Франц орон тэр чигээрээ айдас хүйдэст автаад байна. Өнгөрсөн баасан гаригт Парисын зүүн хэсгийн еврей эзэнтэй хүнсний дэлгүүрт халдлага үйлдсэн лалын дайчин Амеди Кулибалигийн хамсаатан бүсгүй Хаят Бумедьен Францаас зугтаж амжжээ. Дэлгүүрт хүмүүсийг барьцаалсан Кулибалийг цагдаа нар довтлон баривчилж байх үед Хаят аль хэдийнэ Туркт очсон байсан хэмээн мэдээлэв. Францын цагдаа өнгөрсөн тав дахь өдөр ах дүү хоёр алуурчин Куаши, Кулибали нарыг устгасны дараа терроризмын эсрэг ажиллагааны гол зорилго нь Хаят Бумедьен болоод байсан юм. Бумедьен хэд хоногийн өмнө Испанийн Мадрид хотоос Туркийн зүг нисчээ. Тэрээр аль хэдийнэ Сирид очиж "Исламын улс” бүлгийнхэнтэй нийлсэн хэмээн үзэж байна. Францын цагдаа энэ бүсгүйг хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнээр зарласан ч тэрээр аль хэдийнэ зугтаж амжсан бололтой.
Ар араасаа цуварсан аймшигт халдлагын улмаас амь үрэгдсэн 17 хүний дурсгалыг хүндэтгэх жагсаал хагас сайнд болж 700 мянган хүн оролцжээ. Харин өчигдөр хамгийн том жагсаал Парис хотод болж, францууд терроризмын эсрэг эв нэгдэлтэй байна гэдгээ тунхагласан юм.
"Le Monde” сонин Кулибали, Бумедьен нарын хэд хэдэн зургийг нийтэлжээ. Тэдгээрийн заримд Хаят хавчаахай нум сумтай авахуулсан байв. Цагдаа нар түүнийг дэлгүүрт болсон аллагын гол тархи, алуурчдын хамсаатан хэмээн үзэж "Зэвсэглэсэн, маш аюултай террорист” хэмээн нэрлэсэн байна. Еврейчүүдийн супермаркетэд хэд хэдэн хүнийг барьцаалсан Кулибали цагдаа нарын суманд өртөн алуулахаасаа өмнө "BFM” телевизэд ярилцлага өгөхдөө "Би "Исламын улс” бүлгийн гишүүн. "Charlie Hebdo” сэтгүүлийн газар халд лага үйлдсэн дайчид ч бидэнтэй холбоотой” хэмээн өгүүлсэн билээ.
Хаят Бумедьен ах дүү террористуудын нэгнийх нь эхнэртэй байнга холбоотой байжээ. Тэд 2014 онд хоорондоо 500 гаруй удаа утсаар ярьсан болохыг цагдаа газраас тогтоогоод байна. Тэд өөр юугаар хоорондоо холбогдож байсныг мөрдөгчид тогтоохоор ажиллаж байна. Хэд хэдэн удаа шийтгүүлж ял эдэлж байсан Кулибали шоронд байхдаа үндсэрхэг лал шашинтан болсон аж. Тэрээр 2009 онд Хаят Бумедьентэй лал шашны ёсоор гэрлэжээ. Лал шашны ёс заншлыг дагасан гэрлэлтийг Францын сэхээтнүүд, элит ангийнхан хүлээн зөвшөөрдөггүй билээ. Бумедьен дэлгүүрт кассчин хийдэг байсан бөгөөд үндсэрхэг лал шашинтнуудын толгойн гоёл буюу зөвхөн нүдээ гаргаж нүүр, үсээ нуудаг хикабыг тайлахаас нэг бус удаа татгалзсан тул ажлаасаа халагдаж байсан аж.
Нэгдүгээр сарын 7-ны лхагва гаригт алан хядагчид Charlie Hebdo хошин шог сэтгүүлийн редакц руу зэвсэглэн халдаж 12 хүний (арван сэтгүүлч, хамгаалалтын хоёр ажилтан) аминд хүрч, 11 хүнийг шархдуулсан билээ. Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар, гурван этгээд сэтгүүлийн редакц руу дайрчээ. Нэг нь цагдаа нарт бууж өгсөн байна. Нөгөө хоёр нь болох ах дүү Шериф Куаши, Саид Куаши нарыг хоёр өдөр эрэн сурвалжилсны эцэст нэгдүгээр сарын 9-нд Парисаас 60 км-ын зайд илрүүлж, тусгай ажиллагааны явцад устгасан ажээ. Ах дүү Куашиг устгахтай зэрэгцэн цагдаа нар Парисын зүүн хэсгийн еврей дэлгүүрт дайран орж иргэдийг барьцаалаад байсан 32 настай лалын дайчин Амеди Кулибалийг устгасан юм. Тусгай ажиллагааны явцад түүнийг устгасан ч тэрээр дөрвөн хүний аминд хүрч амжсан байлаа.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих