Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Т.Мөнхтөр маш сайхан санаачилга гаргажээ. Тэрээр хүүхдийн өвчлөл хоёр зүйлээс шалтгаалж байна гэж үзсэн байна. Нэгдүгээрт, даарах, удаахь нь шүд цооролт. Тиймээс сургуулийн хүүхэд бүрийг өвлийн улиралд ноосон өмд, малгай заавал өмсдөг байх захирамж гаргасан нь амьдралд хэвшжээ. Харин одоо аймгийн төвийнхөө арав гаруй сургуулийн сурагчдын шүдийг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна. Үүний тулд тэрээр аймгийнхаа лаборатори сургуулийг шүдний эмнэлэгтэй болгох гэнэ. Энэхүү эмнэлэгтээ бүх хүүхдийн1 шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй гэрээ байгуулан эмч ажиллуулах бөгөөд ирэх гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Өөрийн нөөц хөрөнгөөс 15 сая төгрөг зарцуулж спирт хөвөн, ломбо зэрэг эмчилгээний материал, Орон нутгийн хөгжлийн сангаас дээрх хэмжээний мөнгө гарган аппаратыг нь авах аж. Ингэснээр хоёр жилийн дотор хүүхдийн шүдний өвчлөлгүй хот болох зорилго тавьжээ. Одоогийн байдлаар нийт хүүхдийнх нь 70-80 хувь нь шүд цоорох өвчтэй байгаа аж. Тиймээс эхний ээлжид хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эмчлүүлэх шаардлагатай эсэхийг нь тогтооно. Бэлэн эмнэлэг байгуулаад өгч байхад хүүхдээ эмчлүүлэхгүй байгаа хэнэггүй ээж, аавд нь бүр шаардах хуудас хүргүүлнэ гэв.
Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөх бүх хүүхдийнхээ шүдийг эрүүл болгоод их, дээд сургууль, цэргийн албанд мордуулах мөрөөдөлтэй. Агуу зүйл энгийн байдгийн жишээ энэ бус уу. Монголын минь ирээдүй болсон үр хүүхдүүд минь эрүүл байх шиг сайхан юм хаа байх вэ. Амьдралд нийцсэн, хөрсөн дээр буух захирамж гаргаж хэрэгжүүлж яваа Т.Мөнхтөр танд баярлалаа. Түүний туршлагыг олон аймаг, дүүрэгт хэрэгжүүлээсэй.
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8109
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих