Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.
Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.
Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.
Цагаан сараар цээрлэх зүйл
• Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
• Усанд явбал нагац нарт нь цөв болно хэмээн,
• Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ хэмээн,
• Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
• Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл, тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй болно хэмээн,
• Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
• Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
• Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
• Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс Цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг улбааг зөрчихийг цээрлэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих