Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналтаас Америкийн нэг гэр бүл энэ онд дунджаар 750 ам.доллар хэмнэнэ гэсэн тооцоог тус улсын Эрчим хүчний мэдээллийн захиргаанаас гаргажээ. Манайхаар бол ойролцоогоор 1.5 сая төгрөг гэсэн үг. Түүнчлэн Зүүн хойд болон баруун бүсийн олон сая айл өрх халаалтын хэлбэрээсээ шалтгаалаад энэ өвөл эрчим хүчний зардлаасаа нэмж 700 гаруй ам.долларыг хэмнэхээр байгаа аж. Хэдийгээр Америкийн нийгмийн чинээлэг 10 хувьд энэхүү хэмнэлт, өөрчлөлт мэдрэгдэхгүй өнгөрч болох ч үлдсэн хэсэг, ялангуяа жилийн 30-40 мянган ам.долларын орлоготой, ажилдаа хувийн машинаараа ирж, очдог иргэдийн ачаанаас багагүй хөнгөлөхөөр байгаа юм. Учир нь, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналтын нөлөөгөөр тус улсад шатахуун болон бусад төрлийн нефть бүтээгдэхүүний үнэ буурсаар байна.
Жишээ нь, одоогоос гурван сарын өмнө АНУ-д нэг литр шатахууны үнэ дунджаар 0.93 ам.доллар буюу ойролцоогоор 1797 төгрөг байсан бол өчигдрийн байдлаар 0.63 ам.доллар буюу ойролцоогоор 1217 төгрөг болж 500 гаруй төгрөгөөр буурчээ. Гурван сарын хугацаанд 20 гаруй хувиар буурсан гэсэн үг. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ баррель нь 30 гаруй хувиар буурсан байгаа юм. Тэгэхээр АНУ-д шатахууны үнэ дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй бараг зэрэгцээд буурсан нь харагдаж байна. АНУ нийт газрын тосны хэрэгцээнийхээ 33 хувийг ОПЕК болон бусад орноос импортолдог. Дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлттэй холбоотойгоор зөвхөн АНУ-д ч биш газрын тосны хамгийн том импортлогч, манай өмнөд хөрш БНХАУ, нефть бүтээгдэхүүнийхээ 75 хувийг импортоор авдаг Энэтхэг, бүх хэрэгцээгээ импортын газрын тосоор хангадаг Японд ч өнгөрсөн гурван сарын хугацаанд шатахууны үнэ 20 хүртэлх хувиар буурсныг дэлхийн улс орнуудын шатахууны үнийн статистикийг гаргадаг "GlobalPetrolPrices.com" вэб хуудас болон бизнесийн мэдээллийн бүхий л эх сурвалжаас харж болохоор байгаа юм. Их Британи, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч энэхүү өөрчлөлт ажиглагдаж байна.
Энэ мэтчилэн өнгөрсөн долдугаар сараас хойш 50 гаруй хувиар огцом унаад буй газрын тосны үнэ нэг талаар ОХУ, Венесуэл, Саудын Араб зэрэг экспортлогч орнуудын эдийн засагт хүнд тусч байгаа ч нөгөөтэйгүүр импортлогч орнууд, хэрэглэгчдийн санхүүд эергээр нөлөөлж буй дүр зураг харагдаж байна. Цаашид ч энэ өөрчлөлт, нөлөөлөл үргэлжилнэ гэдгийг Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон бусад томоохон банк, санхүүгийн байгууллагын мэргэжилтэн шинжээчид тооцоолж, мэдээлээд байгаа юм. Дэлхийн эдийн засгийн 2015 оны шинэчилсэн хэтийн төлөвийг энэ долоо хоногт танилцуулахаар зэхэж буй Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард энэ талаар ярихдаа Тазрын тосны үнийн уналт хэдийгээр нийт эдийн засагт дорвитой нөлөөлөл үзүүлэхгуй ч импортлогч орнууд, хөгжиж буй орнуудын эдийн засагт тодорхой хэмжээнд эерэг нөлөөг үзүүлнэ. Ялангуяа Засгийн газрын зардалд эзлэх эрчим хүч, нефть бүтээгдэхүүний салбарын татаасыг бууруулж, ядуурал болон бусад чухал асуудалд чиглүүлэх боломж гарна" гэдгийг онцолсон байна. Жишээ нь, газрын тосны үнэ бага төвшинд хэвээр байвал Энэтхэг улс л гэхэд эрчим хүчний салбарт төрөөс өгдөг татаасын зардлаа энэ онд 2.5 тэрбумаар бууруулах боломж харагдаж байгаа аж. Манайхаар бол үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосон ч шатахууны үнэ өсөхгүй байх боломжийг дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналт олгож байна гэсэн үг.
Дэлхийн банкнаас мөн өнгөрсөн долоо хоногт 2015 оны дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг шинэчлэн танилцуулсан. Тэд бас л газрын тосны үнийн уналт импортлогч орнуудад таатай нөлөө үзүүлнэ гэдгийг тайландаа онцолсон . байгаа. Зах зээлийн хуулиараа бол импортлогч орнуудад дээр жишээ болгон дурдсан АНУ, Хятад, Энэтхэг, Япон болон бусад орнуудтай адил үзэгдэл болох учиртай аж. Улмаар үнийн хөөрөгдлийн нэг гол хөшүүрэг болдог шатахууны үнэ буурснаар бусад бараа бүтээгдэхүүн, инфляцын төвшин дагаж буурч, эдийн засгийн өсөлт нэмэгдэх учиртай. Бүр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 10 хувиар буурах тутамд газрын тос импортлогч орнуудын ДНБ-ий өсөлт 0.1 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн тооцоо ч гарсан байна.
Энэ талаар Дэлхийн банкны Хөгжлийн төлөв хариуцсан захирал Аяхан Козе Тазрын тосны үнэ бага байх нь чамгүй хэмжээний ашиг орлогыг экспортлогч орнуудаас хөгжиж буй импортлогч орнуудад шилжүүлнэ. Импортлогч орнуудын хувьд инфляц, алдагдлаа бууруулах боломж олгоно" гэжээ.
Аливаа хямралд хохирогчоос гадна бас хожигч ч бас байдгийг газрын тосны үнийн огцом уналт дэлхийн бараг улс орон бүрт сайн, муу ямар нэг байдлаар нөлөөлж байгаагаас харж болохоор байна. Харин манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн өнгөрсөн долдугаар сараас хойш манайд шатахууны үнэ 10, 20 хувь байтугай, нэг ч төгрөгөөр буурсангүй. Үүнийгээ нефть импортлогчид ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарладаг. Өнгөрсөн хугацаанд бараг өсөөгүй нь их юм гэж хэлдэг. Тэгвэл хар ухаанаар бодоод үзье л дээ. Газрын тосны үнэ огцом өсч эхэлсэн өнгөрсөн долдугаар сард ам.долларын ханш манайд 1850 төгрөгийг даваад явж байж. Харин өнөөдөр 1932 төгрөгтэй тэнцэж байгаа гэвэл өнөөдрийг хүртэл ойролцоогоор тав орчим хувиар өссөн байгаа юм. Энэ хугацаанд газрын тосны үнэ 50 гаруй хувиар буурсан гээд бодоход ямар нэг байдлаар нөлөөлөх л учиртай баймаар. Энэ талаар Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж гуай манай сонинд өгсөн нэг ярилцлагадаа "Нефть бүтээгдэхүүний үнэ ганцхан Орост ч биш дэлхий нийтээр уналттай байна. Гэхдээ дотоодод зарж байгаа жижиглэнгийн шатахууны үнэ буурахгүй байна. Уг нь багадаа л 10-20 хувиар буурах нөхцөл бүрдсэн байна. УИХ дээр хүртэл үнийг буулгах нөхцөл бүрдсэнийг ярьсан. Харамсалтай нь, тэгсэнгүй. Засгийн газар, салбарын яам нь тооцоо судалгаа хийхгүй байна. Зах зээлийн үнэ унаж байхад импортын барааны бөөний үнэ, жижиглэнгийн үнэ буурах ёстой шүү дээ" гэж хэлж байсан.
Манай улс газрын тос, тосон бүтээгдэхүүний хэрэгцээгээрээ гаднаас, ялангуяа хойд хөршөөсөө хараат. ОХУ-аас нийт хэрэгцээнийхээ 90 орчим хувийг, үлдеэнийг нь Хятад, Солонгос, Сингапур зэрэг улсаас импортоор авч хангадаг гэдэг нь үнэн. Тэглээ гээд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэх, Орос хилийн үнээ нэмэх сургаар шатахууны үнэ нэмж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгддөг хэрнээ газрын тосны үнэ шалдаа уначихаад өндийхгүй, улс орнууд зах зээлийнхээ жамаар шатахууныхаа үнийг буулгаад байхад юу ч болоогүй мэт нүдэн балай, чихэн дүлий суугаад байх нь хэр шударга юм бол. Эсвэл энэ нь дэлхийн бүх улсад хамаатай ч Монголд л огт падгүй өөрчлөлт юм уу.
Б.Нарантуяа /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих