Монгол Улс мөнгөгүй, эдийн засгийн судас нь эргэлдэх цусгүй боллоо.
Хэдэн жил дараалж УИХ нь төсөв биш мөрөөдлийн жагсаалт баталж, хувийн
хэвшил нь дагаж намирсаар туйлджээ. Гаднаас авсан бондын мөнгөө дуусч,
хөрөнгөө оруулдаг гаднынхан нь ч үргэсэн байна. Дахиад зээл авах боломж
нь хуульд боогдож, өрийн хэмжээ нь таазандаа тулчихсан ийм л дүр төрх
өнөөдрийн Монгол Улсын бодит байдал юм. Тиймээс ч Ч.Сайханбилэгийн
Засгийн газарт одоо бүсээ чангалахаас, дотоод боломжоо дайчлахаас өөр
арга үлдсэнгүй ээ. Ил зарлаж, бодит болоход ойрхон байгаа эхний алхам нь
халамж танах, орон тоо цомхотгох Ерөнхий сайдын санал байсан. Харин
түүний УИХ-д оруулах хоёр дахь санал нь далд эдийн засгийг ил болгох,
иргэдийн мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байх бололтой.
Үүний баталгаа нь өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Эдийн
засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн
барихаар болсон шийдвэр юм. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед УИХ-д
өргөн барьсан уг төсөлд зарим өөрчлөлт хийх саналтай байгаагаа
Д.Дорлигжав сайд хэлэпцүүлсэн нь энэ. Гэхдээ хуучин хийгээд шинэ сайдын
хуулийн төслүүдийн ялгааг түр хойш тавиад далд эдийн засгийг ил болгох
шалтгаануудын талаар эхлээд цөөн баримт өгүүлье.
Эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед иргэд баяжсан уу гэж асуумаар байна. Статистик мэдээнээс харахад Монгол Улсын иргэдийн банкин дахь мөнгө хадгаламжийн хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байгаа ажээ. Дөрвөн жилийн өмнө нийт дүн нь хоёр их наяд 366 тэрбум төгрөг байсан иргэдийн хадгаламжийн хэмжээ 2013 оны төгсгөлд дөрвөн их наяд 625 тэрбум /2014 оны жилийн эцсийн дүн гараагүй, урьдчилсан тооцоогоор өсөхөөр байгаа/ болж нэг дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл, банкин дахь хадгаламжийнх нь хэмжээнээс харвал монголчууд баяжаад байгаа юм шиг дүн гарах нь. Гэвч бодит байдал дээр энэ үзүүлэлт нь иргэд айж байгааг илтгэж байгаа хамгийн энгийн нотолгоо юм.
Татварынхнаас, мэргэжлийн хяналтаас, цагдаагийнхнаас, Авлигатай тэмцэх газраас иргэд, бизнес эрхлэгчид айж байна. Бизнөс хийж нэг талаас зах зээлийн эрсдэл, нөгөө талдаа хууль хяналт, татварынхнаас айж явахын оронд мөнгөө зүгээр л банкинд хадгалуулахыг тэд илүүд үздэг болжээ. Ингэхээс ч өөр аргагүй байдалд оруулсан бас нэгэн баримт нь сүүлийн хэдхэн жилд барьж хоригдсон бизнесмэн, компанийн захирлын тоо гарын байтугай хуруунд багтахаа больсон явдал юм. Сонгуулийн өмнө хорьдог, дараа нь тавьдаг жишиг ч тогтчихлоо. Хэвлэлийн хуудаснаа ч өдөр бүр л шалгагдаж буй компанийн захиралтай холбоотой мэдээлэл гардаг шахуу болсон. Энэ нь нэг талаас хууль хяналтын байгууллагууд сайн ажиллаж байгааг илтгэх үзүүлэлт мэт боловч үнэндээ бизнес эрхлэгчдээ айлгаж буйг батлах баримт.
Цагдаа, хүчний байгууллагынхан дотор яригддаг болсон "Гахай болгох уу, үнээ болгох уу" гэдэг хэлц ч үүнтэй холбоотой. Шалгагдаж байгаа хэргийг нь нэг тийш нь цавцаад бөөн мөнгө авахаа гахай, удаан хугацаанд сунжруулан шалгаж бага, багаар мөнгө саахаа үнээ болгох гэж ярьдаг болтлоо баялаг бүтээгчдээ айлгадаг болжээ. Ийм айдастайгаар бизнес хийснээс зүгээр л банкинд мөнгөө хадгалуулаад хүүг нь аваад явах нь эрсдэлгүй. Тиймээс л Засгийн газар бүгдэд нь дахин нэг боломж олгох замаар баялаг бүтээгчдээ айдсаас салгаж, бас эдийн засгаа сэргээе гэж тооцжээ. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөлийн тухай хуулиудыг гаргаж нуусан татварын ер төлбөр, дарагдуулсан хөрөнгөө нэг удаа үнэнээр нь мэдүүлбэл төр өршөөе гэж байгаа юм. Ингэж иргэддээ айдасгүйгээр алхах боломж олгоё, ил болсон, эргэлтэд орсон тэр өрөнгөөр нь эдийн засгаа сэрээе гэсэн санаа. Гэхдээ энэ удаад айдас улстөрчдөд бол үлдэх'нь. Одоо энэ тухай өгүүльө.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл УИХ-д анх удаа орж ирсэн. Хуулийн төслөө ингэж нэрлэсэн нь 2007 оны төгсгөлд баталсан Татварын өршөөлийн хуулиас ч өргөн хүрээг, олон хүнийг хамааруулах зорилготой нь холбоотой байв. Өөрөөр хэлбэл, тэдний УИХ-д өргөн барьсан, одоо ч Засгийн газар эргүүлэн татаагүй байгаа тэр төсөлд туссанаар бол иргэд, аж ахуйн нэгжээс гадна төрийн албан хаагчид бүгд өршөөлд хамрагдахаар байсан юм. Угаасаа улсын мөнгийг идсэн, үүнийгээ нуусан хүмүүс гэхээр төрд өндөр алба хашиж байгаа, хашиж байсан л хүмүүс шүү дээ. Иймээс ч Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо буруу мэдүүлж байсан төрийн өндөр албан тушаалтнуудад ч боломж олгож нэг удаа нуусан хөрөнгө мөнгөө ил гарга, төр өршөөе гэсэн заалт төсөлд туссан байв.
Харин Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжавын Засгийн газартаа танилцуулсан, одоо УИХ-д өргөн барих гэж буй төсөл нь арай өөр агуулгатай. Харахад Х.Тэмүүжингийнхээс ялгаагүй мэт боловч нэмсэн ганц заалт нь уг төслийг агуулгын хийгээд ач холбогдлын хувьд багагүй өөрчлөх бололтой.
Тодруулбал, төсөлд "Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Цэц, бүх шатны шүүгч, прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агөнтлагийн даргын албан тушаал эрхэлж байгаа хүнд энэ хууль хамаарахгүй" гэсэн заалт оруулсан байна. Хэрэв энэ заалтыг УИХ тэр чигт нь баталбал төрд өндөр албан тушаал хашиж буй бүх хүн тойргийн гадна, хуулийн үйлчлэлийн хүрээнээс холуур өнгөрөх нь. Өнгөц дүгнэхэд, улстөрчид өршөөгдөхгүй юм шиг, магадгүй шударга шийдвэр мэт боловч үнэндээ тэд мөнгөө гудсан дороо, оффшор дансандаа хадгалсаар үлдэх нь. Гэнэдсэн нь л С.Баярцогт гэдэг шиг улстөрчид бүгд мөнгөө яг өнөөдрийнх шигээ нууж үлдэж, цаашилбал оффшор дансанд нь үлдээх бололтой. Монгол Улсын баялгийн багагүй хувь нь хэдхэн хүнд, тэр тусмаа улстөрчдийн л гудсан дор хадгалагдаж байдаг гэвэл баялаг бас л нууц хэвээрээ үлдэх нь ээ.
2007 оны Татварын
өршөөлийн хуулиар дөрвөн их наяд төгрөг ил гарсан гэдэг. Энэ бол зөвхөн
баялаг бүтээгчдийн татварт төлөөгүй байсан мөнгөний багахан хэсэг нь.
Үүн дээр улстөрчдийн нуусан мөнгийг, татвараас бултуулсан хөрөнгийг
нэмээд ил болговол эдийн засаг нь гүйх цусгүй болчихсон энэ улсад л
хэрэгтэй. Гэвч улстөрчид өнөөдөр "Өөрсдийгөө өршөөлд хамаарууллаа" гэсэн
шүүмжлэлийн галаас айхдаа хуулийн төслийн хүрээг өөрсдөөсөө холуур
зурж, мөнгөө ч нуун, айдастайгаа ч үлдэх замыг сонгож мэдэх нь. Уг нь
хуулийн хүрээнээс гаргасан нь биш, хуульд өөрсдийгөө хамааруулж, нуусан
мөнгөө гаргах нь илүү эр зориг баймаар юм.
Ч.Гангэрэл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих