Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын харү башёгийн банзүкэг
албан ёсоор зарлалаа. Ирэх сарын 8-нд Японы Осака хотноо эхлэх башёгийн
зүүн жигүүрийг домогт аварга Хакүхо, барууныг сүмогийн 70 дахь аварга
Харүмафүжи манлайлж байна. Харин сар шинийн өмнө гавьяат тамирчин цолоор
энгэрээ мялаасан 71 дэх аварга Какүрюү зүүний дагавар манлайд
эрэмбэлэгджээ.
Озэки цолтнуудыг Кисэносато тэргүүлсэн байна. Өнгөрсөн башёд тааруу амжилт үзүүлсэн зүүний сэкивакэ Ичиножо маэгаширагийн нэгдүгээрт бичигдэх хүртлээ чансаа буурсан. Гэсэн ч түүний оронд өөр нэг монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний сэкивакэ болжээ. Тэрэзр ийнхүү анх удаа сэкивакэ цолтойгоор мэргэжлийн сүмод зодоглох нь.
Үүнээс гадна Тамаваши комүсүби цолонд хүрсэн нь сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байгаа аж. Тэгвэл Токитэнкү барууны найм, Кёкүшюхо зүүний 10, Кёкүтэнхо барууны 11, Араваши 14 дүгээрт эрэмбэтэй болсон байна, Товчхондоо харү башёд Монголын 10 сүмоч макүүчид зодоглоно. Харин жюүрёо зиндааны бөхчүүдийг Кагамио манлайллаа.
Мөн Сэйро, Асасэкирюү, Такаинова, Шотэнрү гэсэн дөрвөн монгол сүмоч жюүрёд барилдах нь. Дээрх нэр бүхий таван сүмочоос дөрөв нь амжилттай барилдвал тавдугаар сарын башёд макүүчид дэвших боломжтой юм. Макүүшитаг Азүмарюү тэргүүлэн барилдаж байгаа бол түүнтэй хамт Сэкигакэ, Гочозан, Дайшохо, Чиёошома нар энэхүү зиндаанд зодоглох юм байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих