
Онцгой бүрэн эрх гэдэг маань Ерөнхийлөгчийн уучилж байгаа хүний хэрэг шүүхийн аль шатанд байх, давж заалдсан эсэх нь хамаагүй байдаг аж. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү уучлалтийг хууль ёсны гэж үзэж болох юм байна.
Харин Монголын шүүх худлаа шийдвэр гаргалаа гэж байсан Америкийн тал уучлалт гуйж, ерөнхийлөгч уучилж байна гэдэг нь "Саусговь Сэндс” ХХК-ийн удирдлагууд Монголд 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь батлагдаж буй. Тодруулбал Жастин Кадла нарын хүмүүс татвар төлөхөөс зайлсхийсэн, Монголд 35 тэрбумын хохирол учруулсан нь үнэн гэсэн үг.
Жастин Капла нарын хүмүүс нэгэнт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа юм чинь Монголд учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч тэднийг хохирлоо барагдуулаагүй байхад нь өршөөчихлөө. Нэг үгээр хэлбэл Монголчууд 35 тэрбумаар хохироод үлдэж байна. Тэгэхээр дээрх хохирлыг хэн төлөх вэ. Ерөнхийлөгч үү, Америкийн тал уу? гэсэн асуулт урган гарч ирнэ.
Мөн Ерөнхийлөгч улстөр, эдийн засгийн шалтгаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг өршөөсөний цаана "Шударга ёсны зарчим” яригдах болно. Мэдээж тэднийг өршөөх зарлиг гаргахынхаа өмнө нь яг эдэнтэй адил ял эдэлж байсан гурван хүнийг мөн гурван жилийн ялтай байсан Э.Халиун гэх эмэгтэйд уучлалт үзүүлсэн. Нэг үгээр хэлбэл Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Тэд анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлан өр төлбөрөө бүрэн барагдуулсан, эдлэх ялын хугацааныхаа дийлэнхийг биечлэн эдэлсэн хүмүүс байна. Харин Э.Халиуны хувьд бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй юм. Түүнийг анх удаа хэрэг үйлдсэн, эдлэх ялын хэмжээнийхээ талаас илүүг биечлэн эдэлсэн, өр төлбөргүй, гэм буруугаа бүрэн ухамсарласан тул уучлалд хамруулжээ.
Харин "Саус гоби сэндс” ХХК-ийн удирдлагуудад ямар шалтгаанаар уучлалт үзүүлж буйгаа Ерөнхийлөгч албан ёсоор тайлбарлаагүй. Тайлбарласан тайлбарлаагүй шалтгаан нөхцөл нь олон нийтэд ойлгомжтой юм.
Ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээлж буйгаар бол "Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ.
Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ” гэжээ.
Эцэст нь хэлэхэд Өчигдөр Ерөнхийлөгчөөр уучлуулсан Монгол Улсын иргэд Жастин Капла нарт насан туршдаа талархаж явах хэрэгтэй биз. Хэрвээ тэд шүүхээс ял сонсоогүй бол та нар уучлуулаа ч уу үгүй ч үү...
Н.Чинзориг /HUNNU.MN/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8148
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих