Бөрдмэн гэх энэ нэр, сүрлэг том шувуун хүний дүрс бүхий зурагт хуудсыг хараад танд өнөөх л Бэтмэн, Супермэний адил өөр нэгэн супер баатар бодогдож магадгүй юм. Гэвч энэ бол цагтаа өндөр ашиг олж, олон түмэнд хүрсэн "Бөрдмэн” кинонд тоглон супер од болсон жүжигчин Ригган Томсон олон жилийн дараа театрт хүчээ сорихоор эргэн ирснээр өөрийн байр суурийг буцааж олж авахаар өөртэйгээ болон бусадтай хийх тэмцлийн тухай өгүүлэх кино юм.
Үхэл амьдралын тухай хурц хурц үйл явдал бүхий "Үхлийн гурвал”-аа(Хараал
идсэн хайр, 21 грам, Вавилон) хийж нэрд гарсан Мексикийн найруулагч
Алехандро Гонсалес Иньярриту "Бьютифул”-аасаа хойш хийх болсон хүний
сэтгэлийн нарийн утсыг хөндсөн, дотогшоо чиглэсэн киноных нь цуваа
ийнхүү Бөрдмэнээр үргэлжилж буй бололтой.
Үл үзэгдэх Шувуун баатрын дуу хоолой бусдад үл сонсогдовч, зөвхөн өөрт
нь л сонстон Ригган Томсонд(Майкл Китон) юу хийх, цаашид яахыг нь зааж
зөвлөн, хараан зүхэж, зовоон тарчлаана. Энэ зөвлөлгөө, тушаал нь өөрийнх
нь бодол санаатай тэрсэлдэн, дотоод болон гадаад зөрчлийг нь улам
хурцатгана. Шизопреник маягийн иймэрхүү өвчин нь эзэндээ хэцүү ч,
магадгүй "ид шидийн хүч” нь зарим тохиолдолд санаанд оромгүй үйлдлийг
хийлгүүлж, аз амжилтыг ч авч ирж болох юм.
Ёжтой нь Майкл Китон ч мөн өөрөө 1989, 1992 онуудад Бэтмэн кинонд тоглож
байжээ. Магадгүй түүний алтер эго нь "Birdman”-ээр илрэлээ олсон болоод
ч тэр үү Китон үнэхээр сайн жүжиглэж одоогийн байдлаар саяхан болж
өнгөрсөн 78 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг”-өөс "Шилдэг эрэгтэй гол
дүрийн шагнал” хүртсэнээс гадна өчигдөрхөн тодорхой болсон 87 удаагийн
Оскарын наадамд "Шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал”-д мөн л нэр дэвшээд
байна.
Өөрийгөө үл ойлгох, өөрийн явж буй зам мөрөө алдах, хаашаа явахаа үл мэдэх байдлыг маш урнаар харуулж чадсан бөгөөд дотоод хямрал, Эгоноосоо болж, өөрөөс чинь илүү гарсан хэн нэгэнд атаархах, үүнээсээ болоод тэнэг үйлдэл ч хийж болно. "Гэвч зарим тохиолдолд зарим нэг жулдрайнуудад ухамсрын шанаа өгөх л хэрэгтэй, үр дүнд нь тэд чамайг хүндэлдэггүй юмаа гэхэд ядаж л эмээнэ… Өөрийг чинь басамжилсан, дорд үзсэн тохиолдолд хэн болохоо харуул!!!” гэсэн Бөрдмэний тушаал нь залуу жүжигчин Майкын хэт амбицтай үйлдэл, жүжгийн нэрт шүүмжлэгч Табита Дикинсонд өгсөн хариу үйлдлээр биелэгдэнэ.
Киноноос мөн та театрын амьдралын тухай багахаан боловч мэдээллийг олж авна. Тайзны ард юу болдог уу? Уран бүтээлч хүн өөрийн бүтээлийг танд хүргэх гэж яаж зовдог уу? Энэ бүхнийг та мэдрэх болно.
Мансуурах донгоосоо арай ядан салж буй охин, салсан эхнэрийн
шаардлага зэрэг гэр бүлийн асуудал Ригганд дайран дээр давс нэмнэ.
Хамгийн гол нь хэн хэнийгээ ойлгож, сөхөрч гундсан үед нь тусалж
дэмжсэнээрээ гэр бүл гэдэг зүйл утгаа олдог болохыг найруулагч мөн
харуулахыг зорьжээ.
Сокуровын нэг л дублээр хийсэн "Оросын эрдэнэс” адил ерөөсөө огт
монтажгүй мэт хийгдсэн киног үзэхэд яаж ингэж хийсэн юм болоо гэх бодол
киноны үйл явдлаас таныг холтгож мэдэх юм. Ингэж хийхийн тулд маш их цаг
зав, хүч хөдөлмөр орсон нь тодорхой ч маш сайн төлөвлөсний үр дүнд
зураг авалтыг ердөө ганцхан сарын дотор багтаан авчээ.
Өнгөрсөн оны Венецийн кино наадмаар
нээлтээ хийснээсээ хойш кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа
Бөрдмэн нь одоогийн байдлаар 43 кино наадамд 125 төрөлд нэр дэвшиж, 98
шагналын эзэн болоод байна. Өчигдөрхөн тодорхой болсон Оскарын наадмын
"Шилдэг кино”, "Шилдэг найруулагчийн ажил”, "Шилдэг эрэгтэй гол дүр”
зэрэг нийт есөн төрөлд нэр дэвшээд байна. Цаашид хэдэн кино наадамд
оролцон хэдэн шагнал авахыг одоо бид харах л үлдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих