УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн
тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хоёр дахь хэлэлцүүлгээр
Байнгын хороод болон нам, эвслийн бүлгүүдээс гаргасан саналыг нэгтгэж
хэлэлцдэг онцлогтой. Энэ утгаараа хамгийн чухал хэлэлцүүлэг ч гэж нэрлэж
болох юм. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотойгоор
энэ удаад нам, эвслийн бүлгийн дарга нар гишүүдийнхээ төсвийн хөрөнгө
оруулалтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан бүх саналыг татаж
авлаа. Энэ нь здийн засгийн нөхцөл байдлаас гадна бүх нам, эвсэл Засгийн
газарт хамтран ажиллаж байгаатай холбоотой ажээ.
Төсвийн тодотголыг өргөн барьсан цагаас зарим халамжийг хасах санал нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Харин хэлэлцүүлгийн явцад хүүхэд, одонтой болон жирэмсэн эхчүүдэд олгодог тэтгэмжийг хэвээр үлдээх санал гарч дэмжигдсэн юм. Мөн цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэх санал ч гарсан. Өчигдрийн хуралдаанаар энэ бүхэнд хэдий хэмжээний мөнгө төсөвлөхийг хэлэлцлээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулж 90, тэтгэвэр нэмэхэд зориулж 13 тэрбум төгрөг суулгахыг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Мөн жирэмсэн эхчүүдийн тэтгэмжид зориулж орон нутгийн санг 9.1, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох зардлыг 19.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал ч олонхийн дэмжлэг авлаа.
Дашрамд сонирхуулахад, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төсвийн тодотгол хэлэлцэж байгаа учраас чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалттай байлаа. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар хоёр сар гаруй хугацаанд ажилдаа ирээгүй Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон юм. Тэрээр өчигдрөөс ийнхүү ажилдаа орж байгаа бололтой.
С.Шийлэг /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих