Нэг үе мөнгөтэйн зовлонг мэдэрч явсан монголчууд өнөөдөр мөнгөгүйн
зовлонг мэдэрч эхэллээ. Энэ удаад авдраа ухаад ч атга гурил гарахгүй
нөхцөл байдал үүссэнийг хэн хүнгүй тодотгож байна. Товчхондоо
Оюу-толгойн урьдчилгаа, "Чингис" бондыг босгосон үеийг бодвол гадаадын
хөрөнгө оруулалт тэг зааж, валютын урсгал зогссон учир өөрсдөдөө байгаа
бүхий л боломж бололцоогоо эрэлхийлэхээс өөр аргагүйд хүрсэн нь энэ юм.
Адаглаад улсын төсөв хасах үзүүлэлттэй гарч нэг их наядаар тасарчихлаа.
Одоо бол иргэдийн халаасанд банкны зээлийн баримт, аж ахуйн нэгж
байгууллагын шүүгээнд татварын өр нэхсэн албан бичиг л хөглөрч байна.
Арга ядахдаа парламент, гүйцэтгэх засаглалынхаа хэмжээнд татварын
хуулиуддаа өөрчлөлт оруулах замаар үүсээд буй хямралыг бага ч гэсэн
"намжаах" талаар хэлэлцэхэд хүргэв. Нэг ёсондоо улсаараа мөнгөний эрэлд
гарч эхэллээ. Ийнхүү хямралаас үүдэлтэй "хар мэдээ"-нүүд өдөр бүр
хэвлэлийн хуудаснаа залрахтай зэрэгцээд Засгийн газраас Эдийн засгийн ил
тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай
хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй ч өргөн барьсан өдрөөс л "хэсэг албан тушаалтан, авлигачдыг өршөөх гэж байна" гэх шүүмжлэл сошиал ертөнц төдийгүй олон нийтийн ярианы гол сэдэв болж байх шиг. Тийм ч байж болох. Гэхдээ шүүмжлэлийг түр азнаад Засгийн газраас дуншиж дуншиж өргөн барьсан Эдийн засгийн ил тод болон өршөөлийн тухай хуулийн давуу талыг нь эхлээд олж харах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг улстөржүүлж бус эдийн засгийн ач холбогдол талаас нь харах гээд үзье.
2007 онд Монгол Улсын эдийн засаг хямарч бүгдээрээ мөнгөний эрэлд гарч байв. Яг л өнөөдрийнх шиг. Тухайн үед Засгийн газраас өргөн барьсан Татварын өршөөлийн хуулийг УИХ-д баталж 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаатай хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхэд татварын байгууллагад бүртгүүлээгүй, татвар ногдох орлогоо нуусан 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж нуун далдалсан хөрөнгөө сайн дураараа ил болгож байв. Ингэснийх нь төлөө тэднийг эрүүгийн болон татвараа нуусан гэмт хэргээс чөлөөлсөн юм. Үр дүнд нь дөрвөн их наяд төгрөг зах зээлд орж ирж, тэр хэмжээгээр уналтад ороод байсан эдийн засгийг тэлсэн байдаг. Монгол Улсад бүртгэлтэй 43 мянган аж ахуйн нэгжийн 2853 буюу ердөө л хоёрхон хувь, татвар төлөгч 790 мянган иргэнээс 2200 нь орлогоо ил болгоход улсын төсвийн гуравны хоёрыг бүрдүүлэх хэмжээний мөнгийг эдийн засагт эргэлдүүлсэн нь энэ байв. Өөрөөр хэлбэл, татварын өршөөл цөөн тооны иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүрэхэд л эдийн засгаа тэлэхийн зэрэгцээ эрчимжүүлж чадсан юм.
Гэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байсан юм. Учир нь, татварын өршөөлийг үзүүлж эхлэх үеэр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дийлэнх хөрөнгийг нь ил болгочихоод барьж хорих гэж байна гэсэн болгоомжлолд орсноос гудсан доорхи мөнгөө ил гаргаагүй гэдэг. Нэг ёсондоо Татварын өршөөлийн хуульд итгээгүй хэрэг. Мэдээж өнөөдрийг тэр үетэй харьцуулбал өдөр, шөнө шиг зөрүү гарна. Нэг үеэ бодвол монголчууд мөнгөтэй болсон. Банкин дахь хадгаламжийн хэмжээ жил бүр өсөлттэй гарч байгаа нь үүний нотолгоо. Гагцхүү манайд мөрдөж байгаа хууль эрхзүйн орчин нь тэднийг мөнгөө ил гаргахаас "эмээх" шалтгаан болдог байх.
Санаж байгаа бол дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо Де Сото Монголд ирээд буцахдаа энэ тухай цухас дурдаж байв. Тэрээр "Байгалийн баялаг бол капитал биш. Монголд 7.1 тэрбум ам.долларын эд хөрөнгө бүртгэлээс гадуур, үхмэл байна. Үүнийгээ чулуу болгох хэрэгтэй" гэсэн байдаг. Дөрвөн жилийн өмнө хэлсэн Сотогийн мөнгөний хэмжээ өнөөдөр хэд болж өссөнийг хэлж мэдэхгүй. Гэхдээ түүний хэлсэн шиг Монголд далд хэлбэрээр байгаа хөрөнгийн хэмжээ хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэх байх. 2014 оны сүүлээр гэхэд ДНБ-ий хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Монгол зах зээлд 11 тэрбум ам.доллар эргэлдэж байна гэсэн үг. Тиймээс Эдийн засгийн ил тод болон өршөөлийн хуулийг танай, манай, АН, МАН гэж талцалгүйгээр яаралтай УИХ-аар хэлэлцэж баталмаар байна. Ядаж л хуулийг хэлэлцэх үеэр аль нэгэн нам эвслийн бүлгээс завсарлага авч хугацаа алдахгүй байх нь чухал байна.
900 гаруй бизнес эрхлэгчдийн гишүүнчлэлтэй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс ч эдийн засгийн өршөөлийн хуулийг яаралтай баталж бизнесийн төлөөлөлд дэмжлэг үзүүлэхийг эрх баригчдад хэлэх болсон. Авлигачдыг өршөөх нь буруу байж болох ч тэд улсаас хулгайлснаа ил гаргана, гадаадын оффшор дансанд нууснаа Монголдоо оруулж ирнэ. Бусдын нэр дээр хадгалуулсан мөнгөө ч ил гаргана. Үр дүнд нь Монгол Улсад эргэлддэг мөнгөний хэмжээ, урсгал нэмэгдэнэ. Эдийн засаг ч тэлнэ. Ингэж дотоод нөөцөө ашиглах нь гаднаас бондоор өр тавихаас хамаагүй дээр ч байж болно шүү дээ. Нэг хүнийг барьж хорьсноос хоёр хүнийг сайхан амьдруулах нь монголчуудад хэрэгтэй. Үнэндээ АН, МАН-ын эдийн засаг гэж байхгүй. Гагцхүү хэнийх нь үед хэрхэн бодлого барьснаар, ард түмэнд үр өгөөжөө өгснөөр л тооцогдоно. Тиймээс мөсөн уулын оройг нь харах бус гүн рүү оръё. Ингэж байж л эдийн засгаа тэлнэ.
С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих