Дорнод нутгийн зон олон, азай буурлууд, идэр залуус, багачууд хүүхдүүд та бүхэн минь Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, Тором бөхтэй тарган тавтай хаваржиж байна уу?
Монгол түмний билгийн тооллын цагаан сарын баяр бол алтан нараа дэлхий тойрч нас нэмсний баяр, Өвлийг өнтөй давж, урин цагтай золгосны давхар баяр, Үндэстэй бүхэн үржин дэлгэрч, үйлс бүтээл нь өрнөн дээшлэхийн ерөөл билэг хэлэлцэх Энх мэндийн баяр билээ.
Дорнод нутгийн түмэн олон маань аз хийморь, амжилт ололт арвин ихтэйгээр Хонин жилдээ золгож байна. Бидний дундаас, гаргасан амжилт, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат цолтон, төрийн дээд шагналтнууд, Үндэсний болон тив, бүс нутгийн хэмжээний урлаг спортын наадмын шилдгүүд олноор төрөн гарч нутгийнхны бахархал, омогшлыг сэргээж байна.
Ялгуулсан Морин жилд манай нутагт байгаль цаг уурын зохис таатай нөхцөл бүрдэж, малчид маань мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, газар тариалангийн салбарынхан урьд өмнөх жилүүдээс арвин их ургац хураан авлаа. Манай аймагт 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, аймгийн төв болон сумд өнгөө заслаа.
Хонь гэдэг амьтан бол бүлээн халуун хошуутай, өсч үржихийн бэлгэдэл болсон амьтан. 17-р жарны хөхөгчин хонин жилийн босгон дээр Монголчууд 3 саяулаа болж, 3 сая дахь иргэний үе чацуутнууд манай аймагт мэндэлсэн. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Олуулаа бол бид илүү хүчтэй, илүү хурдтай урагшилж чадна.
Буурал жил буцаж, буянтай жил мориллоо. Ургахын улаан нарантай урьтаж золгох хувьтай төрсөн тал нутгийн зон олон минь айл хотлоороо амар мэнд, түвшин сайхан шинэлээрэй!
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих