Он гарснаар ам.долларын ханш 1945 төгрөг хүрсэн нь түүхэндээ анх удаа ингэж өсч буй тохиолдол юм. Манай улсын эдийн засгийн ирээдүйн нөхцөл байдал улс төрийн болоод өөр хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж ямар байх төлөв нь харагдана. Эдийн засагчдын үзэж буйгаар ам.доллар өсөх хэд хэдэн шалтгаан бийг дурьдсаар байгаа. Мөн ам.доллар өссөнөөр манай улсад ч эдийн засгийн ашигтай нөхцөл байдлууд бий болж байгааг олж харж болохоор байна.
-АНУ,ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ-
Бид Хятад, АНУ гэсэн хоёр том эдийн засгийг харах ёстой. АНУ-д сүүлийн жилүүдэд ажилгүйдэл их, банкны зээлийн хүү багатай байсан. Өнөөдөр АНУ-д ажилгүйдэл багасч, зээлийн хүү нь ихэсч байна. Энэ нь дотоодын ам.долларын ханш өсч, иргэдийнх нь худалдан авах чадвар нэмэгдэж байгаа гэсэн үг юм. АНУ-д ам.долларын эрэлт өсч байгаа учраас бусад улс орны зах зээл дээр ч ханш нь өснө. Мөн Хятад улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл зогсоод байгаа. Барилгын материалын үнэ буурч, дотоодын үйлдвэрлэл нь нэмэгдэхийн хэрээр юанийн эрэлт ихсэх юм. Хятад улс энэ жилээс эхлэн дотоодын нүүрс үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд нүүрсний импортоо багасгаж байна. Энэ нь манай улсаас худалдан авах нүүрсний хэмжээ багасах дүр зураг харагдаж байгаа юм. Нөгөө талдаа Хятад улс энэ онд цахилгаан эрчим хүчний салбартаа илүү хөрөнгө оруулж, зэсийн үнэлгээгээ бага зэрэг нэмэгдүүлэх төлөв бий. Харин ам.долларын ханш сайжирч байгаа учраас нийт хөрөнгө оруулагчид алтанд бус ам.долларт чиглүүлж байна. Дэлхийн зах зээл дээр энэ нь алтны үнэ унахыг харуулж байгаа учир манай улсад хамгийн ашигтай нөхцөл байдал гэж харж болохоор.
-АМ.ДОЛЛАР ӨСӨХ НЬ МОНГОЛД ЯМАР АШИГТАЙ ВЭ-
Ам.доллар өсч байгаа нь хэд хэдэн тал дээр манай улсад ашигтай. Тухайлбар ХАА-н салбарын экспорт нэмэгдэх төлөв бий. Энэ бол манай улсын хувьд хэтийн төлөвтөө тун чухал боломж юм. Өөрөөр хэлбэл, дотоодын мөнгөний ханш сул болохтой зэрэгцэн экспортоо нэмэгдүүлэх өргөн боломжийг олж харж болно. ОХУ ч мөн энэ аргыг хэрэглэж байгаа. ОХУ-д рублийн ханш сулармагц импортын архийг эрс багасгаж дотоодын архины үйлдвэрлэлээ нэмэгдүүлж экспортоо ч мөн энэ хэрээр нэмэх нь ам.долларын өсөлтөөс ашиг хүртэх боломжийг нээх юм. Манай улсад ч мөн ийм боломж бий. Уул уурхайгаас бусад салбарт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх боломж өөрөө бий болж байна гэж харж болохоор.
Ам.долларын ханш бага байхад гадны зах зээлээс өөрсдөө бүтээгдэхүүн, түүхий эдийг импортлож байсан бол одоо бид ам.долларын өсөлтөөс шалтгаалан импортын татвар болоод худалдан авах чадвар багасмагц дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх арга замыг сонгож эхэлж байгаа юм. Ам.долларын ханш яг энэ хэмжээгээ бариад зогсвол манай улсад экспорт эрс нэмэгдэх давуу тал бий.
"Манай дотоодын экспортын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сул байгаагийн нэг илрэл нь ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн эдийн засаг нь хотолзож байгаагаас харж болно. Хэрэв дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг гадаад зах зээлд хангалттай хэмжээнд экспортолж чаддаг байсан бол манайд "хатуу валют” орж ирэх байсан. Гэтэл зөвхөн уул уурхайн түүхий эдэд найддаг хандлага нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байгаа юм” хэмээн эдийн засагчид шүүмжилдэг. Бид өөрсдөө өргөн хэрэглээний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх боломжтой атлаа бүгдийг нь ам.доллараар импортоор худалдаж авдаг. Иймээс "гор” нь ийнхүү ам.долларын ханшийн өсөлтийг дагаж манай улсад мэдрэгдэж байх жишээтэй. Импортоор өндөр үнэтэй бүтээгдэхүүн авч суух биш, зөв зарцуулах, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэх чиглэлд бодитой ажил хийх цаг аль хэдийнэ болсныг бизнес эрхлэгчиддээ эдийн засагчид сануулсаар байна. Бидэнд энэхүү ханшийн өсөлтийг эерэгээр ашиглах боломж бий гэдгийг дахин хэлье.
Т.БАТСҮРЭН /Medee.MN/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих