Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг сахих талаар өгүүлжээ. Тодруулбал,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА
Эрхэм таны амар амгаланг айлтгах дашрамд Танаар толгойлуулсан Шийдлийн Засгийн газар Үндсэн хуулийн үзэл баримтлал, тулгуур зарчим, шударга ёсыг хангаж баталгаажуулахад дорвитой, бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 17 зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаарна” гэж заасан байдаг. Энэ нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал салбар дундын зохицуулалтыг зайлшгүй шаарддагтай холбоотой билээ.
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй тодорхой өөрчлөлт, зохион байгуулалтын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг Хүн ам, хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд хамааруулж, төсвийг нь уг яамны сайдын багцад багтаах болж байгаа нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж бид үзэж байна.
Ерөнхий сайдын хувьд Та Жендэрийн үндэсний хороог тэргүүлсэн хэвээр ажилласан ч ажлын албаны бүтэц нь нэг яамны харъяанд багтсан тохиолдолд салбар дундын зохицуулалт хийх боломж хязгаарлагдана.
Дурын шалтаг тоочин хууль зөрчдөг энэ мэт жишгийг Засгийн газар өөрөө тогтоох нь төрт ёс, хууль дээдлэх зарчимд огт нийцэхгүй. Засгийн газар хуулийн хүрээнд аливаа шийдвэрээ гаргаж байх нь хүний эрх, ардчилал, шударга ёсны баталгаа болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар нь "...төрийн хуулийг биелүүлж, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” үүрэгтэй. Иймээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны бүтцийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бие даасан байдлаар ажиллуулахыг ШААРДАЖ БАЙНА.
Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад заасны дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаар Монгол Улсын Их Хуралд тайлагнахыг ШААРДАЖ БАЙНА.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор шаардлагын хариуг бидэнд бичгээр өгнө үү!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих