-Хэд хоногийн өмнө Дорнодын АН-ынхан Улаанбаатарт ирж суулт хийсэн. Танай намынхны дундах үл ойлголцол нэлээд хүндрээд байгаа бололтой?
-Анх би үүнийг өрсөлдөөн гэж харж байсан. Одоо бол улс төрийн намын нэрийн ард нуугдаж, хувийн эрх ашиг сонирхлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүн өөрсдийнхөө сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн оролдлого болж хувирч байгаа нь ил болж байна. Монгол Улсад олон намын систем тогтоод улс төрийн намуудын тухай хууль гараад удаагүй байгаа. Нийгмийн хөгжилтэй харьцуулахад 25 жил, үндсэн хууль батлагдаад 23 жил гэдэг бол тийм урт хугацаа биш. Бидний хувьд төлөвшиж байна гэсэн үг. Үүнийг хүмүүс янз бүрээр тусгаж авч байна. Анх бид ардчилал шударга ёс гэж ярьж байсан. Шударга ёс ямар үед хэрэгждэг, яадаг юм гэвэл ерөөсөө л хүмүүс өөрсдийнхөө гаргасан дүрэм журам хуульд захирагдаж амьдрах ёстой.
-Таныг Дорнодын АН-ын гишүүдийг намаас хөөдөг. Шүүх, цагдаад өгдөг гэж хүмүүс ярьж байсан?
-Намын доторх үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх шийдэхгүй. Цагдаа ч шийдэхгүй. Энэ бол улстөрийн намуудын тухай хуулиар, намын дүрмээр зохицуулагддаг асуудал. Харин дүрмэнд заасны дагуу улстөрийн үйл ажиллагаа явуулахыг хүсээгүй хүмүүсийн үйлдсэн асуудал дээр цагдаагийн байгууллагыг татан оролцуулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл дүрмийн бус, улстөрийн намуудын тухай хуулиар зохицуулж болохгүй асуудал гарсан. Манай намын зарчим хэдэн хүний хувьд намын дотоод асуудал гэхээсээ илүү дээрэм, булаалт , эрүүгийн гэмт хэргийн шинжтэй асуудал гаргасан. Хүмүүсийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдсан гэсэн үг. Тиймээс цагдаад хандсан удаатай. Түүнээс биш нам дотроо үзэл бодлоо илэрхийлсэн гэдэг юм уу, намын дүрэм зөрчсөн асуудалд шүүхийн байгууллагад хандах боломжгүй шүү дээ.
-Тухайлбал эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ямар үйлдэл гараад байна вэ. Бас хэн ийм асуудал тариад байна гэж?
-Би 2012 оны аравдугаар сарын 7-ны өдөр намын дүрэмд заасны дагуу нууц санал хураалтаар аймгийн Ардчилсан намын дарга болсон. Түүнээс хойш дөрвөн ч удаа үл ойлголцол гараад байгаа. Би 1990 онд Дорнодод Ардчилсан холбоо, Ардчилсан намыг байгуулалцаж байсан цөөхөн хүний нэг. Тэр үед хүн элсүүлье, ардчиллын үзэл санааг ойлгуулья. Олон намтай больё, олон ургальч үзэл бодлоо уралдуулж байж бодлогоо тодорхойльё. Нутгаа удирдъя, ирээдүйгээ харсан бодлого чиглэлийг ард түмэнд ойлгуулья гэсэн үүднээс олон намтай болж байсан шүү дээ. Би 1995 оныг хүртэл нутагтаа байж байгаад Улаанбаатарт очиж УИХ дахь олонхийн бүлэгт ажиллаж байсан. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга байлаа. Сонгуульд нэр дэвшиж байсан. Тэгээд 2000 онд Америкт сурахаар явсан. Ийм маягаар нутагтаа байхгүй байж байгаад 2012 оны намар ирэхэд янз янзын олон гишүүнээр хүрээгээ тэлсэн байсан. Гэхдээ би Ардчилсан намаа арай ч ийм болсон гэж бодоогүй.
Дорнод бол хэлмэгдүүлэлтэд хамгийн ихээр өртсөн ард түмэн учраас ардчиллыг маш сайн дэмждэг аймгийн нэг. Гэхдээ 2012 оны Их хурлын сонгуульд аймгаас дэвшсэн хоёр хүн гарч чадаагүй. Энэ бол намын хуучин удирдлага хувийн эрх ашиг, ашиг сонирхлоос болж АН-аас нэр дэвшсэн хүнээ унагаах зорилготой байсантай холбоотой. Тиймээс дарга, гишүүд, дэмжигчдийн зүгээс шаардлага тавьсан. Намайг ажлаа авснаас хойш ердөө ганц хоногийн дараа Орон нутгийн сонгууль болсон. Уг дүн нь гэвэл ИТХ-д 35 хүн сонгогдсон. 18 нь Ардын намынх, 14 нь манай намынх. Гэтэл Ардын нам орон нутгийн хуралдаа олонх болсон боловч сонгогчид Ардчилсан намыг 50 хувь, Ардын намыг 30 хувь нь дэмжсэн байдаг. Харин Иргэдийн хурал дотроо МАН-ынхан илүү учраас аймгийн хэмжээнд Ардчилсан намын бодлого хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн л дээ.Миний өмнө Дорнодын АН-ын хорооны дарга байсан Г.Болдбаатар гэж хүн санхүүжилтийн тодорхой бус байдал, хувийнхаа ашиг сонирхлоос болоод АН дотор үл ойлголцлыг бий болгосон. Үүний уршгаар намын дүрэм журам үнэт зүйлийг хүндэлдэг хүмүүс намд орж ирэх нь багассан. Ер нь сургууль соёл гэхгүй, улстөрийн нам дагавал албан тушаалд очиж байдаг бүдүүлэг байдал ноёрхсон. Ардчилал гэдэг бол олонхийн саналаар шийдээд цөөнх нь олонхоо дагадаг тогтолцоо. Гэтэл өнөөдөр манай АН дотроо зөрчилдөж байна. Төр өнөөдөр хуулиа ч хэрэгжүүлэхгүй, үг ч хэлж чадахаа больчихлоо. Хэн эрүүгийн гэмт хэрэг хийж, байр сав дээрэмдэж байна, тэр нь дийлдэг болчихлоо. Ийм байдал манай аймгийн АН дээр үүсээд байна. Өнгөрсөн намар Г. Болдбаатар гэж хүн манай намын байрны жижүүрийг зодоод хаалга эвдэж орж ирсэн. Энэ талаар нь цагдаагийн байгууллагад хандаад гурван сар хүлээсэн. Цагдаагийн газар арга хэмжээ авч өгдөггүй юм.
-Аймгийн Засаг дарга саявтар сонгогдсон биз дээ?
-Аймгийн Засаг дарга С.Ганбат гэж бий. Хууль бусаар сонгогдсон хүн. Өнөөдөр энэ аймгийн ажил аль намын бодлогоор явж байгаа нь ерөөсөө тодорхой бус байгаа. Хуйвалдааны журмаар энэ хүн гараад ирсэн. Миний өмнө АН-ын дарга байсан Г.Болдбаатарын баз хүргэн юм билээ. Ер нь С.Ганбат гэдэг хүн АН-д элссэн ямар ч баримт байхгүй шүү дээ.
-АН-аас Засаг дарга сонгогдсон. Тиймээс Дорнодод хоёр нам тохиролцож зөвшилцөөд ажиллаад байгаа гэх юм билээ?
-Тийм юм байхгүй. Орон нутгийн сонгуулиар. Ардын нам олонх юм чинь Засаг даргад хүнээ дэвшүүлж таарна. Гэтэл хуулийн шаардлага хангаагүй хүнийг хоёр, гурван удаа нэр дэвшүүлсэн. Түүнийг нь Ерөнхий сайд батламжлаагүй. Тэр үед намайг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан ч Үндсэн хуулийн цэц үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал байхгүй гээд цуцалсан. Тэгээд л хууль бус Засаг дарга гарч ирсэн юм даа.
-С.Ганбат дарга би АН-ын дарга гэдэг юм гэсэн. Өөрөөр хэлбэл, Дорнодын АН Та болон, С.Ганбат гэдэг хоёр даргатай болчихоод байна гэсэн үг юмаа даа?
-Түүнийг намын дарга гэж үзэхгүй байлгүй дээ. Уг нь надад намын даргын суудалтай зууралдаад байх шалтгаан байхгүй. Гэхдээ Аймгийн намын хорооны 105 гишүүн хуралдаад дүрмийн дагуу намайг дарга болгосон.Гэтэл хэдхэн хүн л Цэрэнчимэгээс намын даргын албан тушаалыг булаачих гээд үзээд байгаа юм. Би булаалгахгүй өгч болно. Ганцхан намын дүрмийг л баримтлах хэрэгтэй. Ер нь бол энд завхарсан юм их болсон доо. Манай намын байр 100 хоног гаднаасаа цоожтой. Хэн ч ордоггүй. Сүүлдээ зочид буудал болгочихсон байсан.
-Яагаад?
-Г.Болдбаатар гэдэг хүн надад ажлаа өгснийхөө дараа намын байр руу дайрахдаа намын даргын өрөөг эвдэж ороод хоёр тамга хулгайлсан. Энэ нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдчихсон юм. Иш нь хугарсан нэг тамга, бас нэг модон тамга хулгайлсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт эрүү үүссэн. Гэтэл Г.Болдбаатар гэдэг хүн айгаад "Би хулгайлаагүй, олсон юм...” гэж мэдүүлж элдвээр аргалсаар хотод очоод хэрэгсэхгүй болгочихсон юм шиг байна лээ. Сая наймдугаар сард бас л намын байрны хаалга эвдээд орсон. Тэгэхээр нь өмнө нь хаалга эвдээд орж байсан, тэр нь юу болж байна, хэрэг нь хаана байна гээд асуухаар цагдаа, прокурортойгоо хуйвалдаад Баянзүрх дүүрэгт очоод хэрэгсэхгүй болгочихсон байсан. Ийм юм гэж байх уу. Тэгэхээр ерөөсөө л хууль хаанаа ч хэрэгжихгүй, хэн нэгний даалгавраар болох болохгүй юм хийгддэг болж. Тэр байтугай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргын байрны төлбөрийг аймгийн Засаг дарга С.Ганбат төлсөн баримт нь байна. Улайм цайм хаалга эвдсэн, хүн зодсон нь баримтаар нотлогдоод байхад л ийм маягаар аргалдаг нь ил болоод байгаа юм. Энэ тухай бид дээд шатны прокурорт нь гомдол гаргачихаад байгаа. Шүүх, цагдаагийнхан дотроо фракцтай болчихсон хэцүүхэн байна. 2013 оноос эхлээд Орон нутгийн хөгжлийн сангаар дамжаад 12 тэрбум төгрөг ирдэг болсон. Тэрийг аймгийн өнөөгийн удирдах хэдэн нөхөд зувчуулж байгаа. Тендерийг ах дүү нараараа хуваагаад авчихсан байдаг юм.
Ямар ч хяналт алга. Гэхдээ нутгийн иргэд үүнийг мэдрээд эхэлсэн байна. Мөнхтөр гэдэг эрүүгийн гэмт хэрэг хийгээд баригдаж хоригдоод явж байсан хүн Хэрлэн сумын дарга болчихсон. Ганцхан жишээ хэлэхэд манайд Тээврийн биржийн салбар нээгдсэн. Тэр салбарыг Мөнхтөр удирдаж байсан юм. Уг нь манай аймагт түүхий нефтийг газар доогуур зөөх боломж байгаа. Гэтэл дарга нар нь ашгаа бодоод өөрсдийнхөө машиныг оруулж зардал өсгөөд байна. Аймгийн дарга гэсэн сэтэртэй бүгд нэг нэг машин "Петро Чайна Дачин Тамсаг”-т хоногийн хэдэн доллараар ч юм түрээсээр шахчихаж байгаа юм. Нөгөөдүүл нь ашиггүй байсан ч тэр машинуудыг явуулахаас өөр аргагүй. Мөнхтөр тэнд ажиллаж байхдаа Дачин Тамсагийг айлгаж байгаад олон машин оруулж бизнес хийдэг байсан. Сүүлд нягтлантайгаа нийлээд байхгүй хүмүүсийн нэр дээр 19 сая төгрөг бичиж гаргаж авсан байдаг юм. Энэ бол гэмт хэрэг. Гэсэн атлаа Цэрэнчимэг хуулийн дагуу жагсаал цуглаан хийхэд Засаг дарга Ганбат зөвшөөрөлгүй цуглаан хийсэн гэж хорих тогтоолыг цагдаагаар үйлдүүлсэн байсан. Шүүгч нь зөвшөөрөөгүй юм байна лээ. Ичсэн байлгүй. Ийм дарангуйлалтай байж болохгүй.
-Та баримт ярьж байна. Хүнийг гүтгэсэн гэх асуудалд орчих юм биш биз. Нэлээд ноцтой баримтууд байна?
-Гүтгэлэг биш. Дорнодын хүн болгон мэдэж байгаа асуудал. Ингэтлээ төрийн хяналтгүй болчихсон гэдгийг хэлэх гээд байна шүү дээ. Манай нам дотор ч дүрмийн дагуу өрсөлдөж чадахгүйгээс хууль бусаар тамга ашиглаж байна.Тухайлбал С.Ганбат байна.
-Таныг АНУ-д олон жил болчихсон. Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёртой ойрхон байсан учраас хүчтэй байна гэх хүн бас байдаг юм билээ? .
-Ийм юманд хүн үнэмшихгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол намаасаа татгалзсан, улсын эв нэгдлийг илэрхийлэгч хүн.Тэгээд ч аймгийн намын ажилд оролцох боломж байхгүй. Нэг цаг үед АНУ-д сурч байсан гэхээр найзууд гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. АНУ-д сурч байхдаа бид уулзаж байгаагүй. Америкийн зүүн баруун хоёр талд байсан юм байналээ. З.Энхболд даргын хувьд ч би олон удаа уулзаж байгаагүй. Энэ хүнийг би зарчимтай хүн гэж ойлгож, хүндэлж явдаг. Намайг "Төрийн гурван өндөрлөгийн нэрийг барихаа боль” гээд хүмүүс суулт хийж байна гэсэн. Ийм ёсзүйгүй хүн би биш.
-Г.Болдбаатар, С.Ганбат нартай иймэрхүү харилцаатай байгаа юм байна. Тэгвэл намаасаа ИТХ-д сонгогдсон төлөөлөгчидтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Холбоотой, хамтралгүй яах вэ. Гэхдээ намайг ажил авахаас өмнө нэрийг нь дэвшүүлээд өрсөлдүүлсэн болохоор Г.Болдбаатарыг дагагчид бас бий. Энэ хүмүүстэй АН-ын даргын хувьд гэрээ байгуулсан ч гэрээгээ биелүүлдэггүй. ИТХ-д сонгогдоно гэдэг ерөөсөө л мөнгө иднэ гэж ойлгодог хүмүүс ч байдаг шиг байгаа юм. Тэд хүмүүсийг ажилтай болгоё, аймаг орон нутгаа хөгжүүлье гэсэн зүйлийг ярихгүй байгаа. Үүнийг юуг нь нуухав. Эд нар бол хөгжлийг тодорхойлоход оролцъё гэсэн сэтгэлтэй хүмүүс биш. Ийм нөхцөлд цаашид хөгжлийн талаар ярих боломжгүй болчихлоо л гэж үзэж байна.
С.Ганбат гэдэг хүнийг хууль бусаар Засаг дарга болгосон асуудлаар би захиргааны хэргийн шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс С.Ганбат Дорнодын АН-ыг төлөөлөхгүй юм байна гэдэг шийдвэр гаргасан бий.
-Энэ байдал эцэстээ аймгийн хөгжил, ард иргэдийн амьдралд л сөргөөр нөлөөлж таарна. Эндээс гарах гарцыг хэрхэн харж байна вэ?
-Ардын намын дарга намаасаа хөөгдчихсөн. Ардчилсан намын 14 хүн хуваагдчихсан байдалтай байна. Үүнийг засах ёстой. Томоор яривал Үндсэн хуулийн зөрчил гэж хараад байгаа. Ийм учраас манай аймгийн хувьд Засаг дарга нь ИТХ-даа тааруулж ажиллах ёстой болж байгаа юм. Хэрэв Засаг даргыг зөв сонгуулиар гаргаад ирвэл дөрвөн жил тогтвортой байна. Дээрээс нь ажлын бүтээмж шал өөр. Өөр нэг зүйл нь манай аймаг хөгжих боломжтой. Дулааныг цахилгаантай нь үйлдвэрлэдэг аймаг манайхаас өөр байхгүй. Тэр дулааныхаа 40 хувийг ашиглаад, 60 хувийг нь хаяж байна. Аймгийнхаа төв дээр 40 гаруй мянган хүн амьдарч байгаа. Хоёр улстай хиллэдэг, дэд бүтэц нь хөгжчихсөн, долоон боомтоор хил нээлттэй ийм аймаг. Гэтэл нэгдсэн бодлого алга. Хөгжлийн цогц бодлогогүй, өнөөдрийн ийм байдал л Дорнодын хөгжилд чөдөр болоод байгаа юм.
-Халхгол сумын нутагт солонгосчуудад том хэмжээний газар өгчихсөн.Тэр нь хөрс сүйтгэсэн ургамал тариалаад байна гэсэн мэдээлэл байдаг?
-Солонгосчуудад газар түрээсэлсэн гэдэг талаар надад тодорхой мэдээлэл алга. Солонгосчууд туршилтын журмаар цагаан будаа тарьж байна гэсэн мэдээлэл л байсан. Ер нь мэдээлэл хаалттай байгаа учраас ийм зүйл яригдаад байх шиг байна.
-Танай аймагт асуудал үнэхээр их байх шиг байна. Таны хувьд эмэгтэй хүнд ахадсан гэмээр тэмцэл өрнүүлж байгаа юм байна. Ингэж тэмцээд үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Янз янзаар өөрчлөх гээд л үзэж байна. 1990 онд хувьсгал хийж байсан үед би явж л байсан. Өнөөдөр нөхцөл байдал тэр үеэс ч хүнд байгаа нь мэдрэгдэж байна. Худал, үнэн хоёрын байр солигдчихсон байна. Би АНУ-д сургууль төгсөж ирээд Дорнодод ажиллана гэж сонголт хийсэн. Байдал арай ч ийм байна гэж бодоогүй. Гэхдээ шантрахгүй ээ.
-Бид аймгийн Засаг даргатай уулзахаар очлоо. Хүлээж авсангүй. Ийм зүйл анх удаа л тохиолдлоо?
-Чааваас даа. Ярих юмаа мэдэхгүй болоод зовсон биз дээ. Төвийн том сониныхон уулзая гэхэд хэн ч хүлээгээд авахаар даа.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих