжүүлэхийн төлөө Ардын хувьсгалын анхны партизан Бумцэнд
цагаантны үлдэгдлийг Бухын хашаат, Зүлгэн тээг, Цайдам, Багана, Ацат
ухаа, Хөтөл Баруун тосон зэрэг газарт элдэн хөөж бут цохисон түүхт нутаг
юм.
Мөн 1939, 1945 онд Зөвлөлтийн улаан армийн домогт жанжин Г.К.Жуковын
байрлаж байсан Хөндий худаг, БНМАУ-ын баатар Нянтайсүрэн, Дандар нарын
командалсан ардын цэргийн наймдугаар дивиз байрлаж байсан Хадан хөв
зэрэг түүхт дурсгалт газрууд, Ловх ноён, Лам чулуу гэх мэт хүн чулуу,
бичигтэй хад зэрэг эрт эдүгээгийн түүх соёлын дурсгалт зүйлүүд элбэг
нутаг юм.
Тус сумаас :
1.”Зууны манлай соён гэгээрүүлэгч” Төрийн 3 удаагийн шагналт ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн
2.”Зууны манлай” эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав
3.Биологийн ухааны доктор, профессор О.Шагдарсүрэн
4.Биологийн ухааны дэд эрдэмтэн, доцент Х.Мөнхбаяр
5.Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Амарсайхан, М.Дүгэржав
6.БНМАУ-ын хөдөлмөрийн баатар агрономич Зундуйжанцан
7.БНМАУ-ын гавъяат хуульч хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Очирхуяг
8.БНМАУ-ын гавъяат жүжигчин Ё.Цэрэндулам
9.Анагаах ухааны дэд эрдэмтэн Б.Бадамцэдэн
10.Гавъяат тээвэрчин Рэнчин зэрэг дэлхийн дахины болон улс аймагтаа
алдар цуугаа цуурайтуулсан олон арван алдартнууд Матад нутгаас төрөн
гарсан байна.
Тус сумын нутагт АНУ-ын газрын тосны СОКО компани 3450 м хүртэл гүнтэй
цооног өрөмдсөнөөс 1997 онд Тосон уулын 19 дүгээр талбайн 3-р цооногоос
Монгол улсад анх удаа өөрийн даралтаар газрын тос оргилон гарсан. Мөн 8
цооногоос газрын тос илрээд байна. Тосон уулын талбайгаас 1998 онд
28457 баррель тос олборлож БНХАУ-д 23534 баррель тос экспорложээ.
Одоогоор жилд 60000 баррель тос экспортллож байна. Энэ нь манай нутгийн
нэг давуу тал бөгөөд ирээдүйд ч ач тусаа өгөх томоохон нөөц билээ.
Матад сумын хөрс нь газар тариалангийн 3-р зэрэглэлд ордог. Унд усны
хувьд хүндрэлтэй. Хүн, малын худаг маш цөөхөн. Ус нь шаардлага
хангадаггүй. Аймгийн төвөөс нилээд алслагдмал хөгжил буурай. Аж ахуйн
нэгж цөөхөнтэй. Өндөр хүчдлийн шугамнаас хол зэрэг сул талтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих