Бага гарын буюу доод лигийн Сарандаваа авгай насанд хүрсэн ээж аав
нарыг цуглуулж мухар сүсэгтүүлж нэг ёсондоо бөөндөж эхэллээ. Мөнгөгүй
хүмүүсийг мөнгөтэй болгоно гэнэ дээ. Хөөрхий яагаад энэ хүмүүсийг
мөнгөгүй болгочихов. Хэн авах ёстой очих ёстой эрдэнийн хувийг нь
өгсөнгүй вэ? Мэдээж дээд хэмжээнд мухар сүсэгтдэг улстөрчид
Сарандаваагаас долоон дор шүү дээ.
Их гарын буюу дээд лигийн мухар сүсэгтэнүүд бол улстөрчид мөн.
Сонгуулийн үеэр мухар сүсэгийг дээд хэмжээнд хүргэдэг жишээ олон
бий.Төрийн ордны галчаас авахуулаад лам сайд хүртэл бий шүү дээ. УИХ-д
пастороос авахуулаад ууланд гарч чулуу шороонд ард түмнээ даатгадаг
улстөрчид хүртэл олон доо. Бүгд л мухар сүсгийг дээд цэгтээ хүртэл
хөөрөгдөж өөрсдөө мухар сүсгийн золиос болсон хүмүүс дээ.
Тэд хэн дээр очдог болдоо? Мэдээж тэд бөөндүүлэхгүй ганцаараа онцгой
нөхцөлтэйгээр өндөр үнэтэйгээр худлаагаа хамгаалуулах гэж академич мухар
сүсэгтэнүүд дээр очиж байгаа даа. Улстөрчид хулгай хийж худлаа ярьж
бялдуучилж наймаалцаж тэндэрдэж лицэнцдэж цол шагнал авч худлаагийн дээд
хэмжээнд тоглож түүнийгээ дарж нууж дарах гэж мухар сүсэгтдэг шүү дээ.
Тэд 10 мянган төгрөгний биш 10 мянган доллар төлдөг мухар сүсэгтэнгүүд.
Сүхбаатарын талбайн лицэнзийг Сүхбаатараас аваад Чингис хаандаа
өгчихсөн. Хотын төвийн газар хойно их л үнэтэй газардаа. Хөшөөнүүд
зодолдуулаад л. Одоо лицэнзийг авчихсан хөшөөний талбай дээр Майдар
бурхан буюу Майдар хүүхний хөшөөг барих төслийг танилцуулаад жижигхэн
байшин барьчихсан. Чингис, Сүхбаатар, Майдар гурав нэг дор зэрэгцээд л.
Мөн ч зугаатай хэрэг байна даа.
Улстөрчид гэждээ тэднийг юу гэж нэрлэх үг ч олдохгүй. Тэдний зарим
өөрсдийгөө бүр доктор цолтой гэж намтардаа бичүүлдэг гэсэн. Хэдийд хаана
ямар сэдэвээр яаж байгаад доктор болчихсон тухай ямар ч мэдээлэл алга.
Өөрөө өөртөө л болсон бололтой. Юм бүрийг л чадахгүй байж би авна гэж
дайрцгаахыг харахад хүүхэд шиг. Сайдууд дотор мухар сүсэгтэн олон бий.
Эрүүл мэндийн дэд сайд бүр лам шүү дээ. Төр шашиныг хослуулсан зайтай л
эр бололтой.
Христийн пастор парламентийн гишүүн бас бий. Тэнгэрийн эзний лист дээр
нэрээ бичүүлээд л боллоо. Сараз майор гэдэг шиг гудамжинд алхаж яваад л
сараз их хурлын гишүүн. Гончигдорж гэж өөрийгөө тод илэрхийлдэг
нуудаггүй мухар сүсэгтэн байна. Гал түлээд л сүйд болж байгаа зураг
интернэтээр дүүрэн байна билээ. Хайран математикийн мэдлэг. Эсвэл худлаа
доктор юм болов уу. Магад ч үгүй. Дээрээ суудлаа олохгүй бол доор хөлөө
олохгүй гэх биш харин доор суудлаа олчихоод байхад дээр хөлөө олохгүй
байх жишээтэй.
Сарандаваа мөнгө сайн хийснийхээ дараа мэдээж Батотгон авгайтай адил
академи байгуулаад төрөөс дэмжлэг аваад төсөл биелүүлээд хандив
өргүүлээд томроод явчихна биздээ. Аж үйлдвэрээс авахуулаад эд баялаг
хүртэл 20 жилийн турш далдуур хулгайлж баяжсан нөхөдийн хажууд зарлаж
байгаад зурагтаар сурталчлуулж байгаад баяжих бас л нэг өндөр хэмжээнд
Монгол хүнийг доромжлох юм даа. Баялгаа алдсан одоо толгойгоо алдана.
Академи гэснээс энд ярихад хамгийн эмгэнэлтэй юу вэ гэхээр төр, шинжлэх
ухааны академи, их дээд сургуулийн профессорууд гэх мэт мэдлэг
боловсролтой байх ёстой сэхээтэний эрдэмүүдийг эзэмшсэн байх ёстой
хүмүүс бас мухар сүсэгтэй шүү дээ. Тэдний ажлын өрөөнд ороход бүх
шашнуудыг холиод хаячихсан дүрснүүдийг өрчихсөн байхыг яана. Өөөрийнхөө
гэртээ бол юугаа овоолно вэ түүний дурын хэрэг гэтэл төрийн байгууллага
дотор мухар сүсэг тараах гэдэг гэмт хэрэг бус уу. Ерөөсөө төр өөрөө гэмт
хэрэг хийж буй бус уу. Ухаалаг төр ярихын оронд ухааны хөгжлийн
бэрхшээлтэй төр ярих бус уу.
Яагаад Монгол хүн ийм болчихвоо. Ерөөсөө өнгөрсөн түүхэнд нэг их ч
мэдлэг боловсролтой явсан бишдээ. Арслантайж Түвдийн шашинд урвасан
цагаас л ийм болчихвуу. Сэлэм зүүсэн баатар эр 7 настай нусгай баньдаас
адис авч Соронзон Гомбын 33 дугаар гүнжийн амнаас дарс уугаад ийм
болчихвуу. Түвдүүд чаджээ. Ёстой Америкуудын хэлдэгээр "Yes, we can”
болсон бололтой.
Яагаад Монголын нэр төртэй элит эсвэл эрхэм гээд буй хүмүүс эрдэмгүй юм
бэ? Англиар виртуэ гэсэн энэ үгийг Монгол хэлэнд ч бас Турк хэлэнд ч яг
адилхан "эрдэм” гэдэг. Бага байхад бидэнд эрдэм их заадаг байж дээ.
Эрдэм олон төрөл. Анхаарал халамж, тууштай, хичээл зүтгэлтэй, өрөвч
энэрэнгүй, даруухан, талархадаг, хүлцэл өчдөг, сахилга бат, үнэнч
шударга, шийдэмгий, цэвэрч, нямбай, арвилан хэмнэдэг, үрэлгэн биш,
гэмшдэг, зоригтой, өөрийгөө зориулдаг, эелдэг, нөхөрсөг, нээлттэй,
нийтэч, хүнлэг, бууж өгөх чадвартай, дэг журамтай, тусч, цагийг зөв
ашигладаг, хоцордоггүй, хэтрүүлдэггүй, таарч тохируулдаг, ажил хэрэгч,
биеэ даасан, бусдад саад болдоггүй, бусдыг ашигладаггүй, хэлсэн үгэндээ
үнэнч, эв хамтач, найрсаг, хэнээс ч хамааралгүй, хайр дурлалыг хүлээн
зөвшөөрдөг, сэтгэл гаргах чадвартай, хариуцлагатай, ухамсартай, итгэж
болохоор, мэргэн цэцэн, бусдад сайн нөлөөтэй, үлгэр жишээ гэх мэт.
Улстөрчидөд зориулж бараг л сонгуулийн өмнө зориуд хийсэн мэт "100
эрхэм” нэртэй нэвтрүүлгээр гарч буй хүмүүс бол яаж мөнгөтэй болох вэ биш
яаж мөнгөө үрэх вэ гэсэн тусгай лигийн мухар сүсэгтэнгүүд гэдгийг
бүгдээрээ харсан биздээ. 100 эрхэм нэвтрүүлэгт хүний ураманд танин
мэдэхүйн тухай, ёс суртахууны тухай, ардчилалын онолын тухай, гоо зүйн
болон гоо сайханы тухай ганц ном бичсэн мэдлэг боловсролтой хүмүүс
оролцсонгүй. Тэнд улс орон ард түмнийхээ өнөөгийн байдалын тухай ярихгүй
өөрсдийгөө сурталчилах шивдээ.
100 эрхэм дандаа л өөрийгөө магтсан би л мундаг би л айхтар гэсэн нэг
их айхтар хүмүүс байна билээ. Хүүхэд насаа яриад л авгай хүүхдээ
гайхуулаад л яасан ч гэнэн томоогүй хөнгөн шингэн хүмүүс вэ дээ. Даацтай
үг яриатай асуудал гарган тавьсан шүүмжтэй оюуны өндөр түвшинд ёстой л
нэг боловсролоор ханасан "Дээд хүн” байсангүй дээ. Ихэнхдээ л бас л нэг
мухар сүсгийн төлөөлөгч нар байлаа. Эмгэнэлтэй байгаа биз. Монголчуудын
дээд хэсэг л гэж 100 эрхэмүүдийг сонгосон юм байлгүй дээ. Дээд хэсэг ч
гэждээ ёстой загас толгойноосоо өмхийрдөг гэдгийн л баталгаа болж буйгаа
тэд мэддэг болов уу?
Сэхээтэнгүй орон гэдэг ийм л худлаа мухар сүсгээр дүүрдэг байхнээ. Бүр
хүлээн зөвшөөрөгдсөн 100 эрхэм мухар сүсэгтэнгүүд би азтай, би төрөхийн
ийм мундаг, би угаасаа ийм баян, би хүүхэд байхдаа л баатар байсан гэж
ард түмнээ зурагтын бүхий л сувгаар зогсоо зайгүй мухар сүсэгтүүлээд л.
100 эрхэм ард түмнийг урам зориггүй амьдралын ямар ч идэвхигүй болгож
зүгээр л ингээд сууж бай ингээд боллоо хангалттай биднийг зурагтаар
хараад л биднийг сонсоод л биднийг шүтээд л явцгаа гэж улайм цайм
мунхруулна. Яасан хаширдаггүй ард түмэн бэ дээ.
Эрдэмгүй хүн л өөртөө итгэлгүй, эрдэмгүй хүн л улс орноосоо хулгай
хийнэ, эрдэмгүй хүн л улстөрч болж хурдан баяжих гэж хөлөө хугалах шахан
гүйнэ. Эрдэмгүй хүмүүс л цол шагнал горьдож бөгс долооцгооно.
Ээж аавууд зааланд цугларан мухар сүсэгтэж, улстөрчид ордонд гал түлж
мухар сүсэгтэж, 100 эрхэм өөрсдийгөө магтан зурагтаар мухар сүсэгтэж, их
дээд сургуулиуд Түвд хэл зааж мухар сүсэгтэж байхад залуу үе хаана явна
вэ? Залуу үеийг хэн мухар сүсэгт шинээр сургана вэ? Үүргэвч үүрсэн хоёр
залуугаас эхлээд бүхэл бүтэн мухар сүсгийн байгууллагууд шашин нэрийн
дор хэдийний ажлаа амжиллтай явуулсаар.
Төр ямар ч ажил хийсэнгүй. Яагаад гэвэл гал түлээд завгүй байгаа хойно
доо. Гадны мухар сүсгийн байгууллагын залуус эхлээд өөрсдөө гадуур явдаг
байсан даа. Одоо бүр боловсронгуй болж хоёр Монгол эмэгтэй эсвэл хоёр
Монгол хөвгүүд байруудаар хэсэж Монгол охидыг сүм хийд рүүгээ аваачих
гэж ятгаж байгааг харахад Монгол Монголынхоо дайсан болжээ.
Өнөөдөр залуу үе хэний хаанахын ямар сүм дотор сэтгэлээ алдаж мэдрэмжээ
боймлуулж дэндүү тэнэг дэндүү бүдүүлэг дэндүү хүн чанаргүй сүм
хийдүүдэд хэн ч биш болчихсон сууцгаана вэ. Монголын залуу үеийг
худалдаж авах зорилготой гадны шашин нэртэй байгууллагууд ялангуяа
охидуудыг авах гэж ирцгээсэн. Тэд Америкийн, Өмнөд Солонгосын,
Энэтхэгийн хөгшин эрчүүдэд шашин нэрийн дор мухар сүсэглүүлж Монгол
охидыг худалдах байгууллагууд шүү дээ. Олон охид хэрхэн хохирсон
тухайгаа ил далд мэдээлэх л байлгүй.
Америкийн сайэнтолож, Өмнөд Солонгосын Муун, Энэтхэгийн Ошо гээд
чимээгүй ирэх дайсанууд Монголын залуу үеийг хэмлэсээр л. Гадаадынхныг
хэн өөгшүүлж тэдэнд зөвшөөрөл өгч газраа худалдаж сүм хийдүүдийг хамгийн
төв газар хамгийн олны хөдөлгөөнтэй газар бариулав? Монголын залуу
үеийг хэн гэдэг хүмүүс гадныхантай нийлж хөгшин өвгөнүүдэд худалдана вэ?
Улстөричдөөс авахуулаад 100 эрхэм хүртэл бүгдээрээ Монголчууд
Монголчуудынхаа эсрэг зориуд мухар сүсэг тарааж байна уу эсвэл тэд
өөрсдийнхөө юу ч мэдэхгүй хоосон гэдгээ мэдэхгүйдээ хийгээд байна уу?
Хэрвээ зориуд бол тэд гэмт хэрэгтэн. Шүүх хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүйдээ
хийгээд байгаа бол тэднийг мэдлэг боловсролд сургаж залуугаас нь эхлээд
сургуульд явуулж соёл боловсролтой болгох хэрэгтэй.
Багш хүний хувьд зөвлөхөд сумо Давгадорж Япон орон луу буцаж их дээд
сургуульд сурч номын дуу сонсож юм үзэж нүд тайлах хэрэгтэй харагддаг.
Энэ их мөнгө төгрөг цол шагнал магтаал хөөрөгдөл хүнийг ална гэхээс
аврахгүй. Мэдлэгээс суралцаж бас эрдэм эзэмших хэрэгтэй шүү дүү минь.
Ар Монголд 100 эрхэм биш 100 эрдэмтэй хүмүүс үгүйлэгдэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих