Зөвлөлтийн үеийн "Азтай залуус” хэмээх инээдмийн кинон дээр нэгэн эрдэмтний зусланд уригдсан гэмт хэрэгтнүүдийн нэг нь ариун цэврийн өрөөнөөс нэгэн шилтэй зүйл олоод үнэртэй ус (Тэр үед архинд донтсон оросууд үнэртэй ус, шил цэвэрлэгч шингэн ууж донгоо дардаг байжээ) байна хэмээн хоолой руугаа гулгуулж орхисон нь үсний хөөсрөгч саван байдаг билээ. Яг энэ хэсгээрээ сэтгэлд хоногшин үлдсэн 70-аад оны энэхүү кино одоо ч моодноос гарсангүй. Архи болон түүний хэрэглээтэй холбоотой асуудал Оросын нийгмийн салшгүй нэг хэсэг болсоор байна. Хэн ч 00-ийн өрөө ариусгагчийг архи, спиртлэг зүйлтэй бүү андуураасай гэсэндээ Оросын Засгийн газар гайхалтай гэмээр арга хэмжээг авахаар болов.
Эдийн засгийн таамаглаагүй хямрал, рублийн ханшийн уналт, тэнгэрт хадсан инфляцийн дунд Кремлийн эрх баригчид архины үнийг буулгахаар шийджээ. Бүх зүйл үнэд ордог шинэ оны амралтын өдрүүдээр энэ шийдвэрээ танилцуулсан байна. Согтууруулах ундааны үнийг зохицуулагч байгууллага архины үнэ 15.9 хувиар хямдрах болсныг зарлаад энэ шийдвэр хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ гэв. Нэг литр архины үнэ эдүгээ 220 рубль байгаа бол 185 рубль болж хямдрах юм. 2014 онд Орост инфляц 10 хувьтай байсан.
Оросын Засгийн газар "Галзуу шингэн”-ийг нийгмийн бүх давхаргад хүртээмжтэй байлгах үүднээс 2009 оноос хойш архины баталгаат доод үнийг тогтоох болсон юм. Энэ нь иргэд архины оронд өөр янз бүрийн шингэн ууж эрүүл мэндээ муутгахаас сэргийлсэн алхам ажээ. Архины үнийг бууруулах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргаж, дараа нь Ерөнхийлөгч В.Путин архины үнийг өсгөхийн эсрэг дуугарснаар ийнхүү биеллээ олж байна. Хууль бус архи, спиртийн хэрэглээ нэмэгдсэн тул ийм арга хэмжээ авахад хүргэжээ. Архийг одоогийн үнээр авч чадахгүй хүмүүс өөр "орлогч” хайх нь гарцаагүй.
Дэлхийн I дайны үеэр Оросын хаан архийг хориглоход оросууд үнэртэй ус, спирттэй ариутгагч бодисоор "сэтгэлээ тайвшруулдаг” байсан билээ. Зөвлөлт засгийн үед архины эсрэг кампанит ажил өрнөж байхад оросууд гэртээ самогон хэмээх архи нэрэн ууж, энэ нь бүр төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэхдээ бас хажуугаар нь анагаахын спирт, шил цэвэрлэгч шингэнийг ууж байв.
Архины эсрэг кампанит ажил хамгийн сүүлд 1985 онд буюу Михаил Горбачев эрх мэдэлд гарч ирсний дараахан өрнөжээ. 1984 онд рекорд түвшиндээ хүрээд байсан (нэг орос иргэнд нэг жилд 14 литр архи ногдож байсан) архины хэрэглээг хазаарлахаас өөр аргагүй байсан гэдэг. Орост архины үнэ нэмэгдэж, иргэд хямралд өртсөний улмаас сүүлийн хоёр жилд энэ салбар хэрэглэгчдийнхээ 14 хувийг хар зах руу алдсан байна.
2013 онд хийсэн нэгэн судалгаагаар, орос эрчүүдийн 25 хувь нь 55 хүрэхээсээ өмнө архитай холбоотой хүчин зүйлийн улмаас хорвоог орхидог нь харагджээ. Эдүгээ Орос орон архидалтын эсрэг арай өөр аргаар тэмцэх гэж байна. Хэдэн жилийн өмнө архины үнийг зохицуулах хороог байгуулсан бол, саяхнаас нийгмийн сайн сайхан руу чиглэсэн хөтөлбөрийг дэмжин ажиллах болов. Засгийн газар 2020 он гэхэд хууль бус архины эргэлт, хөдөлгөөнийг үгүй болгох зорилго тавьжээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих