-Энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд инфляцийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулахад том хувь нэмэр болно-
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Концессын гэрээгээр 72 бага сургууль, цэцэрлэг бариулахаар талууд гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт сэргэх нь үү гэх итгэл төрүүллээ. Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг уул уурхайн том төслүүдтэй харьцуулах аргагүй ч энэхүү концессын гэрээгээр дамжиж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орж ирэх боломж бүрдэж байна вэ. Концессын гэрээний нөхцлийг тодруулбал?
-Анх удаа нийгмийн салбарт концессын гэрээгээр том төсөл эхлүүлж байна. Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 72 бага сургууль, цэцэрлэг баригдана. Нийт хөрөнгө оруулалт 142 сая ам.доллар гэдэг нь бага мөнгө биш. Энэхүү хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд бэлэн болсон. Эргэн төлөгдөх хугацаа таван жил, тэгэхдээ тухайн барилгыг барьсан компани 20 жилийн хугацаанд үйлчилгээ, туслан гүйцэтгэх ажлыг хариуцна гэсэн онцлог заалттай. Нийгмийн ач холбогдлын хувьд асар чухал концессын гэрээ.
-Эрчим хүч, авто замын салбарт дээрх хэлбэрээр хөрөнгө оруулалт татах уу?
-Энэ жилийн тухайд авто замын салбарт концессын гэрээг хэрэгжүүлэхэд 468.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Эрчим хүчний салбарт Дорноговийн цахилгаан станц, ТЭЦ-5, Дорнодын цахилгаан станц, Чандманы цахилгаан станц, Чойрын дэд станцын өргөтгөл барих, Тэвшийн говийн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхэд эхний шатанд 748 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой. Нийт дүнгээрээ энэ жил концессын эхний шатанд 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх магадлал үүсч байгаа. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд инфляцийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулахад том хувь нэмэр болно.
-УИХ-аас Концессын хуулийг батлаад таван жил болж... Гэтэл энэ хугацаанд долоон гэрээ байгуулагдсанаас нэг төсөл хэрэгжсэн байх юм.
-Анх удаа концессын гэрээг хэрэгжүүлэхэд дадлага туршлага дутна. Хоёрдугаарт, төсөв шүтэж амьдарч байсан дадлаасаа салах гэж удсан болов уу. Ер нь бид өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын дан ганц улсын төсөвт үүрүүлсэнээс олон юмыг алдсан. Олон чанаргүй барилга байгууламж бий болгосон, олон ашиггүй бүтээлүүдийг хийсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо бол өөр. Боловсролын салбарт хэрэгжих концессын гэрээнд "Барих-Шилжүүлэх-Хүлээлгэж өгөх” нөхцлийг сонгосон боловч цаашдаа "Бариад-Ашиглаад- Шилжүүлэх” төрөл рүү шилжүүлнэ. Энэ хэлбэрийг түлхүү дэмжинэ. Хөшигийн хөндий рүү тавих хурдны замыг ийм хэлбэрээр гүйцэтгүүлэхээр ярьж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү 25 км хурдны зам нь өөрийн өртгөө нөхөх бүрэн боломжтой байхаар концессын гэрээг байгуулахаар ажиллаж байна. Энэ бол шинэ зүйл. Цаашдаа эрчим хүчний салбарт "Барьж- Ашиглах” нөхцлийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний дутагдалтай манайх шиг улс цаашдаа хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд нүүрсний уурхайнуудаа дагасан цахилгаан станц байгуулахаас аргагүй. Тийм ч учраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод "Нүүрсний уурхайнуудаа дагасан эрчим хүчний станцыг байгуулах бол бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Хамгийн гол нь бидний анхаарах зүйл бол 1 квт цахилгааны үнийг гэрээн дээрээ яаж тохирох вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Эрчим хүчнийхээ үнийг тогтвортой барих чиглэл рүү хандахаас аргагүй гэж бид үзэж байна.
-Хөшигийн хөндийд баригдах хурдны замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх нь. Өөр ямар замуудыг концессын гэрээгээр бариулах вэ?
-Говь-Алтай, Завхан, Ховд, Баянхонгор аймгуудыг Улаанбаатар хоттой холбох авто замын холболтыг концессын гэрээгээр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ дагуу хэлэлцээр хийгээд дуусч байна. Ирэх долоо /энэ долоо хоногт/ хоногт энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна. Дараа нь хэрэгжүүлэх шат руу явуулна. Концессоор хийгдэх бүх ажил энэ хавар эхлэх ёстой. Ялангуяа замын ажлын бэлтгэлийг ирэх дөрөвдүгээр сараас хангуулах үүднээс энэ гэрээг хийхгүй бол оройтно. Цаг хугацаатай уралдах ёстой шүү дээ бид.
-Концессын гэрээгээр ажил гүйцэтгүүлэхдээ үндэсний компаниудыг туслан гүйцэтгэгчээр оруулах шаардлага гэрээний нөхцөлд тусч байгаа юу?
-Гадаадын компаниуд ажиллах нөхцөлд шууд нөхцөлөө тавьж байгаа. Монголын үндэсний аж ахуйн нэгжүүдийг ажиллуулна, туслан гүйцэтгэгчээр оролцуулна, монгол ажилчдыг ажиллуулна гэдгийг гэрээний нөхцөлд тусгасан. Энэ бол бидний зайлшгүй тусгах нөхцөл шүү дээ. Ер нь концессоор ажил гүйцэтгүүлэхэд, нэг хэсэг нь Монголын компаниудыг санхүүжүүлж ажлаа гүйцэтгүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний компаниуд оролцоод санхүүжилтийг нь хамтраад хийж өгч байна гэсэн үг. Нөгөө нэг тал нь шууд гадны компаниуд хөрөнгө оруулалтаа хийгээд ажлаа гүйцэтгээд санхүүжилтээ хариуцаад хийж байгаа.
-Нэг ажил эхлүүлэх гээд хөрөнгө оруулагч ирэх болдог, гэтэл янз бүрээр саад тотгор тавих юм. Концессын гэрээгээр хийгдэх ажлууд саадгүй явдаг л байгаа даа?
-Одоо аливаа нэг юмнаас айж бэргэж, эргэж буцаж, улстөржихгүйгээр ажлыг явуулах ёстой. Төсөл хэрэгжүүлэх боломжтой компаниудыг урьж авчраад ажил эхлүүлэх нь бидний эрх ашиг. Зөвхөн зам тавих нь, цэцэрлэг барих нь, станц барих нь гэдгээр өнгөцхөн харж болохгүй. Цаана нь хэчнээн хэмжээний бүтээн байгуулалт бий болох вэ, хэчнээн хэмжээний ажлын байр бий болох вэ, хэчнээн хэмжээний түүхий эд, бараа бүтээгдэхүүний эргэлт бий болох вэ гэдгээ заавал тооцож явах ёстой. Эдийн засгийн асар том хөшүүрэг энд байна. Нөгөө талдаа бид өнөөдөр зөвхөн уул уурхайд дулдуйдаж амьдарна гэдэг энэ явцуу бодлоосоо салах хэрэгтэй. Бүтээн байгуулж байж, үйлдвэрлэж байж, бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж байж амьдарна.
-УИХ-аас саяхан Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан. Шинэчлэн баталсан энэхүү хуулийн хүрээнд чөлөөт бүс хөгжих боломж нээгдсэн үү?
-Эдийн засгийн хамгийн зөв хууль батлагдлаа гэж харж байгаа. Өмнө батлагдсан хууль нь захиргааны маш хүчтэй зохицуулалттай байсан. Шинэчлэн баталсан хуульд чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа эрхлэгчид чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх нөхцлийг бий болгосон онцлогтой. Энд хөндлөнгийн ямарваа нэгэн хяналт, дарамт шахалт байхгүй. Хоёрдугаарт, энэ бүсэд ажиллах бүх байгууллагууд импорт, экспортын татвараас чөлөөлөгдөнө.
-100 хувь татвараас чөлөөлөгдөнө гэсэн үг үү?
-Тийм, чөлөөт бүс дэх нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдсэн, худалдаалагдсан бараа бүтээгдэхүүн бүгд татвараас чөлөөлөгдөнө. Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан газрыг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлнө. Чөлөөт бүсэд зөвхөн Чөлөөт бүсийн захиргаа л зохицуулалт хийнэ. Тэнд хөндлөнгийн ямарваа нэгэн бусад хяналтын байгууллагын дарамт байхгүй болсон. Гадаад дотоодын хэн ч хөрөнгө оруулалт хийхэд чөлөөтэй, үйлдвэр худалдаа эрхлэх боломжийг 100 хувь нээснээрээ онцлогтой.
Хоёр дахь онцлог нь, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хугацааг 20-30 жилээр тусгасан. Энэ хугацаанд хүн өөрийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх, тэр олон жилийн хугацаанд зорилттой төлөвлөлтөө хийж явах бололцоог бүрэн нээж өгч байгаа. Үүгээрээ бол илүү ач холбогдолтой болсон.
-Хил дамнасан чөлөөт бүсийг байгуулна гэсэн. Яаж байгуулах вэ?
-Хил дамнасан чөлөөт бүс гэдэг ойлголт бий болгосон. Энэ бол урд, хойд хөрштэйгээ хиллэж байгаа нөхцөлд хоёр талдаа чөлөөтэй нэвтрэх бүсийг нэг болгоё гэдэг санааг оруулж өгсөнөөрөө цоо шинэ үзлийг нээж өгч байгаа юм л даа. ОХУ, БНХАУ хоёулаа ашиг сонирхолоо асар их илэрхийлж байгаа. Энэ чөлөөт бүсийг хоёр хөрштэйгээ хил дамнасан хийсэн байхад ямар ч үйлдвэрлэлийг хамтраад үр ашигтай байгуулах бололцоо бүрэн нээгдэнэ гэж ойлгож болно.
Эхний ээлжинд хоёр хөрш рүүгээ явж хэлэлцээгээ байгуулна. Хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэдэг санал ирж байгаа. Энэ нь хамтарсан ажлын хэсэг байгуулаад хил дамнасан чөлөөт бүсийг ямар хөрөнгө оруулалтаар ямар нөхцөлөөр хийх боломжтой вэ гэдэг асуудлаа судалъя, энэ ажлаа маш хурдан эхлүүлье гэдэг зорилго, хүсэл эрмэлзэл асар өндөр байгаа гэсэн үг л дээ. Гол нь бид маш зөвөөр хамтарч ажиллах нөхцөл, байдлаа тавих ёстой. Тийм учраас энэ ажил руугаа удахгүй орно.
-Алтанбулагийн чөлөөт бүсэд газрууд нэлээд хэмжээгээр зарагдсан нь маргаан дагуулж байсан. Шинэ хуулийн хүрээнд энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Хуучин хууль хүчингүй болсон. Шинэчлэн батлагдсан Чөлөөт бүсийн тухай хууль хүчин төгөлдөр болмогц бүх асуудлыг энэ хуулийн хүрээнд авч үзэхээс аргагүй нөхцөл байдал үүснэ. Тэнд хэн нэгэн дураараа газар зардаг асуудал байхгүй болно, зорилго чиглэлгүйгээр газар олгодог асуудал үгүй болно. Тэнд бүх юм зорилттой хийгдэх нөхцөл бололцоо үүсч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Аж үйлдвэрийн яамнаас удахгүй Чөлөөт бүсийн зохион байгуулалтыг хуулийнх нь дагуу хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа орно. Төлөвлөгөөгөө боловсруулж эхэлж байгаа, ирэх гуравдугаар сардаа багтаагаад бүх чөлөөт бүсийнхээ эрх зүйн орчны дагуу ямар зохион байгуулалтад оруулах вэ гэдэг ажлыг маш шуурхай хийж дуусгана.
-ОХУ руу визгүй зорчдог болсноор Монголын иргэд Алтанбулагаар дамжин гарахад боомт дээр түгжрэл их хэмжээгээр үүсч байна гэх асуудал яригдах болсон. Гадаад хэргийн сайд сар шинийн өмнө Алтанбулагт ажиллаад зохицуулах шаардлагатай асуудлууд нэлээд байна гэсэн. Танай яамны зүгээс зохицуулах ажил бий юу?
-Гаальтай, нэвтрэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор асуудал үүсч байгаа юм билээ, манайтай холбогдох асуудал байхгүй. Харин монгол иргэд Алтанбулагийн бүсээр гарч ямар бараа худалдан авах гээд эрмэлзээд байна вэ, ОХУ-ын иргэд Монголын талаас талаас ямар барааг худалдан авах гээд эрмэлзээд байна вэ, тэр асуудлыг чөлөөт бүс дээрээ яаж авчирч төвлөрүүлэх вэ гэдэг нь бидний асуудал болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл, Улаан-Үд, Эрхүү очоод авах гээд байгаа бараа нь чөлөөт бүсэд орж ирээд татваргүйгээр борлогддог байх нөхцлийг үүсгэх нь Аж үйлдвэрийн яамны үүрэг. Ирэх гуравдугаар сард чөлөөт бүсүүдээр явж үзнэ, газар дээр нь нөхцөл байдалтай танилцана. Болж өгвөл үүсч байгаа асуудлыг газар дээр нь шийдэхийг бодно.
Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих