Хав харанхуй өчүүхэн энэ хорвоо ертөнцийг гүн нөмөрсөн байлаа. Гадаа зэврүүн тэсэмгүй хүйтэн цасаар шуурч, чихний хажуугаар салхиний хүйтэн исгэрээ жихүүдэс хүргэм сонстоно. Дэргэдүүр нь өнгөрөх байшингийн орцны хаалга салхинд саван чихран дуугарах нь бүр ч их жихүүдэс хүргэнэ. Цахилгаан тасарч байрнуудын цонх, гудамж гээд л пад харанхуй сар байтугай одны ч цагаан туяа үл харагдана. Гудамж талбай хов хоосон цасанд дарагдсан хэдэн машин дээгүүр нисэх ганц хоёр гялгар уут л арай ядан харагдана гэхээс ер амьд амьтан алга. Энэ бүхнийг ажин гайхал төрсөөр гэрийн зүг сайхан зүйл бодохыг хичээн алхана. Гэсэн ч ер сайхан зүйл бодогдох сөхөөгүй ар нуруунаас хүйт даагаад явдлыг минь улам түргэсгэнэ. Гартаа барьсан батерей нь бараг дуусах дөхсөн асаагуурны чийдэнгийн тусгалруу нүдээ салгалгүй харсаар түргэн түргэн алхана. Цасан дээр алхах миний хөлийн чимээ... хөлийн чимээ... ахиад нэг хөлийн чимээ... Гайхан зогстол өнөөх чимээ хоёр гурван удаа дуугаран миний ард тулан ирэх шиг болсноо чив чимээгүй болчихлоо... Дотор пал хийгээд л нэг л тавгүй болоод явчих нь тэр. Салхиний исгэрээнд буруу сонссон байх хэмээн тайвшран алхах мөртлөө ахин өнөөх хөлийн чимээ сонстох нь уу? гэсэн шиг цасан дээр аажуухан гишгэлсээр цааш явна. Өнөө хөлийн чимээ сонстохгүй болохоор цээжийг хүчтэй балбаж байсан зүрх сая нэг зөөлөрч чөлөөтэйхэн хөлөө тавин алхсаар даарсан хоёр гараа амныхаа халуун ууранд жоохон дулаацуулах шиг болон халаасандаа хийв. Гэрлүүгээ яарсаар...
Зэрэгцээ хоёр байшингийн дундах нарийн зайгаар дайран гарах гэтэл урд
минь бас дахиад хөлийн чимээ маш хурдан гүйхтэй адил сонстсоор алгуурхан
холдож чимээгүй болов. Одоо л жинхэнэ тархинд цус дүүрэх шиг болж зүрх
билбэгнээд хөл салагнан зогсоно.
-Эр хүн байж арчаагүй юм даа.
Айсан хүнд аргал хөдөлнө гэгч нь болох шивдээ... Зүгээр л төсөөлөл гэж
өөртөө итгүүлэн байшингийн ирмэгээр гартал нэг жоохон охин байшингийн
урд талын сандал дээр газар хүрээгүй хөлөө савчин дуу дуулан сууна...
-Хонхот хүүхэлдэй дуугаа дуулна Хоёр тийшээ найган ганханаа...
Гүээ энэ харанхуй шөнө хар цасан шуурганд даардаггүй юмаа гэхэд
айдаггүй юм байхдаа энэ хүүхэд гэсээр хүүхэдрүү зүглэн алхлаа. Гэнэт
инээд хүрэн сая энэ байшингийн завсар энэ охин л намайг айлгаж дээ
хэмээн охины ард очин:
-Ахын дүү аав ээж чинь яасан юм гэртээ орохгүй юмуу? Ах нь оруулаад өгөх үү
-Гэнэт чимээгүй болсноо...Нээрэн үү ахаа би харанхуй болохлээр
орцруугаа орж чаддаггүй юмаа. Хүмүүс намайг ер тоохгүй зөрөөд яваад өгөх
юм гэж хариулна. Энэ хүмүүсийн мөс чанар ч дэндүү бүр хэтэрхий муудаж
дээ гэж бодон яагаад ч юм сэтгэл нэг л гундуухан болчихлоо. Охинийг гэр
чинь хаана вэ? гэтэл замын эсрэг талын байрны хамгийн эхний орц рүү
заав. Охины гараас хөтөлтөл надад гайхширал төрүүлсэн юм нь түүний гар
цэл хүйтэн байлаа. Гарыг нь авч халаасандаа хийгээд замаар гарахдаа
охиныг ажтал огт даарсан шинжгүй байсан бөгөөд охинлуу харахлээр л
сэтгэл бүр ч гундаад амьдрах ч итгэл үгүй болж буй мэт сэтгэгдэл төрч
байлаа. Сая нэг анзаартал охины хөл нүцгэн байлаа. Би ч год үсрэн хойш
нэг алхтал охин цааш харсан чигтээ зогсчихлоо. Ээрч мууран самуурсан
ухаанаар:
-Ччч чи... чи чинь яагаад хөл нүцгэн байдаг билээ гээд гар
утасныхаа бүдэгхэн гэрлийг гаргаад тусгатал охины цав цагаан хувцас тэр
чигтээ цус нөжтэй хутгалдсан байлаа. Өөрийн эрхгүй охиныг мөрнөөс нь
татан эргүүлэн харуулах гэтэл дийлсэнгүй... Балмагдан яагаад ч юм уур
хүрэн түүнийг эргэн харахыг шаардан орилтол:
-Намайг эргээд
харчихвал чи айна шдээ гэж хэлээд жихүүдэс хүргэм инээсээр эргэн хартал
царайнд нь хурц гэрэл аажуу тодорон тусаад охины царай маш тод харагдав.
Гурван жилийн өмнө машинтайгаа хурд хэтрүүлэн давхиж явтал машин замруу
гэнэт гүйгээд ороод ирсэн манай хажуу зэргэлдээ байранд эхтэйгээ
хоёулханаа амьдардаг Цэнгэл гэгч охины царай... Овоо мөнгө атгуулж шүүх
хурлаар багахан ял авч гарсан юм.
Охины инээх чимээ чихэнд
цуурайтан цементэн дээр толгой минь тасхийн унаж машинд дайруулчихсанаа
ойлгосоор зүүдний ертөнцдөө умбана.
Цэв цэнхэр дэлхийг дээрээс
харан агаарт хөвнө. Цэнгэл гэгч өнөөх охин хөвөн хөвсөөр огторгуйн
гүнлүү ниснэ. Би ч араас нь хөөн ниссээр гүйцэн очоод:
-Цэнгэлээ!!! Ахыгаа уучлаарай... Ах нь хийсэн үйлийнхээ гэмийг одоо л ухаарч байна
-Уучлалт гуйгаад яахав дээ ахаа одоо хоёулаа болсон юм чинь уйдахгүй
боллоо. Энд атаа хорсол хүний мөсгүй хүйтэн чанар шунал гээд л бүгд
хэрэггүй тиймээс тоглоё хоёулаа! гэсээр дулаахан хөөрхөн
инээмсэглэлээрээ надруу харлаа.
С.Мөнхбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих