Чүлтэм доктор бол насаараа шинжлэх ухааны төлөө зүтгэсэн хүн. Цэвэр материалист үзэлтэй хүн учраас шашин бурхан, сүнс чөтгөрийн талаар нэг ч бодол толгой тархин дотроос нь эрээд ч олдохгүй гэхэд хилсдэхгүй. Тэрбээр хотын төвд гурван өрөө байртай боловч Таван шарын ойролцоо хуучны нурах дөхсөн байранд нэг өрөө түрээслэн өөрийн судалгааны ажлаа явуулдаг юм. Нэг удаа бид хоёр жаал дэмий юм ярьж суулаа. Шйнжлэх ухааны хүн ч яахав, шинжлэх ухаан, материаллаг үзэл, дэлхий ертөнцийн үүсэл гарлаа яриад л. Харин би яриаг нь мушгин гуйвуулаад, шашин, бурхан, сүнс, чөтгөрийн тал руу эргүүлж орхивол, Чүлтэм доктор гэнэт хуруугаа уруулдаа хүргэн хүн сонсчих вий гэсэн аятай ийш тийш харснаа "Хоёулаа манай судалгааны байранд очъё. Би чамд нэг юм үзүүлье" гэж хэлээд намайг дагуулаад гарав. Бид хоёр докторын машинаар түгжрэл дотор салганан гацаж, ээрсээр цаг гаруй явсны дараа Таван шарын байранд нь очлоо.
Ердийн л нэг өрөө байран дотор докторын шинжилгээний ажлын номнууд эмх цэгцтэй, харин багажнууд нь ямар ч дэс дараагүй хөглөрчээ. Чүлтэм доктор энэ өрөөнд иртлээ надад шашин бурхан, чөтгөр шулмын талаар нэг ч үг цухуйлгаагүй юм. Би ч замдаа "Та юу үзүүлэх гэж байгаа юм" гэж асуухад мөн л хуруугаа уруулдаа хүргэн "Чишш, очоод л дуугүй үз" гэсэн билээ. Би өрөөнд нь орж ирээд хэсэг чимээгүй суусны дараа "Та тэгээд надад юу үзүүлэх гэсэн юм бэ дээ? Энэ хөглөрсөн багажнуудаа үзүүлэх гээ юу, эсвэл номнуудаа юу?" гэж асуувал Чүлтэм доктор аанай л юу ч дуугаралгүй цонхныхаа гэрлийг тас хар хөшгөөр битүүлэн хаагаад, тас харанхуй болгож орхилоо. Ингээд ширээн дээр тавьсан хоёр ширхэг суурьтай лааг шүдэнз зуран асаахад өрөөн дотор бүдэгхэн сүүтийсэн гэрэлтэй болов.
Чүлтэм доктор мөнөөх ганц өрөө байрныхаа мухрын хананд цааш нь харуулж тавьсан хуучны бяцхан толийг эргүүлж лааны гэрэл өөд харуулсанаа над руу нэг сүрхий хараад
"Одоо дуугарч болохгүй шүү" гэж анхааруулав. Яг ингэж анхааруулсны дараа гэнэт цонхны харалдаа ямар нэг дүрс сүүмэлзэн хөдлөх шиг санагдах нь тэр. Гайхан харвал үнэхээр цонхны харалдаа тавьсан модон ширээг түшээд бүрх малгай духдуулж,шанаагаа тулан гиюүрсэн хүний дүрс сүүдэр сүүмэлзэн харагдах нь тэр. Гэхдээ тэр хачин хүний бие хана нэвт харагдаж байсан бөгөөд эхэндээ би хаа нэгтээгээс эрхэм доктор намайг алмайруулахын тулд гэрэл сүүдрийн хослол ашиглан кино хальсны сүүдэр тусгалаа даа гэж бодож суусан юм. Гэвч нөгөө хачин сүүдэр гэнэт хөдлөнмалгайгаа дух руугаа улам бүр лавхан дарснаа шанаагаа тулсан гараа
солин, нөгөө гараараа эрүүгээ тулан суув. Бүр сууж байсан сандал нь
шажигнан дуугарсан гээд бодчих. Үүнийг сонсоод миний бие агзасхийн хүйт даагаад явчихлаа. Гэхдээ ч юу юугүй чөтгөр сүнс гэсэн бодол толгойд орсонгүй.
Нэгэнт Чүлтэм доктор өөрөө шинжлэх ухааны хүн учраас гэрэл сүүдрийн хослолын шинэ арга нээж, сүүдрийн урлаг бүтээсэн ч юм бил үү гэж бодож суусан билээ. Чүлтэм доктор тэр даруй босож очоод ханан дахь гэрлийн унтраалгаа шархийтэл дармагц, цонхны харалдаа ширээн дээр сууж байсан хүний дүрс ор мөргүй замхран арилав. Доктор хуучны толийг буцаагаад хана руу нь харуулан дээрээс нь юмаар бүтээчихээд, "За, энэ юу вэ" гэж өөрөө надаас асуух нь тэр. Би ч мөрөө хавчин "Үгүй, би одоо яаж мэдэх юм. Таны хийсэн шинэ бүтээл үү, эсвэл тэр толины ид шид үү" хэмээн өөдөөс нь асуув. Доктор "Би энэ өрөөг анх түрээслэхээр авах үед мухарт нь энэ хуучин толь хэвтэж байсан юм. Нэг гаргаад хаячихдаг юм бил үү гэж бодсоноо "За, би ямар шашин шүтдэг хүн биш, юунаас нь айж сэжиглэх билээ. Өрөөн дотроо байж л байг. Хааяа хувцас хунар, нүүр царайгаа харж байя даа" гэж бодоод үлдээсэн юм. Ингээд гэрэл зургийн хальсыг хүхэртэй усны урвалд оруулах нэг туршилт хийхээр шийдээд, нэг удаа цонхоо битүүлж хаагаад, лаа асаасан ч жаахан бүдэгхэн болохоор нь тэр толинд лааны гэрэл тусаж давхарлан ойж байхаар давхцуулж тавилаа.
Ингээд туршилтаа хийгээд сууж байтал гэнэт цонхон талын ширээ чихарч муухай дуугардаг юм байна. Толгойгоо өндийлгөөд харсан чинь нүд рүүгээ бүрх малгай дарчихсан нэг нөхөр шанаагаа тулаад сууж байна. "Хүүе, юун хүн хэзээ ороод ирэв ээ" гэж би цочсондоо уулга алдаад чангахан шиг дуугарахгүй юу. Тэгсэн чинь саяны чи бид хоёрын харсан сүүдэр ширээгээ шажигнатал цохиод өндийгөөд ирсэн гээд бодчих. Би угийн сүжиггүй атеист хүн тулдаа л нэг их айж сандраагүй л дээ. Ингээд сайн харсан чинь нөгөө хүний бие нэвт гэрэлтээд, ар талынх нь цонхны хөшиг харагдаж байсан болохоор энэ бол гэрэл сүүдэрт шингэсэн энерги байна гэж мэдрээд, босож очингуутаа шууд ханынхаа гэрлийг дарсан чинь нөгөө сүүдэр чинь алга болчихсон. Буцаагаад гэрлээ унтраасан чинь нэлээд байзнаж байгаад эргээд л сүүмэлзэн гараад ирж байгаа юм. Гэхдээ огт хий хоосон зүйл ч биш, доорхи сандал нь шажигнаж дуугараад л, бүр намайг анх хашгирахад босож ирээд ширээ шаасан гээд чи бод доо. Харин цаг хугацаа явах тусам энэ хий дүрсний хүч чадал нь суларч муудсаар босож өндийж, ширээ цохиж чадахаа болиод байгаа юм. Харин тэр толийг буруу харуулж тавиад, гэрлээ унтраавал хэзээ ч гарч ирэхгүй. Тэгэхээр энэ толинд шингэж үлдсэн хий үзэгдэл л ийнхүү амилан гарч ирж байна гэж би ойлгосон юм. Тэгэхээр сүнс хий үзэгдэл гээч зүйл бас гэж тийм ч оргүй хоосон зүйл биш юм байна шүү гэж би дотроо бодох болсон. Гэхдээ юу юугүй шашинд итгэж сүсэглээд, эрхи барьж суудаг болсон хэрэг биш шүү. Ямар ч байсан бидний сүнс, хий үзэгдэл гэж нэрлэдэг үл танигдах хийсвэр оршихуйн ертөнц бидэнтэй зэрэгцэн оршдог нь тодорхой байгаа юм. Тэдний нэг давуу тал нь бидэн шиг материаллаг хоол хүнс хэрэглэхгүй, харин бодол санаа, оюун ухаан байдаг байж мэдэх юм. Саяын энэ хүний дүрс их уйтгар гунигтай харагдаж байгаа биз. Тэгэхээр түүнд уй гунигийн бодол санаа байна аа гэсэн үг.
Тэгээд ер нь учрыг олъё гэж бодоод байрны оршин суугчдаас энэ ганц өрөө байрны талаар асуулаа. Тэгсэн чинь нэг эмгэн жигтэйхэн сүсэглэж залбирч ирээд л "Ээ тэнгэр минь, байнга архи уудаг нэг залуу наад байранд чинь амьдардаг байсан юм. Хөөрхий сүүлд нь овоо архи уухаа болиод нэг хүүхэнтэй хамт амьдарч байсан чинь нөгөөх нь хаяад алга болсон гэсэн. Тэгээд тэр залуу наад байранд чинь судсаа ханаад үхчихсэн юм гэнэлээ. Түүнээс хойш хүмүүс хэсэг хугацаанд түрээсэлж аваад л, буцаагаад өгчихөөд яваад өгдөг болсон шүү дээ. Юунаас болдог юм, бүү мэд. Та харин настай хүн байж, яагаад ийм өрөө хөлсөлж авсан юм бэ дээ" гэдэг байгаа. Тэгэхээр нь би "Тэр судсаа ханасан залуу чинь байнга бүрх малгай духдуулж явдаг байсан уу?" гэж асуувал нөгөө эмгэн чинь учиргүй залбираад "Нээрээ тийм гүм. Та яаж мэдээ вэ? Танд харагдав уу, ээ бүү үзэгд" гэснээ яваад өгсөн юм даа. Ингэхлээр шашин ч бас хоосон зүйл биш байгаа биз. Би харин энэ хий үзэгдлийг улам бүр лавшруулан шинээр судалж байгаа юм" хэмээн доктор маань ихээхэн баяр хөөртэй өгүүлж билээ. Харин миний хувьд юун баяр хөөр болох, харин ч бушуухан шиг тэр өрөөнөөс гарахын түүс болсноо хэлэх нь зүйтэй. Учир нь би чинь үнэн сүжигт бурхны шашинтан шүү дээ.
НОЦТОЙ МЭДЭЭ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7480
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих