Энэ долоо хоног үйл явдлаар дүүрэн долоо хоног болон өнгөрч байна. Хамгийн аймшигтай бөгөөд харамсалтай нь дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг байв. "Ээжээ би тантай амьдармаар байна” гэж төрсөн ээжээсээ гуйсан ч төрсөн эцэг, хойд эх нь гэрлүүгээ авч явсанаар бяцхан охин биедээ баймгүй тэр их зовлон шаналал зодуурыг амсан мөнх бусыг үзлээ.
Олон нийтийг цочролд оруулсан энэхүү хэрэгт талийгаач охины төрсөн эцэг, хойд эх хоёрыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, бусдын амь насыг хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин охиныг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн юм. Мөн гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдсан бяцхан охины араас өнөөдөр ард түмэн гэрэлт зул өргөнө. Зул өргөх ёслол Чингисийн талбайд 18.00 цагаас болох юм.
Юутай ч урьдчилсан дүгнэлтээр охин зодуулсаны улмаас амиа алдсан нь нотлогдоод байна. Харин охиныг хүчирхийлж байгаагүй нь тогтоогдсон юм. Түүнчлэн охины эцэг ШШҮХ-нд шинжээч хийдэг байсан учраас энэхүү хэрэгт ажиллаж буй шинжээчид баталгаа гаргаж өгснөөр энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм. Шинжээчид ашиг сонирхлын хуулийн дагуу, "Охины эцэгтэй харилцаа холбоогүй. Хуулийн дагуу ажиллана. Хэрвээ ямар нэгэн асуудал гарван хуулийн дагуу эрүүгийн хэрэг хүлээхэд бэлэн” гэсэн гарын үсэг зурсанаар ажиллаж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин саатуулахыг завдав
Битүүний өдөр эх орондоо ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас дахин саатуулахыг завдав. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригт Н.Энхбаярыг намынхаа байранд байхад АТГ-ын байцаагч Н.Эрдэнэсайхан, Н.Ганбаяр нар зарлан дуудах хуудас өгч, гарын үсэг зуруулахыг оролдсон гэж МАХН-аас мэдээлсэн юм. Гэвч чухам ямар хэрэгт ямар учраас тайлбар мэдүүлэг авах гэж байгаагаа тайлбарлаагүй гэдэг. Мөн өчигдөр 13.00 цагаас АТГ-аас Н.Энхбаярыг байцаалт өгөхийг шаардсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгч нь хөдөө яваа гэх шалтгаанаар очоогүй байна. Н.Энхбаяр өмнө нь авлига, албан тушаалын хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон ч нэг жилийн ялыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснээр суллагдсан юм. Харин тэрбээр суллагдсан цагаасаа хойш БНСУ-д эмчилгээ хийлгэсээр байгаа билээ.
Ерөнхийлөгчийн уучлал
Энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татаж, олны эгдүүцлийг хүргэсэн үйл явдал нь МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн "Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарт уучлал үзүүлсэн хэрэг байв. Монголын Улсын Сангийн яаманд 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр ял сонссон тэд Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Харин Ерөнхийлөгч тэдэнд уучлал үзүүлснээр тэд эрх чөлөөт иргэн болов. Мэдээж Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрийг иргэд улс эх орныхоо төлөө зөв шийдвэр гаргасан гэж үзэх хэсэг байхад монголын хуулийг уландаа гишгэлээ гэж үзэх хэсэг байлаа.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу. Монголдоо би хайртай” хэмээн тайлбар хийсэн юм.
Гэхдээ Жастин Капла нар зөвхөн ялаас чөлөөлөгдсөн. Тэд Сангийн яаманд учруулсан хохирлоо төлж барагдуулна.
"Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурь "аав”-ынд очив
Энэ долоо хоног төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд "халтай” долоо хоног болон өнгөрлөө. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завдсан бол "Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг АТГ-ын саналаар шүүх захирамж гаргаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулав.
Түүнийг "Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байгаа юм. Г.Дэнзэн нь эхнэрийнхээ "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгагдаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад Я.Батсуурийг хорих шаардлагатай гэж үзэн ийнхүү цагдан хорьсон байна. Мөн энэхүү хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч холбогдуулан шалгах шаардлага гарч эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл АТГ-ын албаны эх сурвалж Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгээгүй гэж энэхүү мэдээллийг үгүйсгэлээ.
Б.Анир

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих