Исламын улс бүлэгдэл Японы сэтгүүлч Кенжи Готог хороосон бичлэгийг
цацсанаар дэлхий нийтийг дахин цочирдууллаа. Барьцаанд байсан Японы
иргэний цогцсыг харуулахаас Исламын улс бүлэглэлийн гишүүн, өөрийгөө
"жихад Жон" хэмээн нэрлэсэн багтай эрэгтэй Японы ард түмэнд хандаж англи
хэлээр "лекц уншсан" байна. "Японуудад хүргэх зурвас" нэртэй уг
"лекц"-дээ тэрээр "Абэ, таны хэзээ ч ялахгүй дайнд оролцох болчимгүй
шийдвэрээс болж энэ хутга зөвхөн Кенжиг хөнөөгөөд зогсохгүй, танай ард
түмэн бидэнтэй хаана тааралдана үүнтэй ижил хувь заяа тосох болж байна.
Тэгэхээр одоо Японы хар дарсан зүүдийг эхлүүлцгээе" гэж хэлээд хутгаа
Кенжигийн хоолойд тулгажээ. Ингээд бичлэг түр тасарсны дараа барьцааны
хүний амьгүй биеийг харуулжээ.
Хэдийгээр уг бичлэгийн жинхэнэ эсэхийг батлаагүй байгаа ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "NHK" телевизээр мэдэгдэл хийж, "Бид террористуудын байж боломгүй, аймшигтай үйлдэлд гүнээ харамсч байна. Террористуудад хандаж хэлэхэд, бид тэдний энэ үйлдлийг хэзээ ч, хэзээ ч өршөөхгүй" гэсэн байна. Мөн тэрээр Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцлийн хөлд нэрвэгдэж буй улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэхээ амлажээ. Амиа алдсан сэтгүүлч Готогийн ээж Жүнко Ишидо эмгэнэлт явдлын дараа мөн "NHK" телевизэд ярихдаа "Хүү минь дайнгүй, энхтайван дэлхийг бүтээхэд хувь нэмрээ оруулахын төлөө зүтгэж явсан. Хэлэх ч үг олдохгүй байна" гэсэн байна.
Хари Йорданы нисгэгчийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд 67 секунд үргэлжилсэн хамгийн сүүлийн бичлэгт түүний талаар огт дурдаагүй аж. Өмнө нь Исламын улс бүлэглэлийнхэн Йорданд хоригдож байгаа Иракийн зэвсэгт дайчныг Японы сэтгүүлч Готогоор солихыг шаардаад, шаардлагыг эс биелүүлбэл хамгийн түрүүнд Йорданы нисгэгчийг хорооно гэж сүрдүүлж байсан юм.
Барьцаанд байсан Японы иргэнийг хөнөөсөн бичлэг цацагдсаны дараа Йорданы Засгийн газраас мэдэгдэл хийж, нисгэгчийг аврахын тулд боломжтой бүхнийг хийнэ гэсэн байна. Террористуудын дээрх үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "балмад аллага" гээд, "Бид өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ боло. Японы ард түмэнтэй хамт энэ балмад үйлдлийг буруутгаж бййна. Мөн Ойрхи Дорнод болон дэлхий даяар энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Японы оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг, ялангуяа дайн мөргөлдөөний хөлд үрэгдэж буй гэмгүй иргэдэд тусламжийг гараа сунгаж байгааг нь бид сайшааж байна" гэжээ. Өдгөө 47 настай сэтгүүлч, дайны сурвалжлагч Кенжи Гото нь өнгөрсөн намар отгон охиноо гуравхан долоо хоногтой нялх байхад Японоос явсан бөгөөд нөхрийнхөө барьцаалагдсаныг эхнэр Ринко нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд мэдсэн аж.
Б.НАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих