Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсрыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараараа тохойг нь түшин "Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь "Амар мэндээ” гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр "Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь "Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах, дүү, найз, нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно.
Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй. Учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодоггүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна. Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлгэшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтэй сар шинэдээ золгон орлоо гэсэн бэлгэдлээр Цагаан сарын идээний дээжсээс хүн болгонд ул боов, цагаан идээний хамт хүртээдэг байна.
Ер нь монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын бэлэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домгоос гадна зүйр цэцэн үгс, сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь харагддаг. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгосныг 17-аар зуунд Монголд шарын шашин дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь шашинтай хутгалдан цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна...
Хадаг барих ёсон
Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлгэтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.
Хадаг барихад хэлэх үг
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/
Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих