Шинэ онд ам.долларын шинэ ханш монголчуудыг угтлаа. Оны өмне 1885 төгрөгт хэлбэлзэж байсан ам.доллар шинэ он гарсаар 1900 төгрөг хүрлээ. Өчигдрийн байдлаар "Найман шарга"
валютын зах дээр нэг ам.доллар 1910 төгрөгтэй тэнцэж байлаа. "Цаашид
ам.доллар хэдэн төгрөг болж өсөхийг, 2000 түүнээс ч давахыг үгүйсгэхгүй
гэж валютын захын ченжүүд, нийгэмд нөлөө бүхий эдийн засагчид хэлж
байна. "Амны билгээс ашдын бэлгэ" гэж аливааг сайнаар бодож, харж бай
гэж бид ярьдаг ч энэ удаа бодит байдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүй
болсон нь энэ. Ам.долларын ханшийг унагах, ядаж одоо байгаа төвшинд
барихад хамгийн их нелөөлөх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх
хандлага одоогоор алга. Дээр нь, ам. долларын ханшийн өсөлтийг хазаарлах
гадаад валютын хангалттай нөөцгүй болсныг ханшийн өсөлт илтгэж байна.
Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн өсөлт саарахгүй, чангарсаар байгаа нь
гадаад валютын нөөц багассантай холбоотой.
Сүүлийн хоёр өдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдсэн талаар чихэнд чимэгтэй мэдээлэл гарлаа. Гэтэл ам.доллартай харьцах төгрөгийн ханш унаад байдаг. Өөрөөр хэлбэл, валютын нөөц нэмэгдлээ гэдэг нь ханшийг барих эерэг мэдээлэл болж чадахгүй байна. Энэ нь эдийн засаг эрүүл бус байгааг илтгэхийн дээр ханш нөөц хоёрын тухайд мэдээллийн аль нэг нь худлаа болохыг нотолно. Нэг үгээр бол зах зээлийнх нь хуулиар харвал долларын ханш хиймэл өсөлттэй, үгүй бол валютын нөөц нэмэгдсэн гэдэг худлаа болж таарч байна. Өнгөрсөн арваннэг дүгээр сард гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар байсан бол оны эцэст 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Гэхдээ энэ талаар ч зөрүүтэй мэдээлэл байгаа юм. Гадаад валютын нөөцийн тухай Засгийн газар болон Монголбанкны мэдээлэл хоорондоо зөрж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оны өмнө "Аравдугаар сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 880 сая ам.долларт хүрч, гадаад валютын нөөц эрс буурлаа. Энэ нь төгрөгийн ханшийг огцом сулруулж байна" гэдгийг ард түмэндээ хэлсэн. Мөн улс төрийн зарим намын гишүүд ч гадаад валютын нөөц 1.1 тэрбум, зарим нь бүр 800 сая ам.доллартай тэнцэж байгааг хэлж байсан.
Тиймээс сэтгүүлчид Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас байнга л гадаад валютын нөөц хэд байгааг асуудаг. Тэрээр ганц л хариултыг хэлдэг. "Монголбанкны цахим хуудас дээр дэлгэрэнгүй байгаа, тэндээс хар. Цахим хуудаст байршуулсан гадаад валютын нөөцийн мэдээллийг харвал гадаад валютын нөөц огцом буурсан өөрчлөлт харагдахгүй байна. Харин ч есдүгээр сард 1.3-аас 1.5 тэрбум болж өссөн байгаа юм. Сүүлийн хагас жилд гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.долларт л хэлбэлзэж байсныг хүснэгтээс харж болно. Эдгээр сард гаднын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, сард багадаа 300-400 сая ам.долларыг банкуудад нийлүүлдэг. Харин Төв банкин дахь гадаад валютын нөөц хэвэндээ, зарим сард нөөц нэмэгдсэн байна. Гэтэл Засгийн газар нь болохоор 880 сая ам.долларын алдагдалтай, гадаад худалдаа, валютын нөец эрс буурч байна гэж мэдээлнэ. Өөрөөр хэлбэл, Гадаад валютын нөөцийг Засгийн газар буурч байна гэхэд Монголбанк сайтдаа өсч байгаа тухай Мэдээлнэ. Энэ зөрүү нь олон түмний эргэлзүүлж мэдээллийг үнэгүйдүүлж байна.
Оны эцэст гадаад валютын нөөц 300 сая ам.доллараар нэмэгдэж 1.6 тэрбум болоход ямар эх үүсвэр нөлөөлснийг Төв банкнаас лавлахад, нууцын зэрэглэлтэй учраас тайлбар өгөх боломжгүй гэж хэлэв. Төвбанк ямар эх үүсвэрээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлснийг тайлбарлахгүй байгаа нь мөн л итгэхгүй байх бас нэг шалтгаан. Гадаад валютын нөөц нэмэгдсэн бол хэрхэн яаж, ямар эх үүсвэрээр нэмэгдүүлснийг тайлбарлах нь зүйн хэрэг.
Ер нь гадаад валютын нөөц нэмэгдсэн гэдэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн эсвэл алтаа барьцаалж нөөцөө нэмэгдүүлсэн гэсэн үг. Гэтэл өнгөрсөн онд шинээр 300 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирээгүй. Харин Монгол Улсын Хөгжлийн банк л 300 сая ам.доллартай тэнцэх сэндикат зээлийг олон улсын зах зээЛээс босгосон. Гэхдээ энэ зээл улсын валютын нөөцөд тооцогдохгүй. "Чингис", "Самурай", бонд зэрэг Хөгжлийн банкНы босгосон эх үүсвэр улсын нөөцөд тооцогдохгүй, санхүүжилтийг нь Хөгжлийн банк хариуцаж буй. Төв банкинд тушаах алтны хэмжээ энэ жил нэмэгдсэн. Энэ хэрээр алтны нөөц нэмэгдэнэ гэж албаныхан хэлдэг.
Өнгөрсөн жил алт үйлдвэрлэгчдээс Төв банк 13 тонн алт худалдан авсан. 2013 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт. Төв банкин дахь алтыг биет хэмжээгээр нь тооцож гадаад валютын нөөцөе нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, алт бол доллар гэсэн үг л дээ. Эдийн засагчдын тооцоогоор нэг тонн алтыг хамгийн багаар үнэлэхэд 40 сая доллартай тэнцэнэ. Энэ тооцооллоор бол 13 тонн алт багаар бодвол 560 гаруй сая ам.доллартай тэнцэх нь. Төв банк худалдан авсан алтаа гадаад валютын нөөцөд тооцсон бол 1.8 тэрбум ам.долларын нөөцтэй болох учиртай. Тэгэхээр худалдаж авсан алтыг гадаад валютын нөөцөд тооцоогоогүй гэж хэлхэд хүргэж байгаа юм.
Дахиад л ямар эх үүсвэрээс гадаад валютын нөөц нэмэгдэв
гэдэг асуулт гарч байна. Манай улсын нөөц оны төгсгөлд нэмэгдсэн нь үнэн
бол үнэхээр сайн хэрэг л дээ. Гэтэл нэмэгдсэн гээд ночлох баримт,
тайлбар алга. Манай улсын гадаад валютын нөөц бага багаар нэмэгдчихээд
байхад Дэлхийн банк, Моойуз, Олон улсын валютын сангаас төгрөгийн ханш
унаж, нөөц багассаныг сануулсаар байгаа. Тодруулбал, шинэ оны өмнөхөн
Засгийн газрын тэргүүнтэй Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн
төлөөллүүд уулзаж нууцын зэрэглэлтэй зөвлөмж өгсөн сурагтай. Тэрхүү
зөвлөмж нь төлбөрийн тэнцэл болон гадаад валютын нөөц багасч байгаа,
төгрөгийн ханшийн уналтыг зогсоох олон саналыг тавьсан бололтой. Манай
улсын валютын нөөц багасч, төгрөгийн ханш улам үнэгүйдэж байгаа учраас
Олон улсын валютын сангийн "Стэнд бай" буюу богино хугацааны хөтөлбөрт
хамрагдах яриа хэлэлцээрийг ч дээд төвшинд ярьж байгаа. Монгол Улсын
Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат хэвлэлд ярилцлага
өгөхдөө "Стэнд бай" хөтөлбөрийг онцолсон нь ч үүнийг баталж байгаа юм.
Мөн Засгийн газрын тэргүүн ч арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн чуулган
дээр Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн зөвлөмжийг
хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн. Гэхдээ Төв банкны зүгээс Дэлхийн банк, Олон
улсын валютын сангийн зөвлөмж, болон хөтөлбөрийг сайшаахгүй байгаа.
Ялангуяа Дэлхийн банкнаас зөвлөж буй Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон
ипотекийн зээлийг зогсоож, төсөв мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхийн
эсрэг байгаагаа Н. Золжаргал ерөнхийлөгч хэлсэн.
Энэ бүгдийг
харвал өмнөх Ерөнхий сайдын үед Засгийн газрын кассын машины үүргийг
гүйцэтгэлээ гэж шүүмжлүүлж явсан Монголбанк Ч.Сайханбилэгийн бодлоготой
зөрчилдөж эхэлжээ. Засгийн газар нь Монголбанктайгаа зөрчилдөж байж ч
магадгүй. Хамгийн гол нь энэ зөрчилдөөн дундаас зөв шийдлээ олоосой.
Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих