Сүүлийн үед нийслэлд төдийгүй орон нутагт шинэ байр, хотхон маш хурдацтай сүндэрлэх болсон.
Гэвч орон сууц худалдаж авсан иргэд болон барилгын компаниудын дунд олон маргаан гардаг.
Түүний нэг нь худалдан авч буй орон сууц нь гэрээнд заасан ам.метр нь хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол юм.
10 дугаар байрны оршин суугчид ШӨХТГ-т өргөдөл гаргажээ Баянзүрх дүүргийн II хороо, Дарь эхийн гудамжны 10 дугаар байрны оршин суугчид ШӨХТГ-т энэ асуудлаар өргөдөл өгсөн байна.
Өнөөдрийн хувьд иргэн Ц.Сүрэнцэцэгийн барьсан барилгад 36 өрх гомдол гаргасан. Нэг өрх дунджаар 5-9 ам.метрийн зөрүүтэй байгаа.
Энэ өргөдлийн хариуд өчигдөр ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар тэргүүтэй ажилчид оршин суугчидтай уулзлаа.
Ч.Батбаатар: 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан
/ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга/
-Одоогийн байдлаар манай хэлтэст 50 гаруй компанийн 500 орчим хүн өргөдөл гаргасан бөгөөд хохирлын нийт хэмжээ 2.1 тэрбум. Үүнээс 500 сая төгрөгийн хохирлыг иргэдэд буцаан олгосон.
Өнөөдрийн хувьд иргэн Ц.Сүрэнцэцэгийн барьсан барилгад 36 өрх гомдол гаргасан. Нэг өрх дунджаар 5-9 ам.метрийн зөрүүтэй байгаа. Тухайн үедээ ам.метрийг нь 1.3 сая төгрөгөөр үнэлж худалдсан байна.
Эхний ээлжинд бид иргэн Ц.Сүрэнцэцэгт хохирлыг барагдуулах шаардлага өгсөн. Шаардлагын хугацаа болоогүй болохоор 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байгаа. Иргэн Ц.Сүрэнцэцэг энэ баасан гарагт барьсан барилгынхаа бүх айлуудад дахин хэмжилт хийж, ам.метрийн зөрүүг батлахаар болсон.
Дахин хэмжилтийн хариу ирэх лхагва гарагт гарах байх.
Тэр үед иргэн Ц.Сүрэнцэцэгтэй дахин холбогдож дараагийн торгуулийн арга хэмжээг авна.
Иргэн Ц.Сүрэнцэцэг энэ баасан гарагт барьсан барилгынхаа бүх айлуудад дахин хэмжилт хийж, ам.метрийн зөрүүг батлахаар болсон.
Энэ үеэр иргэн Ц.Сүрэнцэцэг хэлэхдээ "Бид дахин хэмжилт хийнэ. Хэрвээ ам.метрийн зөрүүтэй байвал би оршин суугчдын хохирлын 50 хувийг л барагдуулна” гэлээ. Учир нь, тэрбээр барилга бариулахын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан гэнэ. Тиймээс ч өөрөөсөө гарсан зардлаа хасч, тооцон хохирлын 50 хувийг барагдуулна гэв. Харин үүнтэй оршин суугчид санал нийлэхгүй байгаа юм.
Н .Золжаргал:-Анх 39 ам.метр гэж орсон боловч одоо 32 ам.метр байранд байгаа. 2012 оны наймдугаар сард 1.3 сая төгрөгөөр байраа захиалж орсон. Хэрвээ үнэхээр анхнаасаа 32 ам.метр гэж мэдэж байсан бол ядаж хүүхдээ гадаа салхилуулах талбайтай байранд орох байсан. Байрны эзэн болох Ц.Сүрэнцэцэгт хандахаар биднийг дарамталж, нэг нэгээр нь дуудаж уулздаг байсан. Өнөөдрийн хувьд хохирлын 50 хувийг барагдуулна гэж амлалт өгч байгаа болохоос биш өмнө нь энэ тухай хэлж ч байгаагүй. Гэхдээ хэмжилт хийлгэсний дараа зөрүүтэй гарвал 50 хувийг төлнө гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Энэ байрныхан 100 хувь төлбөрөө төлж амьдарч байгаа, тиймээс 100 хувь л төлбөрөө барагдуулахыг шаардана. Бид "байрны ам.метр бага байна, зөрүүтэй байна” гэхэд хоорондоо "сөрсөн базаа” л хийдэг байсан. "Та нар энд байж чадахгүй бол байраа өг, бид 35 сайхан айл бий болголоо. Одоо тэгэхэд байж чадахгүй бол зайл” гэх мэтчилэн хэл амаар доромжилдог. Мөн Ц.Сүрэнцэцэг "СӨХ”-оо өөрөө авчихсан. Тэр СӨХ нь сар бүр 10 мянган төгрөг авна. Авахдаа дундын хуримтлал гээд авдаг. Чухам тэр мөнгөөр юу хийдгийг нь мэдэхгүй. Ер нь энэ байранд амьдарч байгаа хүмүүсийн ихэнх нь банкны зээлээр орсон. Хэрвээ анхнаасаа талбайгаа үнэнээр нь хэлсэн бол банкнаас авах зээлээ ядаж л 10 сая төгрөгөөр багасгаж авах байсан. Тэгээд ч болоогүй талбайгаас шалтгаалж байрны мөнгө төлдөг. Манайх бол 39 ам.метрээр бодож байрны мөнгийг төлдөг. Манай байрныхан өнгөрөгч арванхоёрдугаар сарын 14-нд ШӨХТГ-т хандсан.
"Та нар энд байж чадахгүй бол байраа өг, бид 35 сайхан айл бий болголоо. Одоо тэгэхэд байж чадахгүй бол зайл” гэх мэтчилэн хэл амаар доромжилдог.
Ц.Ганбаатар:-Манайх анх 39 ам.метр гэж захиалж орсон болов ч талбай нь хүрээгүй долоон ам.метр дутсан. Долоон ам.метр гэдэг нь 10 гаруй сая төгрөг гэсэн үг. Саяхан манай байранд шинээр нэг айл нүүж ирсэн. Тэр айл байрныхаа талбайг хэмжиж үзэхэд дутуу байна гэхэд, манай байрныхан ихэнх нь хэмжилт хийлгэсэн. Бүх айл анх захиалсан хэмжээнээсээ бага байсан. Би анхнаасаа 39 ам.метртэй байранд орно гэж бодон энд орсон. Хэрвээ 32 гэдгийг мэдэж байсан бол энэ байранд орохгүй байсан. Одоо нэгэнт ороод ирснээс хойш ядаж зөрүүгээ л авмаар байна.
Шинээр орон сууц худалдан авахдаа захиалга өгөн урьдчилгаа мөнгө төлж олноороо хохирсоор байгаа асуудлууд энэ мэтчилэн олон байгаа.
Тиймээс орон сууц захиалах гэж байгаа барилгын компаниа сайтар судалж байж захиалгаа өгөх хэрэгтэй юм.
Үүнээс гадна байраа худалдаж авахаасаа өмнө, гэрээгээ байгуулж, гарын үсгээ зурахаасаа урьтаж орон сууцныхаа талбайг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэхийг иргэдэд ШӨХТГ-аас анхааруулж байна.
А.Гэрэлцэцэг

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих