Парист болсон цуврал халдлагын улмаас 17 хүн амь үрэгдсэний дараа
дэлхий нийтээр террорист халдлагыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэн
жагссан. Дэлхий нийт айдсаасаа салж чадаагүй байгаа энэ үед Францын
терроризмтой тэмцэх байгууллагын ажилтан байсан Ив Тротигнон дахин
халдлага болж магадгүй талаар сэрэмжлүүлжээ. Тэрээр өнгөрсөн долоо
хоногт 17 хүний амь насыг авч одсонтой ижил төрлийн халдлага гарч
болзошгүйг анхааруулсан байна.
Хуучнаар терроризмтой тэмцэх байгууллагын ажилтан байсан Ив Тротигнон "Тime" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бидний мэдрэх эмзэглэл үүгээр дуусахгүй" хэмээн хэлсэн байна. Одоогоор хувиараа терроризмтой тэмцэх асуудлаар зөвлөх албатай байгаа тэрээр өнгөрсөн долоо хоногт гарсан халдлагын хэргийг мөрдөн шалгаж байгаа Францын тагнуулын албаныхантай ойр дотно харилцаатай аж. Түүний хэлснээр "халдлага үйлдсэн этгээдүүд амь үрэгдсэн ч бидний эмзэглэл үүгээр дуусахгүй" хэмээн тагнуулын албаныхан хэлсэн тухай ярьжээ. Өөрөөр хэлбэл Францын тагнуулын албаныхан халдлагыг голлон зохион байгуулсан хүмүүс амьд байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дахин халдлага гарч болзошгүй хэмээн үзэж байгааг тэрээр ний нуугүй ярьжээ. "Тиймээс ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Холбогдох албаныхан террористуудыг дараагийн халдлагадаа бэлтгэж байгаа хэмээн үзэж байгаа" гэжээ.
Хэдийгээр өнгөрсөн лхагва гаригт болсон халдлагыг дээд тал нь зургаан хүн үйлдсэн хэмээн үзэж байгаа ч зохион байгуулсан бүлэглэл илүү том ч байж болзошгүй аж. "Associated Press" агентлагийн мэдээлснээр халдлага болох үед бүртгэгдсэн машинуудын дунд гэмт этгээдүүдийн нэгнийх нь эхнэрийн машин байжээ.
Ив Тротигнон "Зевхөн Франц улсад төдийгүй Герман гээд Европын хаа саагүй халдлага гарч байсан. Бид тэр болгон Ирак, Сириэс ирсэн хүмүүст хяналт тавьж чадахгүй байгаа. 2004 онд Мадридын галт тэрэгний бөмбөгдөлтийн' үеэр 191 хүн хорвоог орхисон бол 2005 оны долдугаар сарын 7-нд дөрвөн амиа золиослогч Лондон хотод халдлага үйлдэж 52 хүний амь насыг авч одсон. Тиймээс террористууд дараагийн удаа олон хүн зорчдог газарт халдлага үйлдэж болзошгүй" гэжээ.
Үндэсний шуудан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих