Хүмүүсийн хобби янз бүр. Сонирхлынхоо дагуу сонин содон зүйлс цуглуулдаг, тэр нь ирээдүйд хувь хүний хийгээд, улсын түүх болж үлдэх нь ч бий. Энэ тухай "Цуглуулга" буланд цувралаар хүргэж байх юм. Уншигч та ч бас өөртөө хадгалдаг цуглуулгаа энд дэлгэхэд нээлттэй байх болно.
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн шүдэнз цуглуулах дуртай ажээ. Тэрээр хоббиныхоо талаар ярихдаа, "Би шүдэнз цуглуулах дуртай. Тэгэхдээ огт зураагүй, хайрцган дотроо ам бүлээрээ байгаа чүдэнз шүү. Одоогоор 4000 орчим шүдэнзтэй. Ер нь миний хобби их мөнгөөр цуглуулах шаардлагагүй. Гэхдээ буудлын шүдэнз түүгээд явдаггүй. Заавал түүхэн утга учиртай шүдэнз цуглуулдаг. Шүдэнз бол асдаг марк шүү дээ" гэсэн юм.
Түүний цуглуулгад түүхэн хүмүүсийн амьдралаар хийсэн, дэлхийн зэвсгийн зурагтай, бүх цэцгийн, нохойн, хотуудын хамгийн дурсгалт барилгуудыг дүрсэлсэн зурагтай, тэр ч бүү хэл нүцгэн хүүхний зурагтай гэх мэт олон янзын түүхтэй шүдэнз бий гэнэ. Мөн хумсны толион чинээнээс авахуулаад хоёр төө урттай, гарт багтахгүй бүдүүн, бамбар шиг шүдэнз ч бий гэнэ. Түүний цуглуулга түүх харуулдаг гэдгээс гадна гал бол амьдралын анхдагч хэрэгцээ гэдэг утгаар нь цуглуулдаг юм байна. Тэгэхээр ардын уран зохиолчийн маань хобби үнэтэй, үзэмжтэй, гоё ганган гэхээсээ илүү агуулгыг илүүд үзсэн цуглуулга байх нь.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7528
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих