Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг айлтгадаг уламжлалтай.
Энэ жилийн төрийн золголтод Г.Дашзэвэг, У.Доржпалам, Д.Долгоржав, П.Лувсандорж, С.Хойлог, П.Шагдарсүрэн, М.Дэнсмаа, Д.Доржнамжим, Д.Гаамаа нарын настан буурлууд Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардууллаа. Эдгээр азай буурлуудаас П.Шагдарсүрэн гуай өдгөө 98 насыг зооглож буй бөгөөд Төрийн золголтод оролцож байгаа ахмадуудаас хамгийн өндөр настай юм байна.
Төрийн золголтод оролцсон Завхан аймгийн Яруу сумын харьяат Д.Гаамаа гуай бидэндтэй баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Та сайхан шинэлж байна уу, Шинийн нэгний билэгт сайхан энэ өдөр төрийн өндөрлөгүүдтэйгээ уулзаж золголоо. Таны сэтгэгдэл ямар байна?
- Засаг төрийнхөө гурван өндөрлөгтэй гар барьж ингэж золгоно гэдэг их сайхан байдаг юм байна, ийм боломж ховорхон тохиох байх гэж бодож байна. Их баярлалаа.
Та нас сүүдэр хэд зооглож байна вэ?
-Би одоо 83 настай.
-Та гарч байгаа хонин жилийн өнгийг хэрхэн харж байгаа вэ?
-Их сайхан жил болж байна. Монгол түмний минь цог золбоо энэ жилээс их сайхан болох байх гэж бодож байна. Хүүхдүүд минь бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй.
Төрийн золголтод оролцсон ахмадуудын хамгийн өндөр нь настай нь 98 настай П.Шагдарсүрэн гуай юм. Тэрбээр Монгол түмэндээ гарч буй хоин жилийн ерөөлийг айлдлаа.
П.Шагдарсүрэн: Би Төв аймгийн харьяат хүн, нас сүүдэр одоо 98 хүрч байна. Ингээд гарч байгаа хонин жилдээ манай ард түмэн баяр баясгалантай, ажил үйлс нь дүүрэн, амьдрал ахуй нь дээшилж хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.
Сэтгэгдэл бичих