Дорнод аймгийн Матад сумын Үндэсний сурын холбоо улсад шалгарчээ. Тус холбоо байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн
онд болсон сумынхаа 90 жилийн ойгоор Үндэсний сурын тэмцээнийг
амжилттай зохион байгуулж чадсан юм. Ойн үеэр насанд хүрэгчдийн дунд
эрэгтэй, эмэгтэй халх сурын харваа явуулж нийт 34 харваач цэц мэргэнээ
сорьсоноос тэдний 12 нь Спортын мастер цолтон оролцсон юм. Халх сурын
харваанд эхний 5 байр эзлүүлж, нийтдээ 14,6 сая төгрөгөөр байлсан нь
урьд хожид суманд төдийгүй аймагт, магадгүй улсад ч сонсогдоогүй өндөр
бай шагнал юм.
Матад сумын Үндэсний сурын холбооны тэргүүн
Ц.Пүрэвдорж саяхан Улаанбаатар хот орж Монгол Улсын Сурын холбооны
Ерөнхийлөгчөөс шагналаа гардаад иржээ. Тэрээр:
-Манай холбоо
шинэ залуу холбоо ч улсад шалгарсан гол үзүүлэлт нь бай шагналын
хэмжээ өндөр байсанд болов уу. Өнгөрсөн жил бид сумынхаа ойгоор Сурын
харвааг урьд хожид хаана ч байгаагүй өндрөөр байлсан. Бай шагналд сумын
төсвөөс ганц ч төгрөг зарцуулаагүй, аж ахуйн нэгж, компани, хувь
хүмүүс ивээн тэтгэж шагналын сангаа бүрдүүлсэн. Сур гэхлээр буриад сумд
толгойлдог. Халх суманд сурын харвааг хөгжүүлэх үйлсэд улам их амжилт
олохыг хүсч, бидэнд улам ихийг бүтээх урам зориг өгсөн, итгэл
хүлээлгэсэн шагнал гэж ойлгож байгаа гэв.
Матад сум багийн
өдөрлөгийн үеэр Халх сурын харвааг тогтмол зохиох болжээ. Ингэснээр
өсвөр үеийг үндэсний сураар хичээллэх, нум сум харвах арга барилд
сургаж байна. Энэ үйлсэд Монгол Улсын Гоц мэргэн Д.Бор-Охин, аймгийн Да
лам, Матад сумын уугуул, залуу харваач Д.Амгаланбат нар үнэтэй хувь
нэмэр оруулж байна.
Дорнод аймаг сурын өлгий нутаг. Тус аймгийн
Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн
Үндэсний сураар улсдаа анх удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол
хүртжээ. Эднийхэн гурван үеэрээ харваач гэдгийг Монголын ард түмэн
мэднэ.
Б.ТУЯА /МОНЦАМЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих