Хоёр, гурван жилийн турш тэрсэлдэж байсан хоёр холбоо мөн л саяхны
ээлжит бус чуулганаараа нэгдэж чадсангүй. Иймд Монголын сагсан бөмбөгийн
холбооны ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа Б.Тамиртай шинэ алба,
цаашдын зорилго, түүнчлэн ямар байр суурьтай байгаа талаар уулзаж
ярилцлаа.
-Саяхан танай холбоо ээлжит бус чуулганаа хийлээ. Үүгээр ямар
шийдэлд хүрэв. Нөгөө талаар та сагсан бөмбөгийн спортыг сайн мэдэх хүний
нэг учраас ажлаа юунаас эхэлье гэж бодож байна вэ?
-Манай холбооны үйл ажиллагаа зогсоогүй, хэвийн л явагдаж байгаа. Харин
үүнд ганцхан шалтгаан байдаг юм. Энэ нь Спортын төв ордны удирдлагууд
манайд заал өгдөггүй учраас бид лигийн тэмцээнээ зохион байгуулж
чадахгүйд хүрээд байгаа. Албан бичиг явуулаад мэддэг хүмүүст нь хэлэхэд
танай холбоо таалагдахгүй байна, цаг байхгүй л гэсэн тайлбар өгдөг.
Спорт бэлтгэлийн төвийн дарга Н.Наранбаатартай манай нарийн бичгийн
дарга Оргил хэд хэдэн удаа уулзахад манай нарийн бичиг, заал зохион
байгуулагчтай уулз гэдэг. Нөгөөдүүл нь мөн л цаг байхгүй уучлаарай гэсэн
хариу өгсөөр өнөөдрийг хүрлээ. Арга ядахдаа Ц.Оюунгэрэл сайдаар хүртэл
яриулж үзсэн.
Сайд Наранбаатар аа, чи яагаад заал өгдөггүй юм бэ. Холбоодод эрх тэгш
байдлаар үйлчил гэхэд за гэсэн хэрнээ очоод уулзахаар заал зохион
байгуулагчтай уулз гэдэг. Гэтэл тэр хүмүүс нь сайд миний ажлыг мэддэг юм
уу гэсэн хариулт өгдөг. Эндээс ард түмэнд Монголын сагсан бөмбөгийн
холбоо үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэсэн ойлголтыг өгч байгаа
юм.
Үнэн чанартаа бид дээд лигээс бусад уралдаан тэмцээнээ боломжийнхоо
хэрээр Биеийн тамир, спортын хороо, Монголын оюутны холбоотой хамтран
гэрээ хийж, Сурагчдын лиг, Оюутны лигээ шат дараалан зохион байгуулаад
явж байна. Тиймээс би ажлаа Спортын бэлтгэлийн төвд яаж цагаа авч орох
вэ гэдгээс л эхэлж байна. Бусад бүх зүйл хэвийн, нарийн бичгийн даргын
үүрэг гүйцэтгэгч Оргил маань буцаад ажлаа авлаа.
-Тэгвэл ээлжит бус чуулганыг эхнээсээ шударга бус болсон гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар?
-Тийм зүйл огт болоогүй. Нэгд, энэ бол Монголын сагсан бөмбөгийн
холбооны хурал. Хоёрт, нээлтэй болгоё гэдэг үүднээс манай хуучин
ерөнхийлөгч Ганхуяг санал тавиад үндэсний сагсан бөмбөгийн холбооны
нарийн бичгийн дарга Оргил, ерөнхийлөгч одоогийн УИХ-ын гишүүн Ганхуяг
хоёрыг оролцуулъя гэхэд манай холбооны удирдлах зөвлөлийнхөн тэд яагаад
манай холбооны хуралд оролцох ёстой юм гээд татгалзсан.
Манай ерөнхийлөгч Ганхуяг ч гэсэн Ганхуягт энэ хурлыг улстөржүүлж
болохгүй, энэ бол спорт. Бид мэргэжлийн хүмүүс учраас спортоо авч явъя
гэдэг асуудлыг хэд хэдэн удаа тавьсан. Тэгээд бид ерөнхийлөгчийнхөө
саналыг хүндэтгээд нээлттэй болгоё гэдэг үүднээс тэдний талынхныг
оруулсан байгаа.
Ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга Тулгад нь урилга өгсөн. Дээр нь
холбоогоо төлөөлж тамирчдаа оролцуул гэж урилга хүргүүлсэн. Бидний
зүгээс хоёр, гурван жилийн маргааныг нэг тийш нь шийдэж, аль алинынхаа
санал бодлыг сонсъё гэдэг үүднээс хурлаа нээлттэй явуулсан гэж бодож
байгаа. Унасан бүхэнд шалтаг мунддаггүй гэдэг үг хамгийн үнэн юм даа.
-Монголын сагсан бөмбөгийн холбооны цаашдын зорилго юу вэ?
-Бодож төлөвлөсөн зүйл их бий. Энэ бүгдийг яривал дуусахгүй. Гурван
сарын өмнөөс Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Аланыг урьж
авчраад байгаа. Энэ хүнтэй хамтраад цаашдаа. Монголын сагсан бөмбөгийн
спортыг ямар түвшинд авч явах вэ гэдгийг ярилцаж байна.
Монголын нөхцөлд сагсан бөмбөгийг яаж хөгжүүлж болохов гэдэг
судалгаагаа гаргаад цаашдын бодлого, сайн багшийн гараас сайн шавь
төрнө, энэ бол Монголын залгамж халаа, спортын ирээдүй, сайн тамирчид
гарч ирж байж дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргах ёстой, бас яаж илүү
амжилт үзүүлэхэв гэдгийг гол зорилго болгочихсон байгаа.
Өнөөдөр Монголын лигт олон сайн тамирчид тоглож байна. Гэтэл тэд
тоглоод дууслаа гэхэд хоёр, гурван жилийн дараа хэн тоглох юм, зөвхөн
бид хот хөдөөгөөс шалгарч гарч ирсэн хүүхдүүдийг хүлээх үү. Энэ бол биш.
Өнөөдрийг хүртэл сагсан бөмбөгийн холбоо ийм л зарчмаар явж ирсэн. Бүр
доороос нь бэлтгэх хэрэгтэй.
Магадгүй нэг, хоёр жил Монголын тамирчид олон улсын тавцанд, Азийн
хэмжээнд амжилт үзүүлэх талаараа сонирхогчдын хэмжээнд харахад тийм сайн
амжилт гаргахгүй байж болно.
Гэтэл гурав, дөрвөн жилийн дараа зөв техник, зөв сургалтаар явж ирсэн
хүүхдүүд нас биенд хүрээд өөр тоглолтын ур чадвар, түвшинг харуулах юм.
Тэгэж байж бид Азийн орнуудтай эн зэрэгцэх хэмжээнд очно. Тийм л учраас
Аланыг урьж авчирсан юм.
-Та тамирчин байхдаа ямар амжилт үзүүлж байв?
-Би сагсан бөмбөгийн спортоор 1987 оноос эхлэн хичээллэсэн. 1989 оноос
улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож өсвөрийн улсын аварга
шалгаруулах тэмцээнд гурван удаа, залуучуудын улсын аварга шалгаруулах
тэмцээнд таван удаа түрүүлж байлаа. Тэгээд л 1994 онд лигт ороод
тасралтгүй 11 жил тоглосон. Энэ хугацаанд дэлхийн аварга цолыг таван
удаа, дэд байрыг гурван удаа хүртэж байлаа.
-Холбооны цаашдын зорилго юу вэ?
-Тамирчдын спорт заал, эд материалын дутагдал, цалин хөлс энэ бүгдийг
өөрийн биеэр туулсны хувьд энэ тал дээр хамгийн түрүүнд анхаарал тавина
гэж бодож байгаа. Дээр нь бэлтгэлийн заалаас гадна шим тэжээлтэй хоол
витамин, цалин мөнгө гээд аль болох дутагдаад байгаа зүйлийг урьд
урьдынхаас илүү гүйцээж өгөх юмсан гэсэн зорилго тавьчихсан байгаа.
-Санхүүгээ хаанаас, хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Манай санхүү хэцүү шүү дээ. Миний бие Монголын санхүүгийн холбооны ес
дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон. Өмнөх найман ерөнхийлөгч ололт, амжилттай
сагсан бөмбөгчдөө дэмжин ажиллаж ирснийг үгүйсгэхгүй. Гэхдээ аль ч
ерөнхийлөгч нь ажлаа хүлээлгэж өгөхөд Монголын сагсан бөмбөгийн холбооны
данс тэг, эсвэл өртэй үлдэж байсан.
Тэд УИХ-ын гишүүд буюу Засгийн газрын гишүүд байсан. Харин анх удаа
сагсан бөмбөгийн мэргэжлийн хүн холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгогдож
байгаад манай хүмүүс их олзуурхан хүлээж авч байгаа. Би өөрөө ч баяртай
байгаа. Яагаад гэвэл бид тамирчдынхаа зовлонг маш сайн мэднэ.
Манай удирдах зөвлөлд орсон 15 хүн дээр нь нөөцөнд зургаан хүний нэр
батлагдаж байна. Энэ бүгдээсээ холбооныхоо санхүүгийн эх үүсвэрийг
бүрдүүлэх зорилгоор гишүүдээсээ доод тал нь 10 сая төграгийн татвар
авахаар хурлаараа тохиролцсон. Эндээс наад зах нь 150 сая төгрөг босч
ирнэ.
Эндээсээ дотооддоо болох тэмцээн, заалны хөлсийг төлнө. Дээр нь
өөрсдийгөө санхүүжүүлэх, энэ мөнгө үрэгдээд дуусвал цаашдаа яахав гэсэн
асуулт гарч ирнэ. Тиймээс бидэнд цаашдаа бодож төлөвлөсөн зүйл нэлээд
бий. Мөн тамирчид гадаадын тэмцээнд явахад хоол унд, цалин хөлс,
материаллаг баазаар яаж хангахав гэдгийг ч мөн төлөвлөсөн байгаа.
Гэхдээ ярилцлагын далимд хэлэхэд бид манай холбоо ийм тэмцээн зохион
байгуулах гэж байгаа гэж ярихаар нөгөө өрсөлдөгч Монголын үндэсний
сагсан бөмбөгийн холбоо бид ийм ажил хийх гэж байгаа гэж дайрдаг. Ингэж
бидний санаачилсан ажлыг үгүйсгэдэг. Тэд бол ярьж чаддаг болохоос биш
Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлогч биш.
Монголын сагсан бөмбөгийн лиг угаасаа явагдаж ирсэн. Харин үүнийг
зогсоож уналтанд хүргэсэн нь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны
нарийн бичгийн дарга Тулгатай холбоотой. Тулга, Наранбаатар хоёр үй
зайгүй найзууд. Магадгүй дээр нь Эрдэнээ гишүүн нөлөөлдөг байх. Бидэнд
заал өгөхгүй болохоор лигийн тэмцээнээ яаж явуулах юм бэ.
Гэтэл Тулга өнөөдөр зогссон байсан лигийг нь бид үргэлжлүүлээд ийм
сайхан зүйл болгочихлоо гэж огт худлаа зүйл ярьдаг. Үүнийг Монголын үе
үеийн сагсчид, сагсан бөмбөг сонирхогчид мэднэ. 1994 оноос тасралтгүй
амжилттай зохион байгуулж ирсэн лигийн тэмцээнийг зөвхөн заалаар боож
байна.
Хотын төвд Спортын ордондоо тэмцээнээ явуулахгүй юм бол Нисэх ордонд
хэн очиж үзэх юм бэ. Үзэгчид байтугай тамирчид ч очиход хэцүү. Гэтэл
өнөөдөр манай холбоо лигийн тэмцээн зохион байгуулж байна гэж ичихгүй
яриад байгаа юм. Яахав Тулгыг сагсан бембөгийн хөгжилд хувь нэмрээ
оруулж байгааг нь үгүйсгэхгүй.
-Та аль багаас сагсан бөмбөгийн гараагаа эхэлж байв?
-Монгол Улсад лиг гэж байгуулагдахад би "Хөх тэнгэр" багт тоглож
эхэлсэн. Хамгийн сүүлд "Хараагийн харцага" багт дөрвөн жил тоглоод
больсон доо.
-Таныхаар манай сагсан бөмбөгийн хөгжил ямар түвшинд явна гэж боддог вэ?
-Нэг үеэ бодвол хөгжиж байгаа хэдий ч бүр хөгжөөд сүйд болчихсон зүйл
байхгүй. Өнөөдөр гадаадын хэдэн тамирчид л ирж байна. Тиймээс хөгжлийг
гадаадын хэдэн тамирчид ирснээр хэмжиж болохгүй. Гадны тамирчдаас
суралцаж тоглолтын ур чадвараа нэмэгдүүлж байгаа. Иймд миний хувьд
Монголын сагсан бөмбөгийн хөгжил дунд зэргийн түвшинд яваа гэж дүгнэх
байна. Энэ дашрамд С.Эрдэнэ гишүүнийг сагсан бөмбөгтөө сэттэл гаргаж
бололцоо боломжоороо бид бүгдийг дэмжиж ажиллаасай гэж хүсч байна.
Д.Нэргүй
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих