Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд "АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг Сонгинохайрхан дүүргийн АН-ыг өнгөрөгч 2012 оны орон нутгийн сонгуулиар удирдан орохдоо сонгуулийн үр дүнг улс төрийн гол өрсөлдөгч хүчин болох МАН-тай хэрхэн урьдчилан тохиролцсныг” дэлгэлээ.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ, ЗДТГ-ын удирдах 34 албан тушаалаар наймаалцсан баримт бүхий "Маш нууц” гэрээг хийснийг илчлэв.
5 зүйл, 20 заалт бүхий энэхүү гэрээнд ноцтой заалтууд оруулжээ. Тухайлбал, гуравдугаар зүйлийн талуудын эрх үүргийг зохицуулсан хэсэгт "ИТХ дүүргийн засаг дарга, ЗДТГ, дэргэдэх хэлтэс, албадын удирдах бүрэлдэхүүний албан тушаалын томилгоог хоёр тал харилцан тохирч хавсралтаар батлана” гэжээ.
Мөн "энэхүү гэрээг байгуулснаас хойш Сонгинохайрхан дүүргийн МАН, АН харилцан эсрэг улс төрийн акцыг зохион байгуулахгүй” зааж оруулсан байна.
Бас нэг хачирхалтай заалт нь "Хамтран ажиллах гэрээний хүрээнд тохирч томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй” гэж тусгайлан онцолсон байна.
34 албан тушаалыг хэрхэн хувааж авахаа ч гэрээнд тусган оруулжээ.
Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн П.Ариунболд "Л.Эрхэмбаяр тэргүүтнүүд "Маш нууц” гэх энэхүү гэрээг байгуулснаараа иргэдийн сонгох, сонгогдох эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл боллоо. Ийм гэрээ хийснийг өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн АН-аас сонгогдсон төлөөлөгч төдийгүй намын хорооны гишүүд бид мэдээгүй. Энэ нь Л.Эрхэмбаяр АН болон мянга мянган жирийн гишүүдээ хэрхэн дорд үзэж, дур зоргоороо аашилдгийн илрэл. Уг нь ийм гэрээ б айгуулахаар болбол дүүргийн АН-ын хороо болон удирдах түвшинд хэлэлцэж ярилцах ёстой. Гэтэл ийм зүйл яригдаагүйгээс харахад дур мэдэн хийж, эрх мэдэлдээ дулгуйдан дүүргийн иргэдийн сонгох, сонгохдох эрхэд бүдүүлгээр халдсан ноцтой үйлдэл.Дүүргийн МАН, АН харилцан эсрэг улстөрийн акц явуулахгүй, тохирч томилсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй гэсэн заалтаас харахад хууль зөрчсөн зүйлийг ч хараагүй, үзээгүй юм шиг нууж хааж өнгөрөөх, өөгшүүлэх, ханцуй дотроо асуудлыг наймаалцах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьжээ гэж дүгнэж болохоор байна. Бас ажилтнуудынхаа аль нэг талаас дэвшсэн төлөөлөгч, гишүүдийн нийгмийн асуудлыг шийднэ гэж тохирсон байгаа юм. Энэ хугацаанд яаж шийдэж вэ гэдгийг судлаад үзэхээр Баярсайхан, Цэрэндорж зэрэг хүмүүст 50 орчи сая төгрөгийн туслалцааг нь олгосон байна. Дүүргийн засаг даргын орлогч Ганаад бас 50 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ талаар дүүргийн холбогдох албан тушаалтнуудаас тодруулж болно”гэлээ.
Л.Эрхэмбаяр нь өнгөрсөн 10 жилд Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллах хугацаанд нийт шат шатны 8 удаагийн сонгуульд багаа удирдан орсон ч нэг ч удаа ялалт байгуулж байгаагүй аж. Өөрөө ч орон нутаг, УИх-ын сонгуульд нийт 4 удаа дэвшсэн ч бас л амжилтанд хүрээгүй. Бас Сонгинохайрхан дүүргийн АН-ыг талцуулж, хагаралдуулж өнөөдрийн байдалд хүргэсэн. Ийм хүнээр өнөөдөр төв АН Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх өндөр ёс зүйтэй ур чадвар шаардсан хариуцлагатай албанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаад тус дүүргийн намын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.
www.times.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих