Хань улсын олзлогдсон хан хөвүүн Хүннү гүрэнд гурван жил хонь мал хариулан байхдаа энэхүү баярын тухай ийнхүү өгүүлсэн байдаг. "Тэд /хүннү/ хэдэн өдрийн турш баян хоосон, эр эм, хүүхэд намтан ялгалгүй цөм баясан цэнгэв. Улсын хэмжээнд эс баярлах нэгээхэн бээр ч хүн үгүй. Орой үдэш болоход цуурын эгшиг хөндий даяар дуурсаж төрсөн нутгаа эрхгүй санан нулимс залгин зогсов” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Хүннүгээс Монголын эзэнт гүрнийг хүртэл намрын улиралд Цагаан сарыг тэмдэглэдэг байлаа. Цагаан идээний баяр нэрээр нэршиж он тооллоо то отгодог байсан уламжлал Чингис хаан 1206 онд бүх нүүдэлчдийн бүх овог аймгийг нэгтгэн Монгол улсаа байгуулах үед их хаан цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаснаар өнөөг хүртэл энэ зарлиг эвдэгдсэнгүй. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд үйлдсэн анхны цагаан сарын үеэр Чингис хаан ямар ёслол гүйцэтгэсэн талаар түүхэн эх сурвалжид тодорхой бичжээ. В.Инжинаашийн "Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд "IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн үг хэлсэн байдаг. Үүнээс чинагшхи цагаан сарын баярын тухай Перс, Ром, Хятадын түүхчид тодорхой өгүүлсэн нь бий. 1253 оны үхэр жил кристийн лам Рубрук Уильям Монголд Францын хааны элч төлөөлөгчөөр айлчлах хугацаандаа Монголын цагаан сарыг үзэж таарчээ. Том дуганд Мөнх хаан, хатантайгаа торгоор ороосон алтан суудалд заларч дуганы голд их гэр хэлбэртэйгээр хуйтай торго, дурдангаар бэлэг овоолон бэлдэж тавьсан байх бөгөөд Их хаан босч Мөнх тэнгэрийн шашиндаа сөгдөн магтаал хэлээд ёслолын хаалгаар гарахад хааны хатан үлдэж хурсан олонд хувь, бэлэг хүртээж өгөөд, хундага хундгаар жимс, будаан дарс, хул хулаар айраг аяглан бариулахад, олон ард даган баясч хатанд ая дуугаа өргөсөөр хэдэн ч удаа тойрсны дараа эрдэнийн мөнгөн царан дээр эвдэж чанасан хонины бүхэл юугаа булуу цагаан загасан бүхэлтэй дуустал нь тараан дайлсаар найр хавтгайран орой болж, хатан согтож тэргэндээ залрах үед, баясан цэнгэсэн хурсан олон өгөөмөр хатнаа магтан дуулж, хурайлан үдэж өгөхийг харсан гэрч болжээ.
Нүүдэлчдийн хувьд Цагаан сар хэзээнээсээ төр улс оршин тогтнохуй, ард иргэд цугаар хөл хөсөр, гар амар байхын бэлгэдэл байсаар ирсэн. Манжийн вассал улс байхдаа ч хөндөгдөөгүй уламжлал нь саадаг хоромсог, ирт зэвсгээ хураалган, эмс хүүхнээ эвэр хошуу дэбэл өмсгөсөн үед ч өөрчлөгдөж байгаагүй. Энэ гайхамшгийг Чингис хаан зарлигдсан Монгол түмний тэргүүн цэнгэл Цагаан сар авай хэмээн хүндэтгэснээс улбаатай. Чухам энэ л үед монгол төрийн тогтолцоо бий болсон байдаг. Төрд тусалсан бүхий л хүмүүсийг алагчлалгүй гавьяа шагналд нь дүйцэхүйц урамшил ногдуулахын сацуу үүрэг хариуцлагыг нь ч тодотгосон байх юм. Гадныхны хэлдгээр /орос, хятад/ "бүдүүлгүүд” он цагаа хэрхэн тодорхойлон "Мөнх тэнгэрийн хүчин дор...” хэмээн сүрлэгээр бичиж байсан бол гэх нь үнэхээр сонь татна.
Италийн Венец хотоос гаралтай худалдаачин, дундад зууны алдартай аялагч Марко Поло "Орчлонгийн элдэв сонин” номондоо Монголын их гүрний цагаан сарын баярын тухай дурдсан байдаг. Түүний бичснээр, тэр цагт цагаан сараар монгол хүн бүр цагаан зүсмийн морь унан цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, нэг нэгэндээ цагаан хадаг өргөн алгаа дэлгэн золгох нь "Миний сэтгэлийн өнгө цагаан, надад зэвсэг алга” гэсэн утга илэрхийлдэг байсан гэдгийг энэ завсарт аншлага болгон хүргэе. "Нууц товчоо”,”Хөх судар”-аас дэлгэрэнгүй үзэж болно.
XVII зуунд Монголд бурханы шашин эрчимтэй түгэн дэлгэрч, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодорсноос хойш төр түмний энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх боллоо. Төр засаг нь сүйтгэгдэж Манжийн эрхшээлд орсон монголчууд цагаан сараа арай өөр хэлбэрээр тэмдэглэж эхлэв. Ёс заншил дэг журам хуучны уламжлалаараа ч буддын шашин хүчтэй дэлгэрсэн учир өдрүүдийн бэлэг дэмбэрэл өөрөөр нэршигдэж баяжигдахад хүрсэн. Бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэлх өдрүүдэд үзэл онолын хувьд үнэнийг олоогүй төөрөлдөгсдийн сэтгэл оюуныг нь гэгээрлийн яамын үе шатаар ариусгаж, хувилгаан эрдмийн гайхамшигт суу залиар тэднийг номхотгож, гэгээрлийн үнэ цэнийг таниулсан гэдэг. Шинийн 15 хүртэлх бүхий л өдрүүд түүний үйл хэрэг замналтай шууд холбоотой түүхэн үйл явдлуудын дурсгалтай холбоотой. Гэхдээ л энэ монгол түмэн ертөнцөд данстай цор ганц их баярын утга санааг нэгээхэн бээр ч алдагдуулсангүй.
XX зуун гарч монголчууд большевикуудын атганд орсон ч 1952 оныг хүртэл тэмдэглэсээр ирсэн. Маршал битүүний өдөр мөнх бусыг үзүүлж төрөөс Цагаан сарыг тэмдэглэхээ больсон ч шинэ цаг ирж ардчилсан хувьсгал ялах хүртэл өргөн олноороо тэмдэглэдэг байлаа. Цагаан сар бол монгол түмний их цэнгүүн юм. Цэнгүүн гэдэг нь баяр баясгалын их үйл хэмээн тайлбар толиноо тайлсан нь бий. Төр, ард түмэн, үүх түүх хийгээд ирээдүйн оршин тогтнохуйн баталгаа Цагаан сар минь мөнх орштугай.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих