Битүүлэх ёсны илт бодтой утга нь саран эрхисийн
арвидах хомсдохоор уг эш болгосон билгийн улирлын сар бүрийн гучнаа
тэнгэрт саран үл үзэгдэх битүү харанхуйг заан хэлсэн хийгээд байгаль
ертөниийн эл үзэгдлээр уламжлан "Лавай" хэмээх өвлийн адаг сарын гучныг
буцаж байгаа буурал жилийн отголох өдөр буюу хуучин оны битүүрэн
хангирсах цаг хэмээн бэлгэдэн сэтгэж, тэрхүү бэлгэдлийг бас зан үйлээр
бататган үдэх ёс заншилтай байжээ. Мөн аливаа сарын битүүнийг монголчууд
хоосон гэдэг ёс байдаг нь нэгэн сарын хугацлыг төгсч "хоосорч" буй
гэсэн санаа болбуу.
Чухам
эндээс "битүүлэг", "битүүлэх ёс", "битүү хоол" идэх зан датхал гарчээ.
"Битүү хоол" гэдэг маань голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг
хэлнэ. Битүү хоол идэх заншил нь удам угсаа, нутаг усаараа ялгаатайг
хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Говь Гурван Сайханы орчим нутгийнхан
битүүний орой бууз жигнэхээсээ илүүтэй, хуушуур хайрахыг чухалчилдаг.
Учир нь шинэ он гарч, Лхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайныг
хиншүү гарган үлдэн хөөж байгаа юм гэнэ. Ийм учраас битүүний орой бол
хангирсан одогч хуучин оноо энх түвшин, ёс намба төгөлдөр үдэж, шилжрэн
ирэгч шинэ жилээ угтан тосох цагийн бэлчир дээр байгаагийн бэлгэдэл утга
мөн. Бүр ойртуулж хэлбэл буцаж буй буурал жилийн отгон өдөр, бууж буй
буянт жилийн ууган өдөр улиран солигдохыг бэлгэшээн өнгөрүүлнэ гэсэн
үг.
Ер нь битүүлэх
ёсны гол бэлгэдлийн утга нь байгаль ертөниийн /саргүй харанхуй битүү
байх/ бодтой үзэгдлээс, иаг улирлын халагдан солигдоход /нэгэн бүтэн
жилийн битүүрэн төгсөх/, түүнээс хүн ардын нэгэн жилийн мөчлөгт үйл
хэргийг үдэн дүгнэж, дараа жилийн шинэ мөчлөгийг угтаж буй /битүү
гаргах, битүү хоол идэх, тоглох наадах/ зан үйлээс бүрдсэн олон давхар
утгатай бөгөөд маргааш гарах билгийн улирлын шинэ жил, хувь сар, шинийн
нэгний цагаалгын ёслолтойгоо зааглан салах хийгээд нэгдэн бүрдэх өвөрмөц
учир жанцантай юм. Үүнд битүүнд идэх хоол идээ нь голдуу битүү, бараан
бор идээ, шинийн нэгэнд нь голдуу цагаан идээ, цагаалга байх ёстой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7855
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих