Хахир өвөл хөөгдөж халааг нь хавар авдгаараа авлаа. Хэчнээн ч хаврын
нүүрийг үзлээ. Гэтэл ирэх болгонд нь гайхан шогшрох юм. Тогтуун дулаан
саяхны нэг өдөр сэтгэл гээч юм жингүйдээд араасаа дагуулж хаа нэгтээ
хөөрөн нисэх нь. Юу ч болоогүй байхад учиргүй инээд хүрээд ч байх шиг.
Харин бие маань эсрэгээр, дэлхийн таталцлын хүчинд улам ихээр автав уу гэлтэй дааж алхахаддэндүүхүнд. Зовхи маань бүр ч хүнд, сав л хийвэл өдөр шөнийн ямар ч цагт "Унт" гэсэн тушаал өгөөд л. Арга ч үгүй юм даа. Өвлийг давах тэж бие махбодь эрч хүчээ алдан тамирдаж, өнөөх авитаминоз, амин дэмийн дутагдадд орчихсон нь лав. Мал хүртэл хаврын нялх ногооны үнэрт согтоод энд тэнд гишгэлээд элий балай юм шиг болчихдог гэнэ лээ.
Дээр нь хаврын тэнгэрийн тогтворгүй ааштайг хэлэх үү. Түүнийг дагаад сэтгэлийн ааш ч ойлгомжгүй. Тэнгэр тавгүйтэхэд сэтгэл бүүдгэр, харин цэлмэг өдөр учиргүй баясахыг нь яана. Чухам энэ улиралд сэтгэлийн савлагааны амплитуд дээд цэгтээ хүрдэг гэмээр. Тэнгэр цаг агаарын хэмээ дээш доош дураараа савлаад байдаг учраас тэр биз. Гэхдээ тун удахгүй байгаль дэлхий гоёлын даашинзаа өмсөнө. Энд тэндгүй өнгө өнгийн цэцэгс дэлбээлнэ. Тэр бүхнийг зурмаар санагдах нь мэдээж. Бүсгүйчүүд хувцсаа нимгэлэн цэцэгсээс дутуугүй үзэсгэлэнтэй, хараад баймаар болно. Тэгээд нэг их гоё зөөлхөн инээмсэглэхэд уярна.
Бүгдийг нь хайрламаар санагдах нь ойлгомжтой. Тэр цаг алхам алхмаар наашилсаар хаяанд ирлээ.
Б.БАРС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих