Египетийн экс ерөнхийлөгч Хосни Мубаракийн биеийн байдал маш муу, бүр
клиник үхэлд орсон гэж барууныхан мэдээлж байна. Египетийн төрийг 30
жил удирдсан тэрээр хоёр жилийн өмнө шоронд хоригдож байхдаа зүрхний
дутагдалд орсон тул Маади хотын цэргийн эмнэлэг рүү нисдэг тэргээр
хүргэгдэж байсан удаатай. Тэр цагаас хойш биеийн байдал нь улам бүр
муудсан бөгөөд клиник үхэлд орсон байна. Харин албаны хүмүүс тодорхой
шалтгааны улмаас үүнийг эрс үгүйсгэж байна. Эдүгээ 87 настай Мубарак нас
барвал Египетийн улс төрийн байдалд хэрхэн нөлөөлөх бол. Иргэд байдал
тогтворжино гэж байхад улстөр судлаачид эсрэг байр суурьтай байгаа
билээ. Цагтаа хамгийн нөлөөтэй удирдагч байсан тэрээр эмнэлэгийн оронд
хэвтсэн хэдий ч дэмжигчдийнх нь тоо буурахгүй байгаа юм.
Хосни Мубарак 1928 оны тавдугаар сарын4-нд Нил мөрний цутгалангийн жижиг тосгонд төржээ. Тэрээр Цэргийн академийг 1949 онд дэслэгч цолтойгоор дүүргэсэн байна. Дараа нь нисэх хүчний академид суралцаж бакалаврын зэрэг авчээ. 1956 оны Суэцийн дайнд нисэх хүчний бүрэлдэхүүнд багтаж тулалджээ. Хосни Мубарак Зөвлөлтийн цэргийн академид суралцсан бөгөөд Йеменийн иргэний дайнд Египетийн цэргийн бүрэлдэхүүнд байлдсан юм. Тэрээр 1972 онд Египетийн нисэх хүчний командлагч.Батлан хамгаалахын орлогч сайдаар томилогдов.
Мөн Израилийн эсрэг дайнд нэг биш удаа оролцжээ. Ерөнхийлөгч Анвар Садат 1975 оны дөревдүгээр сард Хосни Мубаракийг :дэд ерөнхийлөгч болгосон байлаа. Хэдэн жилийн дараа гэхэд тэрээр дахин байгуулагдсан Үндэсний ардчилсан намын дарга, ерөнхий, нарийн бичгийн дарга болсон байв.
Ерөнхийлөгч Анвар Садат 1981 оны аравдугаар сарын 6-нд болсон цэргийн парадын үеэр исламистуудын халдлагад амь үрэгдсэн юм. Түүний дэргэд байсан Мубарак гартаа шарх авсан байв. Харин найман хоногийн дараа Хосни Мубарак Ерөнхийлөгч болжээ. Тэгээд л шууд онц байдлыг улс орондоо тогтоосон байна. Удалгүй авлигатай тэмцэх хэд хэдэн арга хэмжээ авч Садатын хамаатан садан, ойрын хүрээнийхнийг шүүхэд шилжүүлсэн юм.
Мубарак 1987, 1993 болон 1999 онд бүх нийтийн санал асуулгаар олонхийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Мубарак Садатын сөрөг хүчинтэй явуулж байсан бодлогыг эргэн харж шоронгоос тэдний олон хүнийг суллан сөрөг намын үйл ажиллагааг дэмжсэн юм. Гэхдээ исламын хэт даврагч байгууллагынхныг бут ниргэн тэдний олон идэвхтэнийг цаазалсан билээ. Үүний хариуд исламын тэрс үзэлтнүүд Мубаракийг цаазална гэж байв. Түүний амь насанд халдах гэсэн оролдлого зургаан удаа гарчээ. Кувейтыг чөлөөлөх АНУ-ын цэргийн ажиллагааг тэрээр 1991 онд дэмжиж, Арабын бусад орнуудыг дайнд оролцохыг уриалж байлаа. "Цөлийн шуурга" ажиллагаанд тэрээр Египетийн цэргийн нэлээдгүй хүчинг илгээн оролцуулсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа 2005 онд намууд нь өөрсдийн нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авсан билээ.
Үүний дараа болсон 2005 оны есдүгээр сарын 7-ны сонгуульд тэрээр ялалт байгуулсан юм. Олон нийтийн үймээний улмаас тэрээр 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ дэд Ерөнхийлөгч Омар Сулейманд дамжуулсан бөгөөд 11-ний өдрийн орой бүрэн эрхээ цэргийнхэнд шилжүүлсэн билээ. Түүнийг бүх насаар нь хорих шийдвэрийн Шүүхээс гаргасан ч удалгүй хүчингүй болсон. Авлигын хэргээр ял оноосон ч бас л хүчингүй болгосон юм. Барууны хэвлэлд бичиж байгаагаар Мубаракийг үхүүлэх сонирхол улстөрчдөд байхгүй ажээ. Яг л Израйлийн Ерөнхий сайд асан Ариель Шарон шиг үхмэл байдал байлгах нь бараг тодорхой болсон байна.
Н.Энх /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих