Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Галбадрахын Отгонцэцэг
Казахстан улсын нэрийн өмнөөс 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх болсон
талаар өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллүүд нэлээд шуугисан. Монгол,
Казахстаны жүдо бөхийн холбооны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд
тэрээр харь орны нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга, цаашлаад олимпод
өрсөлдөхөөр болсон нь энэ. Түүний хувьд өчигдөр Казахстан улсыг зорьсон
юм. Олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэгийг Казахстаныг зорихоос нь
өмнө цөөн хором ярилцсанаа хүргэе.
-2016 оны олимпийн наадам дуустал Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах боллоо. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Баяртай
байна. Миний хувьд олимпийн наадамд оролцох зорилгоо биелүүлэхэд нэг
алхам урагшиллаа. Мэдээж хоёр жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа маш
сайн хийж байгаад медаль авахын төлөө зүтгэх болно. Уг нь Монгол
Улсынхаа нэрийн өмнөөс барилдсан бол гэж бодох л юм. Гэхдээ олдож байгаа
боломжийг алдахыг хүсээгүй учраас зөвшөөрсөн. Би бүх хүчээ дайчилна.
-Хоёр жилийн хугацаанд өөр багтай бэлтгэл хийж, гэрээсээ хол байх нь дээ?
-Тийм
ээ, гэхдээ энэ байдаг л зүйл. Тамирчин хүн бүр ийм зүйлтэй учирдаг
болов уу. Угаасаа тамирчин бид чинь нэг жилийн бараг талаас илүүд нь
гэртээ байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр гайгүй биз.
-Казахстаны талаас тавьсан саналыг анх сонсоод юу гэж бодов?
-Бага
зэрэг цочирдсон. Тэгээд дараа нь "яагаад болохгүй гэж" гэж бодсон.
Тэртэй, тэргүй олимпийн наадамд нэг улсаас нэг л тамирчин оролцоно. 48
кг-ын жинг гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлж байгаа. Түүний хувьд
олимп хүртэл байр сууриа хадгалах боломжтой. Тэгэхээр 2016 оны олимпод
надаас илүү М.Уранцэцэг гавьяат оролцох магадлал өндөр. Энэ бүхнийг
сайтар бодсоны эцэст би Казахстаны талаас тавьсан саналыг зөвшөөрсөн.
Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд болон дасгалжуулагчид, хамт
бэлтгэл хийдэг тамирчид, найзууд маань надтай санал нэг байж, намайг
дэмжсэнд баярлаж байна.
-Казахстаны тал танд ямар нэгэн амлалт өгсөн үү?
-Үүнийг одоо яриад хэрэггүй байх. Цаг нь болохоор мэдэгдэнэ шүү дээ.
-Ер нь Казахстаны Засгийн газраас олимпоос медаль авсан тамирчдаа боломжийн хэмжээнд урамшуулдаг шүү дээ?
-Тийм ээ, тэр талаар би сонсч байсан.
-2015 он хэдийнэ гарсан байна. Энэ оны зорилгоо тодорхойбол?
-Мэдээж
олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдэд оролцоно. Миний хувьд одоогоор
жиндээ есдүгээрт эрэмбэтэй байгаа. Ямар ч байсан эхний 10-т багтсан
байраа баталгаажуулах зорилготой. Хамгийн гол нь Казахстаны Алма-Ата
хотод болох ДАШТ-д анхаарлаа хандуулна. Би дэвжээний эзэн бөх гэж
нэрлэгдэх учраас өндөр амжилт үзүүлэх үүрэг даалгавар оногдоно. Тиймээс
бэлтгэл сургуулилтаа шаргуу хийх болно. Энэ жил дэлхийн аваргаас медаль
хүртэхийг хүсч байна.
-Хамт олонтойгоо дасах гэж багагүй хугацаа шаардах байх даа?
-Тэгэх шаардлагагүй гэж бодож байна. Тийм зав ч байхгүй.
-Хамт олон таиь юу гэж захиж байна вэ?
-Биеэ
сайн бодоод, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулаарай гэсэн. Бас зорьсон
зорилгоо биелүүлэх том боломж шүү гэж Д.Энхбаатар багш маань хэлсэн.
Хамт олныхоо захиасыг биелүүлэхийн төлөө хичээнэ дээ.
-Казахстан явах учраас УАШТ-д оролцоогүй хэрэг үү?
-Тэгж ойлгож болно.
-Сүүлчийн асуулт. Таны нэрийг Казахстаны ард түмэн өөрчлөх хэрэгтэй гэсэн байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Хэлж мэдэхгүй юм. Очсон хойно л болох байх даа. Гэхдээ хэн эцэг, эхээс хайрласан нэрээ солихыг хусэх билээ.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Намайг дэмжиж, үргэлж тусалж байсан хүмүүстээ баярласнаа илэрхийлэхийг хүсч байна. Та нарынхаа итгэлийг алдахгүй ээ.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих