Монголд дайн байлдаан болоогүй, цөмийн зэвсэг дэлбэрээгүй, байгалийн гамшиг тохиолдоогүй байна. Гэвч монгол хүүхдүүд уйлж байна. Уйлах шалтгаан нь өдөр бүр нэмэгдсээр л...
Зөвхөн томчуудын зугаанаас үүдэн хүүхдүүд бэртэж байна. Учир нь нийслэл, аймаг, сум бүрт хурдан морины хаврын уралдаанууд эхэлжээ. Хэний морьд түрүүлж өнгөлсөн, хэний хүү бэлтэй баяныг гайхан шагширч суух энэ хэдэн өдөрт 37 хүүхэд мориноос унаж бэртсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 22-нд Баруун-Уртад зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морьдын уралдааны үеэр 24 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийнх нь тархи доргиж, цээж нь битүү гэмтсэн гэсэн оноштойгоор аймгийнхаа эмнэлэгт хэвтжээ. Харин Орхон аймагт болсон хурдан морины сунгааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж, нэг нь чөмөгнийхөө ясыг хугалсан гэх. Мөн өнгөрсөн амралтын өдөр болсон "Дүнжингаравын их хурд” наадамд 11 хүүхэд мориноос унаснаас нэг нь хүнд бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Гэтэл Монгол орон даяар хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 116 морины уралдаан болно гэсэн тов гарчээ. Дөнгөж эхлээд 30 гаруй хүүхэд гэмтчихээд байхад хаврын уралдаан ийнхүү үргэлжилбэл хэдэн хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох бол гэхээс айдас төрнө.
Сүүлийн арваад жилийн хугацаанд өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас эрсдээгүй өнжсөн жил бараг байсангүй. Унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалахыг сануулсаар, шаардсаар байтал өнөөдрийг хүртэл өвлийн хүйтэнд бүсийн уралдаан зохион байгуулагдсаар, хүүхдүүд эрүүл мэнд, амь насаар хохирсоор байна.
Тиймээс Хоёрдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг баталсны дараа Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өвлийн морин уралдааны товыг хойшлуулахыг хүссэн зөвлөмж хүргүүлсэн байна.
Зөвлөмжид өвөл, хавар цагийн уралдаанд хүүхдээр хурдан морь унуулах нь амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул учруулах эрсдэлтэй байдаг. Энэ цаг үед зам харгуй хөлдүү, цас мөс, шавар шавхайтай учраас хүүхэд мориноос унах эрсдэл өндөр бөгөөд хүйтний улирал учраас хүүхдүүд гар хөл, хацар, нүүрээ хөлдөөх явдал байнга гардаг. Тиймээс Монгол Улсын төр НҮБ-ын өмнө хүүхдийн эрхийг хамгаалахаар хүлээсэн үүргээ биелүүлж хурдан морины бүсийн уралдааны товлосон хугацаагаа өөрчилж, зуны улиралд буюу зургадугаар сард зохион байгуулахыг хүсчээ.
Гэтэл хариуд нь Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй албан бичигт Засгийн газар хурдан морины бүсийн уралдааны товыг батлахдаа Монголын морин спорт уяачдын холбооны бэлтгэл ажлыг сайн хангасан гэж үзсэн. Цаашид хүүхэд багачуудын эрхийг хамгаалах тал дээр ММСУХ-нд тавих шаардлага, хяналтаа өндөржүүлж, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Үндэсний баяр наадмын тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлтүүдийг хийж Засгийн газар өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэжээ.
Одоо хэдэн хүүхдийн аминд хүрч байж хуулиа өөрчлөх шаардлагатай гэж үзэх вэ Шадар сайдаа. Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч хамгааллын хувцас өмсгөж, эцэг эх нь зөвшөөрлийн бичиг үйлдэж, даатгалд хамруулж байгаа ч энэ нь хүүхэд унахгүй, бэртэхгүй гэсэн баталгаа биш. Уралдааны явцад адгуус мал ямар зан гаргаж, хүүхдэд ямар эрсдэл гарахыг хэн ч тааж мэдэх боломжгүй. Тиймээс томчууд өөрсдийгөө баясгаж ид хаваа гайхуулахын тулд өвөл хаврын уралдаанаа л больчих хэрэгтэй байгаа юм. Үүний тулд төр засгийн шийдвэр хэрэгтэй байна.
Нэгэнт Засгийн газар унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахааргүй бэлтгэл хангасан гэж үзээд товыг тогтоосон юм бол яагаад ийм олноороо бэртэж гэмтэв. Зохион байгуулагчид болон тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга нар уралдааны замыг өөрсдийн биеэр шалгаж гуу жалга, цас мөсийг тооцож үзэх ёстой. Энэ нь Засгийн газрын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж байгаа Засаг дарга нар хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадаагүйн тод жишээ.
Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй. Юмтай хүн юугаараа ч тоглосон болно. Харин хүний хүүхдээр, хүүхдийн эрүүл мэнд амь насаар тоглож болохгүй. Моринд дургүй монгол хүн байхгүй ч үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насаар тоглож суудгаа больцгооё эрхмүүдээ. Хүүхдийн нулимсанд хязгаар бий.
Байр суурь
Ё.Лхагвасүрэн: 580 ХҮҮХЭД УРАЛДААНД ОРОЛЦСОНООС ДОЛООН ХҮҮХЭД БЭРТСЭН
С.УЯНГА
ЦЕГ-ын газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс бүсийн уралдааны талаар тодруулсан юм.
-Дүнжингарав хурдан морины уралдааны явцад хүүхэд мориноос унаж бэртсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар?
-Хоёрдугаар сарын 28-нд буюу өнгөрсөн бямба гаригт болсон Дүнжингарав хурдан морины уралдаанд цагдаагийн албан хаагчид хамгаалалтын үйл ажиллагаа хийсэн. Уралдааны явцад долоон хүүхэд мориноосоо унаж бэртсэн, гурван хүүхэд төөрсөн. Мориноосоо унаж бэртсэн хүүхдүүдийг тухайн үед нь эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Харин төөрсөн гурван хүүхдийг өдөрт нь олж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
-Хүнд гэмтсэн хүүхэд байгаа юу. Нийт хэдэн хүүхэд хурдан морь унасан бэ?
-Дүнжингарав уралдаанд дөрвөн насны ангилалд 580 хүүхэд уралдаанд оролцсон. Бэртсэн хүүхдүүд эмнэлгийн тусламж авсан. Одоогийн байдлаар хүүхэд хүнд, ноцтой гэмтсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна.
С.Байгальмаа: НЭГ ХҮҮХЭД ЦЭЭЖИНДЭЭ ЗӨӨЛӨН ЭДИЙН ГЭМТЭЛ АВСАН
"Дүнжингарав-2015” хурдан морины уралдаанд хяналт тавих ажлын хэсгийн ахлагч Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын Гэр бүл хүүхэд хамгааллын газрын дарга С.Байгальмаагаас тодрууллаа.
-Долоон хүүхэд мориноос унаж бэртсэн мэдээлэл байна. Хүнд гэмтсэн хүүхэд байгаа юу?
-Хүүхэд хамгаалах байгууллагаас ажлын хэсэг байгуулж хяналт тавьж ажилласан. Азарга, соёолон, их насны ангилалд долоо биш 11 хүүхэд мориноос унаж, бэртсэн. Мөн нэг хүүхэд цээжиндээ зөөлөн эдийн гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн. Бусад 10 хүүхэд нь ямар нэгэн гэмтэл аваагүй болохыг эмч нар хэлсэн.
-Өвөл морь уралдуулснаас болж хүүхдүүд хохирсоор байна. Хүүхэд хамгаалах байгууллагаас хэрхэн хяналт тавьж байна?
-Манай байгууллагын зүгээс Дүнжингарав уралдааныг хойшлуулаад, хориод дийлээгүй. Харин шаардлага, хяналт тавьж ажилласан. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Морин спорт уяачдын холбооноос ч гэсэн ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа.
Х.Монголхатан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих