Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гар утсаар авч буй санал асуулгыг эсэргүүцэх үндэслэлүүд дэндүү олон байна.
1. Жилийн өмнө монголын үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 4 сая 247 мянга байсан. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 10-50 хувиар өсөж ирсэн статистик бий. Бага хувиар нь тооцоход л өнөө 4.6 сая давсан байх нь. Гэтэл бид дөнгөж сая 3 саяулаа боллоо. Сая төрсөн Монголжин охиноос эхлээд 100 настай буурлуудыг хүртэл монгол хүн бүр дунджаар 1.5 утастай байна. Ийм нөхцөлд нийт ард иргэдийн хэдэн хувь нь саналаа өгөөгүйг, мөн хэдэн хувь нь хэд хэдэн утаснаас давхардуулж өгснийг хянах боломж байхгүй. Жишээлбэл манайх таван ам бүлтэй, 7 дугаартай. Гэрийн эзэн би ганцаараа 7 санал өгчихөж болно. Ийм тохиолдолд ард түмний санал үнэн зөвөөр тусахгүй.
2. Одоо насанд хүрээгүй хүүхдүүдийн хэдэн хувь нь гар утас хэрэглэж байгаа вэ? 6-аас дээш настнууд олноороо гар утас хэрэглэж байгаа. Тэдний өгсөн саналыг ямар итгэл үнэмшлээр саналаа өгсөн гэж үзэх вэ?
3. Монголд урт богино хугацаагаар аж төрж буй гадаадын иргэд манай үүрэн телефоноор өргөн үйлчлүүлдэг. Эрээнд, Хөх хотод, Бээжинд хэдэн зуу, мянган гадаадын бизнес эрхлэгчид монгол дугаар ашигладаг. Тэдний санал орж буй эсэхийг хянах боломж мөн байхгүй.
4. 1995 онд батлагдсан АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ хуулиар Бүх нийтийн санал асуулгыг зөвхөн төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон асуудлаар, эсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэж заасан. ЕС Ч.Сайханбилэгийн санал асуулгад хөндөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн явуулах вэ гэдэг нь хөгжлийн дотоод бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудал мөн. Тиймээс энэ хуулийн дагуу явагдах учиртай. Гэвч энэ санал асуулга нь дээрх хуулийн бүхий л зүйл заалтуудыг анхнаасаа бүрэн зөрчсөн. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйлдэл болж байна. Бид бүх ард түмний санал асуулгыг хуулийн дагуу явуулах гэсэнгүй, зөвхөн ард түмний санаа бодлыг нь тандах гэсэн юм гэсэн хариу тайлбар өгч байна. Зөвхөн тандалт хийж буй бол үүрэн телефоны сүлжээ ашиглан бүх иргэд рүү мессеж бичиж байх шаардлага огт байхгүй, аль нэгэн судалгааны байгууллагаар дурын 1500 хүний дунд санал асуулга явуулчих бүрэн боломжтой.
5. Утсаар ирж буй санал асуулгад зөвхөн 1, эсвэл 2 гэсэн хариултын аль нэгийг л сонгох боломжтой. Хэрвээ 1, 2 гэсэн энэ хоёр тооноос өөр тэмдэгт илгээвэл хүлээж авахгүй. Гэвч өнөөдөр зөвхөн энэ хоёр замын аль нэгийг сонгохоос өөр ямар ч гарцгүй болчихсон хачин гайхалтай парадокс нөхцөл байдал Монгол орон, монголын ард түмний өмнө тулж ирээгүй, ерөөс тийм хачирхалтай байдал бий болох ч боломжгүй. Гурав дахь, дөрөв дэх, бүр 10 дахь хувилбар ч байж болох ба түүнд саналаа өгөх хүсэл эрмэлзэлтэй хүмүүст санал өгөх ямар ч боломж өгөхгүй байгаа нь хүний эрх эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг болно.
6. Санал асуулгын өөр сонголтгүй хоёр асуултын аль аль нь ямар түвшинд боловсорсон нь тодорхойгүй байна. Тухайлбал "ОТ болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг” ямар арга замаар шийдэж, ямар үр дүнд хүрэх гэж буй тухай ямар ч мэдээлэл байхгүй. Мөн "зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгийн сахилга батыг батжуулах замаар ханшаа тогтоох”-доо чухам цалин бууруулах, тэтгэвэр, нэмэгдлүүд, хүүхдийн болон олон хүүхэдтэй эхийн мөнгөнөөс хасах юм уу, эсвэл төрийн данхайсан бүтцээ өөрчлөх, сайд дарга нарын тусгай хангамж, тансаглалаас танах юм уу, танахдаа хэдэн хувиар, хэрхэн, ямар арга замаар вэ гэдэг нь огт тодорхойгүй, харанхуй тулгалт хийж байгаа нь мөн хүний эрх, эрх чөлөөг маш бүдүүлгээр зөрчиж байна.
7. Өдрийнхөө хоолыг хүргэж ядан байгаа, өлөн хүүхдүүд нь уйлалдаж байгаа эхээс "Танай тогоотой хоолноос чинь нэг шанагыг авлаа” гэвэл "тэг тэг” гэх хүн бараг үгүй юм. Ард түмний үнэмлэхүй олонхи нь яг ийм байдалтай байгаа. Дээр нь мэдээлэл ч маш хомс. Үүн лугаа адил ЕС Ч.Сайханбилэгийн санал асуулгын хариу нь ямар гарах нь нэн тодорхой. Өөр сонголтгүй юм чинь "Зардал хэрэглээгээ бууруулахгүй” харин "Том төслүүдээ урагшлуул” гэсэн хариу өндөр хувьтай гарна.
8. Ийнхүү судалгаа, танилцуулгагүй бүрхэг асуудлаар, өөр сонголтгүй тулгалтын, хууль зөрчсөн, гарах дүн нь тодорхой санал асуулга явуулж буй нь нэг бол юу хийхээ огтоос мэдэхгүй байгаа хүний мунхаг алхам, эсвэл маш их овтой зальтай хүний башир арга болно. Үүнд гурав дахь гаргалгаа гэж ёстой байхгүй юм.
9. Тэгэхээр манай шинэхэн ЕС маань нэг бол яадгаа алдсан, өөртөө
итгэх итгэл гэж огт үгүй, юу хийхээ шийдэж ядсан мунхаг жулдрай, эсвэл
юу ч хийж мэдэх башир этгээд болж таарч байна. Харамсалтай л юм.
Мунхаг гэвээс мунхаг асуултад хариулах шаардлагагүй. Харин овтой башир
хүн гэвээс тийм хүний башир асуултад бүр ч хариулж болдоггүй учиртай...
Б.Номинчимэд
https://www.facebook.com/nominchimed/posts/886103028076735
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих