Бурханы номонд архи хэмээх идээний талаар дурьдахдаа түүний ид шид болоод хараал жатгыг хамтад нь багтан илэрхийлсэн байдаг ажээ.
Бурхны сударт архи уусан хүнийг гаргаж буй зан авираар нь шинжсэн байдаг. "Согтохоороо хэрүүл хийж, жигтэйхэн омогтой болдог хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө асур явжээ. Асур гэж атаач тэмцэлтэй тэнгэр юм. Архи уухаараа жигтэйхэн их зовлонгоор уйлдаг хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө тамд байж байгаад хүн төрөл авсан гэдэг. Зарим хүн архи уухаараа жигтэйхэн дуулж, сайхан ааштай болчихдог. Ийм хүн урьд төрөлдөө хүн байжээ. Согтохоороо ярьж чадахаа больж, хэл нь ээрч муурдаг хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө адгуус байсан гэдэг. Архи уухаараа хөл дээрээ явж чадахгүй болчихдог хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө бэрд байжээ" хэмээн өгүүлжээ.
Мөн уг номлолд бурхан багш "Шүүдрийн дуслын чинээ архи уусан хүн миний шавь биш” гэж айлдсан байдаг. Сарангэрэлт бурхны үед хар зүгийн их номлогч багшийн шавь нар нь бурхныг шүтээд, өөрийг нь хүндлэн дээдлэхгүй болохоор атаа хорсол нь ихэд төрж, бурхныг хараан зүхэж, орой унтахад зүүдэнд нь хар тэнгэр болон ирж, архи хэмээх идээг өгсөн гэдэг. Маргааш босоод багш нь архи гэдэг ундааг нэрж гаргажээ.
Үүнийг хүмүүс буюу шавь нар нь "Ус” хэмээн андуурч ууснаас бузартаж, цөвүүн цаг болоход ус мөрөн шиг элбэг болсон.
Монголчууд архийг есөн шидтэй ундаа гэж ярьдаг.
Нэгдүгээрт: Галзуу зөгийн бал мэт хүч байдаг учир архи уусан хүн дахин уух гэж тэмүүлдэг.
Хоёрдугаарт:Үхсэн хүүрийн мах лугаа адил хүчин байдаг тул уусан хүний бүх эрхтэн гэмтэж, өнгө зүс нь харлан, шүд нь унаж, амьд хүүр лүгээ байдалд шилждэг.
Гуравдугаарт: Галзуу нохойн шүлс мэт хүч байдаг учир архи уунгуут зодолдон уралцаж, цус нөжөө гаргахаас буцдаггүй.
Дөрөвдүгээрт: Галзуу цагаан арслангийн тархи мэт хүч байдаг тул омогтой болж, айж ичихээ больдог.
Тавдугаарт: Галзуу зааны амны хөөс адил хүч байдаг тул хүртсэн хүн улам улангасаж уух гэж дайрдаг.
Зургадугаарт: Шулмасын есөн бүжиглэгчийн чөмөг хэмээх муу хүчин лүгээ адил чадал байдаг тул өөрийн бие хяналтгүй болж, тогтож сууж чадахаа больж, босон харайн дэвхцдэг.
Долдугаарт: Галзуу чонын нүдний цөцгий мэт муу хүч байдаг тул аливаа нэгэн зүйлийг тогтон харж чадахаа больж, нүдний чадавх буурдаг.
Наймдугаарт: Эм мангасын умайн цус мэт хүч байдаг тул архийг хүртэхээр хамт төрсөн тэнгэр нь хүнээс дайждаг.
Есдүгээрт: Сэтгэлд муу хүчин баттай сууснаас бие хяналтгүй болж, гал мэт дүрэлзэн, салхи мэт бужигнуулж, юу ч хийхэд бэлэн байдалд аваачдаг.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих