Украины асуудлаас болж баруунтай түнжин муудаад буй ОХУ-ын эрх баригчид Ази тив, тэр дундаа БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ бодлого, хүчин чармайлт нь ч хэдийнэ үр ашгаа өгч эхэлснийг хамгийн сүүлийн үеийн статистик мэдээ харуулж байна. Юу гэвэл Хятадын импортод эзлэх Оросын газрын тосны хэмжээ өнгөрсөн онд огцом буюу 36 хувиар өссөнийг "The Wall Street Journal" мэдээлжээ. Үүний нөлөөгөөр Саудын Арабаас Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээ найм, Венесуэлийнх нь 11 хувиар буурсан байна. Эндээс дэлхийн газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч Орос, хамгийн том хэрэглэгч Хятадын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, Кремлийн Ази руу чиглэсэн бодлого, хүчин чармайлт бодит үр дүнгээ өгч эхэлсэн нь харагдаж байна.
Хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд олон жилийн турш ахиц дэвшил гараагүй, үнийн тохиролцоо, харилцан итгэлцлийн асуудлаас улбаатайгаар байгалийн хийн худалдааны томоохон гэрээ хэлцлүүд цаасан дээрээ бүдгэрч байсан ч Украины хямрал нөхцөл байдлыг богино хугацаанд эрс өөрчилсөн билээ. Ингээд талууд 2018 оноос эхэлж Оросоос Хятадад жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх нийт 400 тэрбум ам.долларын түүхэн гэрээг энгөрсөн оны тавдугаар сард үзэглэсэн бол оны сүүлчээр дахин хоёр дахь гомоохон гэрээг байгуулах тохиролцоонд хүрсэн билээ. Хэдийгээр үнийн хувьд Хятадын санал болгосонд илүү ойр, өМнө нь ярилцаж байснаас доогуур байхаар тохиролцсон ч дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, хамгийн том импортлогчтой урт хугацаанд хамтран ажиллах болсон нь ОХУ-ын хувьд томоохон ололт болж байгаа юм.
Барууны хориг арга хэмжээнээс болж олон улсын санхүүгийн зах зээлд оролцох боломжгүй болсон ОХУ-ын томоохон компаниудын хувьд ч энэхүү хамтын ажиллагаа томоохон боломжийг олгож байгаа аж. Жишээ нь, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын төрийн өмчит "Роснефть" компани ирээдүйд нийлүүлэх газрын тосныхоо төлбөр болгож Хятадаас чамгүй хэмжээний урьдчилгаа төлбөр, аваад байгаа бол Оросын бусад компани Хятадын компаниудаас хөнгөлөлттэй зээл авч байгаа аж. Хятадын хувьд ч олгож байгаа зээл, тусламжийнхаа хариуд ОХУ-д хэрэгжүүлж буй зарим томоохон төслөөс хувь эзэмших тохиролцоонд хүрээд байгаа юм. Ямартай ч хоёр талын хамтын ажиллагаа хэн хэндээ хэрэгтэй, ашигтай байгааг, Азийг чиглэсэн ОХУ-ын бодлого үр дүнгээ өгч байгааг ажиглагчид онцолж байна.
Өөр нэг сайн мэдээ гэвэл өчигдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дээшилсний нөлөөгөөр рублийн ханш мөн бага зэрэг чангарчээ. Тодруулбал, брэнт маркийн газрын тосны үнэ 2.5 хувиар чангарсны дараа рублийн ханш ам.долларын эсрэг 1.2, еврогийн эсрэг 1.0 хувиар өссөн байна.
Б.НАРАНТУЯА /Үндэсний шуудан/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих