Сүүлийн үед "Лалын улс" зэвсэгт бүлэглэл дэлхий нийтийн анхаарлын
төвд ороод байна. Хүн барьцаалж аллага үйлддэгээрээ зартай энэ
бүлэглэлийн нэр Японы хоёр иргэнийг барьцаалснаар улам тод сонсогдох
болов. Лалын алан хядагчид гэхээр Осама Бин Ладены дүр төрх төсөөлөгддег
байсан үе аль хэдийнэ өнгөрчээ. Хийж буй үйлдэл санаанд оромгүй
харгислал, цар хүрээгээрээ "Лалын улс" зэвсэгт бүлэглэл
цагтаа дэлхийг чичрүүлж байсан зартай алан хядагчаас ч илүү айдас
төрүүлэх боллоо.
Осама Бин Ладеныг америкуудад алагдсаны дараа лалын ертөнц нэг хэсэгтээ хүч алдсан. Алан хядлага үйлддэг бүлэглэлүүд санхүүжүүлэгчгүй болж олноороо "дампуурсан" юм. Тэгвэл энэ хоосон орон зайг "Лалын улс" зэвсэгт бүлэглэл эзэгнэж чадлаа. Тэднийг ийн томроход 2011-2014 онд өрнөсөн "Арабын хавар"-ын үйл явдал ч түлхэц болж өгсөн. Энэ хувьсгалаар Тунис, Египет, Ливи, Иеменийн засаг захиргааг унагаж, Сири, Иракийг иргэний дайнд татан оруулж чадсан юм.
Түүхийн энэ эгзэгтэй үед буюу 2014 онд тэд "Ирак, Левантын лалын улс" байгуулснаа зарлан тунхагласан билээ. Өмнө нь ямар ч бүлэглэл улсын хэмжээний болж томорч байгаагүй бол тэд чадсан нь "унтаад" байсан алан хядагчдын ертөнцийг сэрээж дөнгөсөн. Тус бүлэглэл гэнэт гараад ирчихсэн юм биш. Энэ бүлэглэл АНУ болон холбоотны хүчин Иракт байлдааны ажиллагаа өрнүүлж байсан 2004-2006 онд "Аль-Каида"-гийн нэгэн салбар байжээ. Барууны хэвлэлд бичсэнээр Осама Бин Ладены "Б" төлөвлөгөөний нэг хэсэг байсан ажээ. Эзнийгээ үрэгдсэний дараа нуувчинд орсон тэд 2014 оны эхнээс Сирийн газар нутгийн зарим хэсэгт хяналтаа тогтоож, Ливан, Иракийн хил орчмын нутагт тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин 2014 оны зун Иракт халдаж тус улсын 18 мужийн талын эзэлж, улмаар Багдад, Иракийн Курдистаныг түрэмгийлж эхэлжээ.
"Известия"-д бичсэнээр бол "Лалын улс" зэвсэгт бүлэглэл Саддам Хусейний дэглэмийн үед хүчний байгууллагад ажиллаж байсан болон орон нутгийн засаглалын эсрэг суннитуудээр эгнээгээ бэхжүүлжээ. Мөн шорон гяндангаас суллагдсан, оргосон олон мянган улс төрийн болон эрүүгийн хэрэгтнүүдээр хүчээ зузаатгасан байна. Маш нарийн төлөвлөгөөтэй зохион байгуулалттай ажилласан тэд Иракийн хэд хэдэн банкнаас их хэмжээний мөнгө, музейн үнэт үзмэрийг булааж, нефть олборлох болон боловсруулах үйлдвэрүүдтэй, 2.5 сая хүнтэй Иракийн томоохон хотуудын нэг Мосулд хяналт тавих болсон нь сүр хүчийг нь улам нэмж өгчээ.
АНУ-ын Сангийн яамны тооцоогоор "Лалын улс" бүлэглэл Сири, Иракийн нутагт эзэлж авсан нефтийн орд газруудаасаа өдөрт сая долларын ашиг олдог байна. Мөн тэдний мэдэлд Иракт нийлүүлсэн Америкийн танк эсэргүүцэх залуурт пуужин, танк, хуягт тээвэрлэгч автомашин.Оросын "Су-21", "Су-23" загварын байлдааны онгоцууд, "Р-17" баллистик пуужин очжээ. Бас химийн хорт бодисны багагүй нөөц байна. Тэд Сири, Иракт химийн зэвсэг хэрэглэж байсан удаатай. Бүр захиалгаар биологийн зэвсэг бүтээлгэж байгаа тухай тагнуулын мэдээлэл ч америкуудын гарт оржээ. Хамгийн аюултай нь, "Лалын улс" зэвсэгт бүлэглэлийн нөлөө сүр хүч нэмэгдэхийн хэрээр тэднийг дагах интернационалист жихадуудын хөдөлгөөн хаа сайгүй өрнөж, Арабын орнууд, АНУ, Европын холбооны орнуудаас ч хүмүүс тэдний эгнээнд нэгдэх болжээ. Одоогоор зэвсэгт бүлэглэл 100 гаруй мянган хүнтэй, тэднйй 15 мянга орчим нь Ирак, Сирийн бус иргэншилтэй хүмүүс байгаа юм.
"Лалын улс" зэвсэгт бүлэглэл одоогоор Сирийн хойд бүсийн Алеппо хотоос Иракийн зүүн Дияла муж хүртэлх газар нутгийн хянаж байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр улсуудын үлдсэн нутгийг эрхшээлдээ оруулах, дараа нь Ливан, Кувейтыг эзлэхээр санаархаж байгаагаа ил тод мэдэгдлээ. Бас СирийН Башар Асадын дэглэм, Иракийн шийтийн Засгийн газарт шахалт үзүүлсээр байна. Аажимдаа Ираны хувьд ч тэд эвлэршгүй дайсан болох төлөв ажиглагдаж байна гэж барууны хэвлэлд онцолжээ.
Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих