Хүний хорвоод үнэндээ үнэн гэж байдаг эсэхэд эргэлзмээр болжээ. "Амьдралд хоёр л үнэн бий. Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн” гэж нэгэн хашир мэргэн өгүүлсэн удаатай юм билээ.
Монгол улсад ардчилал нахиалж, дараа нь цэцэглэж, эцэстээ хагдарахыг харсаар явна. Хамгийн хачирхалтай нь Монголын төрд хатуу үг, шулуун зангаараа олныг айлгаж, ичээж явсан эрчүүд нь эрт одчихсон байх юм. Одоо үлдсэн хэдийг нь хүүхэн шиг хэрүүлч, увайгүй луйварчин гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л, ардчиллын салхи сэвэлзснээс хойш ардчиллын тухай ярих биш ажиллаж чадсан хүмүүс нь үгүй болчихож.
Хамгийн түрүүнд Санжаасүрэнгийн Зориг хэмээх үргэлж стюардесс хэмээх тамхи татдаг, нүдний шилтэй, намуухан дуутай эр санаанд бууна. Ардын хувьсгалын гол баатар нь Дамдины Сүхбаатар байсан шиг С.Зориг Ардчиллын гол нүүр царай нь болсон билээ. Гэтэл тэрээр гэртээ, гэргийнхээ дэргэд балмад этгээдүүд олон удаа хутгалуулан амиа алдаад олон жил өнгөрч байна. Аймшигт хэрэг гарах үеэр С.Зориг агсныг Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлж байсан билээ. Мөн Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт их мөнгөний асуудлууд араасаа урган гарч ирчихээд байлаа. Оросын ОРТ телевизийн анхны захирал Влад Листьев орцныхоо үүдэнд гэмт этгээдүүдэд буудуулан амь алдсантай яагаад ч юм адилхан санагддаг юм. Листьев тухайн үед ОРТ телевизээрээ архи, тамхины реклам огт цацахгүй гэсэн журам гаргасан нь түүний аминд хүрэх шалтгаан болсон ч гэж үзэх тал байдаг. Харин С.Зориг агсан магадгүй бас л нэг зүйлийн хориг болон босч ирэх гээд байсан тул замаасаа зайлуулсан биз. Түүнийг зайлуулсан хүмүүс зам гаргасан газраараа алхаж л яваа нь дамжиггүй. Харин хаана, ямар зам гаргасныг мэргэжлийн мөрдөгчид тогтоох ёстойсон.
Удаад нь яруу найрагч Очирбатын Дашбалбар санаанд буудаг. Монгол хувцсаараа гоёдог, том эрх бугалгандаа унжуулсан энэ билэг танхай эр одоо үеийн олон үгтэй, хүүхэн дуутай улстөрчдийг бодвол хэлье гэснээ хэлчихдэг, хийе гэснээ хийчихдэг нэгэн байж. Түүнийг гоочилогсод нь үнэндээ өөрсдөө түүнээс ч дор боохойнууд байсан нь одоо бараг хүн бүрт ойлгомжтой болоо биз ээ.
"Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла” гэж Очирбатын Дашбалбарын гайхалтай шүлгэнд өгүүлсэн нь бий. Ийм сайхан шүлэгтэй, тийм сэтгэлтэй, тэрс үгтэй хүн Монголын улстөрд долоон бурхан од шиг гялалзан гарч ирээд, удалгүй нарт хорвоогоос одсон билээ. Тэрээр амьсгал хураахаасаа хэдэн хоногийн өмнө найз, яруу найрагч Дамбын Төрбатдаа "Би үхчих юм шиг байна аа, п…” гэж хэлж байсан гэдэг. Түүнийг өвчний улмаас л үрэгдлээ гэсэн. Гэвч тэрхүү өвчнийг өөр хэн нэгэн "бэлэглэсэн” байж болохыг хувьдаа лав үгүйсгэхгүй.
Булганынхныг бүхний анхдагч гэдэг. Тэндээс Л.Энэбиш хэмээх сайхан монгол эр төрөн гарч, Монголын төрд заларсан юм. Түүний явсан газар буян дэлгэрч, олон түмэн ам сайтай, ажил урагштай явдаг байлаа. Гэвч мөн л ид хийх, бүтээх насандаа орчлонгийн хаалгаар одчихсон.
Мэндийн Зэнээ хэмээх хатуухан үгтэй, шулуухан зантай эр байлаа. Мөн л цагаасаа эрт бурхны оронд одчихсон. Х.Баянмөнх аваргыг "Заалны алчуур” гэж хэлж чадсан энэ эрхэм улс төрийн тогоонд ногоорч, но-тож буй олон сүнсгүй сүүдрүүдийг арилгах чадалтай нэгэн байсан шиг. Гэвч бас эрт одчихсон.
Хэдийгээр улстөрд шууд орж, хэрүүл зарга үүсгэж гүйгээгүй ч гэсэн Ш.Отгонбилэг хэмээх омголон, бэлтэй эр Монголд минь нэг байлаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг алган дээрээ тавьсан мэт ажиж, эх орныхоо төлөө ажиллаж, зүтгэж чадаж байв. Хамгийн гол нь тэрээр зангарагтай, зантай эр байж чадсан. Гэвч хөдөө ажлаар явахдаа онгоцтойгоо осолдож, харамсалтайгаар хорвоог орхисон.
Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, монгол эр хүний ноён нуруу гэж ямар байдгийг харуулж чадсан Жанлавын Наранцацралт мөн л цаг бусаар одсон. Тэрээр Дундговь нутагтаа ажлаар оччихоод эргэж ирэх замдаа авто ослоор өөд болсон. Хачирхалтай нь, Дундговиос тэр шөнө хөдөлсөн хоёр машин хоёулаа осолдсон байдаг. Нэг нь Өмнөговь руу хөдлөөд осолдсон бол нөгөө нь Улаанбаатар руу орж ирэхийнхээ даваан дээр осолд орсон. Магадгүй хэн нэгэн хоёр машинд хоёуланд "гай удсан” байхыг үгүйсгэх аргагүй мэт санагддаг.
Үүнээс гадна Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн асан О.Энхсайхан гэх мэт олон сайхан эрчүүд цаг бусаар нарт ертөнцөөс одсныг эрхэм та нэмж, нэрлэж чадна биз.
Ингэж л Монголын шилдэг хөвгүүд нэг нэгээрээ, аажим аажмаар бидний дундаас одсоор ирсэн. Бид тухайн үедээ харуусаад өнгөрсөн ч эргүүлээд бүх нэрийг нь жагсаад үзвэл арай л хатуу хэрнээ үнэн үгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой шилдэг хөвгүүд нь үгүй болоод байсан шиг. Нэг бол тохиолдол гэхсэн. Хоёр бол золгүй явдал гэж тайвшрахсан. Арав орчим нэр ар араасаа цувраад ирэхээр "Арай энэ чинь…” гэж бодож эхлэх юм. Монголын шилдэг хөвгүүдийг нэг нэгээр намнадаг юм биш байгаа даа…?!
Р.Гэгээ
Эх сурвалж: Tumen.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих