2004 оны Афины олимпийн барилга байгууламжаар зочлох нь балгасан
дундуур эргэн санагалзах зугаалга хийж буй мэт санагдана. Тэдгээрийг
харж хамгаалалгүй орхисны улмаас зэвэрч муудан хаалга, хашлагууд нь
нурж, олимпийн усан сан хоосрон хог, новшоор дүүрч, барилга
байгууламжуудын хана туурга муудан өнө эртнийх мэт харагдах аж.
Ажиллагаатай үлдсэн томоохон байгууламж нь олимпийн цэнгэлдэх болон
олимпийн тосгон аж. Софтбол, волейбол зэрэг цомхон спортод зориулсан
байгууламжуудыг ашигласаар байгаа ч ганц ч удаа засаж сэлбээгүйн улмаас
ерөнхийдөө ихээхэн мууджээ.
Сүүлийн арван жилд Грек улс гялалзан гэрэлтсэн цог жавхлангаас (тэр нь хуурамч байсан) эдийн засгийн харанхуй ангал, хямрал руу унаад байна. Эртний сод эрдэмтэн, мэргэдийн өлгий нутгийнхан шинэ үеийнхээ түүхэнд ингэж доройтож байсангүй. Грек улс 2004 оны зуны XVIII олимпийн тоглолтыг хүлээн авахдаа "Олимп гэртээ буцаж ирлээ” хэмээн тунхаглаж байв. Грекүүд анх Христээс өмнөх 776 онд спортын анхны том баярыг хийж байжээ. Орчин үеийн түүхэнд, 1896 онд хүн төрөлхтний анхны олимпийг зохион байгуулж байв.
2004 оны олимп нь 2001 оны есдүгээр сарын 11 халдлагын дараахь анхны олимп байсан тул аюулгүй байдлын зардал огцом өсч 650 сая еврод хүрчээ. Энэ нь "Сидней-2000”-ын аюулгүй байдлын зардлаас гурав дахин өндөр байсан юм. Ямар ч байсан Грек улсад хөгжил дэвшлээ дэлхий дахинд харуулах агуу том боломж гарч ирсэн билээ. Тэр үед зүүний төвийн үзэлтэй Пасокийн мэдэлд байсан Грекийн Засгийн газар олимпийн бүтээн байгуулалтад 4.64 тэрбум евро төсөвлөсөн юм. Гэвч ажил удааширч, төлөвлөөгүй зардал, хайнга байдал болон авлигын улмаас нийт зардал есөн тэрбум еврод хүрчээ. Шинээр байгуулсан Афины олон улсын нисэх буудал, нийслэл хотын метроны зардал энд ороогүй. Гэвч эдгээр зардал нь хэдэн жилийн дараа 360 тэрбум еврод хүрсэн Грекийн өртэй харьцуулахад өчүүхэн зүйл байсан билээ. Энэ үед л улс орны эдийн засгийн байдал Европт түгшүүрийн анхны харангыг дэлдэж эхэлжээ.
2004 онд Грекийн төсвийн алдагдал ДНБ-ий 6.1 хувьд хүрсэн нь Брюсселээс тогтоосон гурван хувийн босгыг давлаа. Улсын өр ДНБ-ий 110.6 хувьд хүрсэн нь Европын холбоон дотроо "толгой цохьжээ”. Эдүгээ Грекийн өр 177 хувь буюу 428 тэрбум еврод хүрээд байгаа нь эргэн төлөгдөх ямар ч боломжгүй хэмээн эдийн засагчид үзэж байна. Европын байгууллагууд Грекийн төр засгийг "Санхүүгийн ямар ч хариуцлагагүй” хэмээн тодотгох болов. 2005 оноос Грек улс санхүү, эдийн засгийн хяналтаа Европын комисст (Европын холбооны Засгийн газар) шилжүүлэн өгөхөөс өөр аргагүй болж байлаа. Улмаар Европын холбоо Грекийг аврахаар 240 тэрбум евро гаргаж, улс оронд хасалт, таналтын арга хэмжээ авсан ч олигтой үр дүн авчирсангүй. Хямрал улам гүнзгийрсээр улс төрийн системийг нураажээ.
Афины олимп наймдугаар сарын 13-нд нээлтээ хийснээс хойш арав гаруй жил өнгөрөөд байгаа ч бүхэл бүтэн нэг зуун өнгөрсөн мэт санагдах аж. Олимпийн тоглолтыг хүлээн авч сүр хүчээ гайхуулж байсан улс аравхан жилийн дотор дампуурах дээрээ тулаад байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих